Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-07-23, Улаанбаатар98-N-31

1 дугаар зүйл.
Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт, өгүүлбэр нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын 2 дахь өгүүлбэр:

Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүжүүлж буй нэг сурагчид ногдох нормативт зардлаас бусад нэмэгдэл зардлыг өөрийн хөрөнгө оруулалт болон эцэг, эхээс авах төлбөрөөр нөхөж болно.

2/

18 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг:

8.

Боловсролын байгууллага нь үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан, дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчлөх бол энэ тухайгаа холбогдох бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэж улсын бүртгэлд бүртгүүлнэ.

9.

Тусгай зөвшөөрөлд сургалтын чиглэл, түвшин, элсэгчдийн боловсролын түвшин, төгсөгчдийн боловсролын зэрэг, багшлах боловсон хүчин, зайлшгүй шаардлагатай ном, сурах бичгийн хангамжид тавих шаардлага, нийт суралцагчдын тоо, тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа зэргийг заана.

3/

20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6/

тусгай зөвшөөрлийн шаардлага, хяналтын үзүүлэлтүүд зөрчигдсөн.

4/

21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

4/

хуульд заасан бусад үндэслэл.

5/

24 дүгээр зүйлийн 13, 14, 15 дахь заалт:

13/ гадаадын их сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах; 14/ удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн өмчийн их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургуулийн захирлыг батламжлах; 15/ аймаг, нийслэлийн боловсролын төвийг мэргэжлийн удирдлагаар хангах;

6/

26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Аймаг, нийслэлийн засаг захиргааны боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд тухайн Засаг дарга нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө.

7/

29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

3.Боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна.

8/

33 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

9.

Боловсролын байгууллага нь үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай ашиглах үүрэгтэй.

9/

36 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5 дахь заалтын 2 дахь өгүүлбэр:

Энэ заалт бүх шатны сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт нэгэн адил хамаарна.

10/

38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 8 дахь заалт:

7/

сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;

8/

сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж зарим хичээлийг үргэлжлүүлэн үзэхгүй болсон нөхцөлд сургалтын төлбөрийн зөрүүг буцааж авах.

11/

38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт: “3/ сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.”

2 дугаар зүйл.
Боловсролын тухай хуулийн дор дурдсан зүйл, хэсэг заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйл:

3 дугаар зүйл. Боловсролын зорилго Боловсролын зорилго нь иргэнд эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг, ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан сурч, амьдрах чадвартай болоход нь үйлчлэхэд оршино.

2/

11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Төрийн өмчийн боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус байгууллага байна. Төрийн бус өмчийн боловсролын байгууллага нь ашгийн төлөө буюу ашгийн төлөө бус байгууллага байж болно. Ашгийн төлөө боловсролын байгууллага нь татварын албанд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулна.

3/

12 дугаар зүйл:

12 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллага
1.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургууль байна.

2.

Цэцэрлэг нь хүүхдэд бага сургуульд орох хүртэлх насандаа сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн. Цэцэрлэг нь ердийн, асрамжийн, сувиллын зэрэг хэв шинжтэй байна.

3.

Ерөнхий боловсролын сургууль нь хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн. Ерөнхий боловсролын сургууль нь бага, дунд, ахлах гэсэн хэв шинжтэй, ердийн, тусгай, гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалттай байна.

4.

Техникийн болон мэргэжлийн сургууль нь суралцагчдад техник, технологи, мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол эзэмшихэд үйлчлэх сургалтын байгууллага мөн. Техникийн болон мэргэжлийн сургууль нь сургалт-үйлдвэрлэлийн буюу үйлдвэрлэл-сургалтын төв хэлбэртэй байж болно.

4/

13 дугаар зүйл:

13 дугаар зүйл. Дээд боловсролын байгууллага Их сургууль, коллеж нь суралцагчдад дээд боловсрол эзэмшихэд үйлчлэх боловсролын байгууллага мөн бөгөөд эрдэм шинжилгээ-сургалтын, сургалт-эрдэм шинжилгээний, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.

5/

14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Боловсролын хөгжлийн асуудлаар суурь, хавсарга судалгаа явуулах, бүх шатны сургууль, сургалт явуулж буй бусад байгууллага, иргэдийг судалгаа, шинжилгээний мэдээллээр хангах үүрэг бүхий боловсролын эрдэм шинжилгээний байгууллага байна.

6/

15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын үйл ажиллагаа тогтвортой эрхлэх бие даасан нэгжийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулан ажиллуулж болно.

7/

21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

1/

үүсгэн байгуулагчийн буюу үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр;

8/

24 дүгээр зүйлийн 9 дэх заалт:

9/

хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн улсын чанартай сургууль байгуулах, татан буулгах;

9/

29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Төрийн бус өмчийн боловсролын байгууллагыг Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үүсгэн байгуулагчийн батламжилсан дарга, захирал /эрхлэгч/ удирдана.

