Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1996 › Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1996-03-22, Улаанбаатар96-n-08

1 дугаар зүйл.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт малын эмч, мал зүйч гэснийг улсын байцаагч гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт суманд гэснийг сум, дүүрэгт гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

2.

Шүүгч болон улсын байцаагч дараахь зөрчил гаргасан этгээдэд дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/

цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малын бүртгэл хөтлөөгүй, бүртгэгдсэн малыг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн тухайгаа зохих шатны мал үржлийн албанд мэдэгдээгүй иргэн, албан тушаалтныг 10000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 80000 хүртэл төгрөгөөр торгох

2/

мал эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгээгүй, баталгаажуулаагүй хээлтүүлэгчийг нийлүүлэгт оруулсан, цөм, торгон сүрэгт мал үржлийн албаны зөвшөөрөлгүй өөр чиглэлийн хээлтүүлэгч ашиглан удам угсааг доройтуулсан, хээлтүүлгийн нас гүйцээгүй малыг зориуд нийлүүлэгт оруулсан, бэлчээрийн маллагаатай бог малыг жилд дахин төллүүлсэн иргэн, албан тушаалтныг 20000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000 хүртэл төгрөгөөр торгох

3/

мал эмнэлэг, үржлийн албадаас явуулж байгаа арга хэмжээнд мал сүргээ тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулаагүй, мал, амьтны өвчнийг эмчлэх, мал төллүүлэх, хээлтүүлэх ажилд баримтлах дүрэм, зааврыг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 1000-20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-80000 төгрөгөөр торгох

4/

шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан, мал, амьтны эм, бэлдмэл, өвчин үүсгэгчийн омог, үржлийн мал, малын үр, үр хөврөлийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэлд ашигласан иргэн, албан тушаалтныг 10000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000 хүртэл төгрөгөөр торгох

5/

ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байр орчинд мал, амьтныг нядалсан, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэсэн, боловсруулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол гарсан үр дагавар, хохирлын хэмжээг харгалзан иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох

6/

халдвар тараах өвчтэй малыг үржилд ашигласан иргэн, албан тушаалтныг 5000-50000 , аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох

7/

мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тухай мал эмнэлгийн алба буюу баг, хорооны удирдлагад энэ хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, мал, амьтан, хүнд халдварлах өвчтэй нь мал эмнэлгийн албаны шинжилгээгээр тогтоогдсон мал, амьтныг зохих зааврын дагуу нядлаагүй, устгаагүй бол гарсан үр дагавар, хохирлын хэмжээг харгалзан иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000 хүртэл төгрөгөөр торгох

8/

хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000 хүртэл төгрөгөөр торгох

9/

мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн албаны шинжилгээ, зөвшөөрөлгүй нийтийн хэрэгцээнд бэлтгэсэн, нийлүүлсэн, хүлээн авсан, хүний эрүүл мэндэд хор учруулах мал, амьтны өвчин тараах нь тогтоогдсон түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг ариутгаагүй, халдваргүйжүүлээгүй худалдсан, эдгээр зүйлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэн, албан тушаалтныг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 - 200000 төгрөгөөр торгох

10/

мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг тухайн болон өөрийн орны мал эмнэлгийн албаны гэрчилгээгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэй мал, амьтан, гэмтэж муудсан түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг хилээр нэвтрүүлэхийг завдсан буюу нэвтрүүлсэн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 20000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

3 дугаар зүйл.

Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.