Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1997 › Татвар Ногдуулалт, Төлөлтөд Хяналт Тавих, Татвар Хураах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татвар Ногдуулалт, Төлөлтөд Хяналт Тавих, Татвар Хураах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татвар Ногдуулалт, Төлөлтөд Хяналт Тавих, Татвар Хураах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-04-17, Улаанбаатар97-N-28

1 дугаар зүйл.

Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 5 дугаар бүлгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Тавдугаар бүлэгТатварын улсын байцаагчийн акт
28 дугаар зүйл.Татварын улсын байцаагчийн акт бичих үндэслэл
1.

Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр акт бичнэ. Акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

2.

Татварын улсын байцаагчийн акт нь түүнийг татвар төлөгчид танилцуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Татварын улсын байцаагч татвар төлөгчид актыг танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ.

3.

Татварын улсын байцаагч актыг 3 хувь үйлдэж, 1 хувийг татвар төлөгчид өгч, 2 дахь хувийг хяналт, шалгалтын бичиг баримтад, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.

29 дугаар зүйл.Татварын улсын байцаагчийн актын биелэлтийг хангах
1.

Татварын алба, татварын улсын байцаагчийн эрх, үүргийн хүрээнд биелэгдэхгүй байгаа актын талаар татварын улсын байцаагч хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана.

2.

Татварын улсын байцаагчийн актын биелэлтэд уг байцаагчийн харъяалах хэлтэс, тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч болон тухайн татварын албаны дарга хяналт тавина.

30 дугаар зүйл.Татварын улсын байцаагчийн актыг өөрчлөх, хүчингүй болгох Татварын улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж үзвэл тухайн татварын албаны даргын тушаалаар уг актыг өөрчлөх буюу хүчингүй болгоно.

2 дугаар зүйл.
Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуульд дор дурдсан агуулгатай 37, 38, 39 дүгээр зүйлийг тус тус нэмсүгэй:1/

37 дугаар зүйл:

37 дугаар зүйл.

Эд хөрөнгө битүүмжлэх Татварын алба, байцаагч татвар төлөгчийн эд хөрөнгө, мөнгө, баримт, бүртгэл, байр, агуулах /цаашид “эд хөрөнгө” гэх/-ыг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно:

1/

татварын шалгалт, тооллого, үзлэг явуулахтай холбогдуулан эдгээр ажиллагааг хийж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэлх хугацаанд

2/

эд хөрөнгийг нуух, бусдад шилжүүлж болзошгүй тухай мэдээлэл байгаа бол түүнийг магадлан шалгаж дуусах хүртэлх хугацаанд

3/

Татварын Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын а,б,в,г,е-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах үед баримт, бүртгэл, хуурамч буюу хүчингүй гэрээ, хэлцэл, мөнгө, эд хөрөнгийг хамгаалах шаардлагатай бол нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлэх хүртэлх хугацаанд.

2/

38 дугаар зүйл:

38 дугаар зүйл.Эд хөрөнгө битүүмжлэх журам
1.

Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тооллого, үзлэг, шалгалт хийхээр томилогдсон болон шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж байгаа татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.

2.

Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахад татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.

3.

Эд хөрөнгийг битүүмжилсэн тухай татварын улсын байцаагч акт, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдгийг тусгана. Актад эд хөрөнгийг битүүмжилсэн үндэслэл, хугацааг заана.

4.

Эд хөрөнгийг битүүмжлэхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хөндлөнгийн гэрч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны бүх үйл явцыг нотлох үүрэг хүлээх бөгөөд уг ажиллагаанд түүнийг оролцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурна.

5.

Битүүмжилсэн эд хөрөнгийг лацдах буюу ломбодож эзэмшигчид нь хариуцуулан өгнө.

6.

Эзэмшигч нь түүнд хариуцуулан өгсөн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөх, битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, бусдад худалдах, шилжүүлэхгүй байх үүрэгтэй. Эзэмшигч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагын талаар татварын улсын байцаагч түүнд тайлбарлаж, энэ тухай тэмдэглэлд тусган эзэмшигчээр гарын үсэг зуруулна.

3/

39 дүгээр зүйл:

39 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх үйл ажиллагааг түр зогсоох
1.

Татварын ногдлыг тодорхойлох хяналт шалгалтын явцад хууль тогтоомж ноцтой зөрчсөн нь тогтоогдвол татвар төлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх үйл ажиллагааг татварын алба уг зөрчил болон түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилган шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр зогсоож болно.

2.

Татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч энэ хуулийн 37,38 дугаар зүйл, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо татварын албаны удирдах дээд байгууллага, шүүхэд гаргаж болно.

3 дугаар зүйл.

Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн "Улсын татварын алба, газар" гэснийг "Үндэсний татварын алба, газар" гэж; "татварын байцаагч" гэснийг "татварын улсын байцаагч" гэж; энэ хуулийн 37 дугаар зүйлийн дугаарыг 40 гэж; 38 дугаар зүйлийн дугаарыг 41 гэж тус тус өөрчилсүгэй .

4 дугаар зүйл.

Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай .

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.