10/

30 дугаар зүйл:

ЗО дугаар зүйл. Боловсролын байгууллагын өөрийн удирдлага 1.Бүх шатны боловсролын байгууллага нь удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөл нь сургууль, цэцэрлэг дундын байж болно. 2.Боловсролын байгууллагын удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагч, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тухайн сургуулийн багш, суралцагчид, тэдгээрийн эцэг, эх тухайн сургуулийг төгсөгчдийн төлөөлөлтэй байгуулан ажиллуулна. 3.Үүсгэн байгуулагчийн төлөөлөгч удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-ээс 60 хүртэлх хувийг эзэлнэ. Удирдах зөвлөлд ажиллах багш, суралцагчид болон тэдгээрийн эцэг, эхийн төлөөлөгчдийг хамт олны хурлаар сонгоно. Удирдах зөвлөлд ажиллах оюутан, суралцагчийг нэг жилийн хугацаагаар сонгох бөгөөд шаардлагатай гэж үзвэл дахин нэг удаа улируулан сонгож болно. 4.Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно. 5.Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн санал болгосноор гишүүд 3 жилийн хугацаагаар сонгох бөгөөд дарга нь хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө огцрохыг хүссэн зэрэг үндэслэлээр түүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө өөрчилж болно. 6.Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 1/ байгууллагын захирал, эрхлэгчийг томилох; 2/ холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу байгууллагынхаа хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дотоод дүрэм, журмыг батлах, өөрчлөх; 3/ байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн хэмжээг тогтоох; 4/ хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтанд нь хяналт тавих; 5/сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох; 6/ байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааныхаа тайланг үүсгэн байгуулагч болон төв, орон нутгийн холбогдох байгууллагад жил бүр гаргаж өгөх; 7/ их сургууль, коллежийн хүндэт цол, зэрэг олгох. 7.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд олонхийн саналаар шийдвэр гаргана. Зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд 5-аас доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулна. 8.Удирдах зөвлөл өөрийнх нь үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий хороо, комисс зэргийг байгуулан ажиллуулж болно. 9.Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөлөгчөө эгүүлэн татах, бусад гишүүдийн талаар хамт олны хуралд мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч болно.

11/

31 дүгээр зүйл:

31 дүгээр зүйл. Боловсролын мэргэжлийн хяналт 1.Боловсролын мэргэжлийн хяналтыг боловсролын улсын хяналт эрхэлсэн улсын алба, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нар хэрэгжүүлнэ. 2.Боловсролын хяналт эрхэлсэн улсын алба нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тохируулагч агентлагийн статустай ажиллана. 3.Боловсролын хяналт эрхэлсэн улсын алба нь боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, бага, дунд боловсролын стандарт, боловсролын сургалтын ажлын түвшин, түүнтэй холбогдсон норматив, дүрэм, журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавина. 4.Боловсролын улсын хяналтын албанд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. 5.Аймаг, нийслэлийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчтай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. 6.Боловсролын улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална. 7.Бүх шатны Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ орших боловсролын байгууллагын захиргааны үйл ажиллагаанд захиргааны хяналт тавина.

12/

34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Төрийн өмчийн боловсролын байгууллагыг нормативт зардлаар санхүүжүүлэх зарчим баримтлах бөгөөд их сургууль, коллежийн тогтмол зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн дунд сургуулийн тогтмол болон дотуур байрны нийт зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн дунд сургуулийн нэг сурагчид ногдох нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.

13/

36 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Боловсролын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцан гүйцэтгэнэ.

14/

36 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 3 дахь заалт:

3/ гүйцэтгэсэн хөдөлмөрийнхөө чанар, хэмжээнд тохирсон нэмэгдэл хөлс авах;

15/

41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6, 7 дахь заалт: 1/ энэ хуулийн 8 дугаар зүйлийг зөрчиж боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, авч ашигласан иргэнийг 10000-25000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-150000 төгрөгөөр торгож, хуурамч баримт бичгийг хураах; 6/ тусгай зөвшөөрөлгүйгээр сургалтын ажил эрхэлсэн бол олсон орлогыг хурааж, иргэнийг 20000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-150000 төгрөгөөр; 7/ боловсролын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй сургалтын үйл ажиллагаа явуулсан иргэнийг 40000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгож олсон орлогыг хураах."

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “шинжлэх ухааны” гэсний дараа “дэвшилтэд” ; 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын төгрөгөөр гэсний дараа , аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр гэж тус тус нэмсүгэй.

4 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн шинжилгээ, арга зүйн гэснийг шинжилгээний; 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын сургалт-хүмүүжлийн гэснийг сургалтын; 16 дугаар зүйлийн нэр, мөн зүйл, 18 дугаар зүйлийн 1, 4, 6, 7 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 5 дахь заалт, 21 дүгээр зүйлийн нэр, мөн зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 3, 5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 3, 7 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн нэр, мөн зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсгийн сургалтын гэснийг боловсролын; 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Сургалтын байгууллагыг өөрчлөх гэснийг Боловсролын байгууллагыг өөрчлөх, салбар нээх; 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын дугаарыг 7; 24 дүгээр зүйлийн 13 дахь заалтын дугаарыг 16/; 26 дугаар зүйлийн 4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 8 дахь заалтын өмчийн бусад гэснийг төрийн бус; 27 дугаар зүйлийн 3 дахь заалтын томилох, чөлөөлөх гэснийг батламжлах; 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн томилсон гэснийг батламжилсан; 34 дүгээр зүйлийн нэрийг Төрөөс боловсролын байгууллагыг санхүүжүүлэх; 35 дугаар зүйлийн нэр, мөн зүйлийн өмчийн бусад хэлбэрийн гэснийг Төрийн бус өмчийн; 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын эрдмийн гэснийг боловсролын гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг; 24 дүгээр зүйлийн 10 дахь заалтын дээд; 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтын сургалтын төлбөр гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, 27 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 12-т заасны дагуу төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад олгох нэг суралцагчийн нормативт зардлыг санхүүжүүлэхтэй холбогдсон заалтыг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, техникийн, мэргэжлийн дунд сургуулийн дотуур байрны нийт зардлыг санхүүжүүлэхтэй холбогдсон заалтыг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.