Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1998 › Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-08-20, Улаанбаатар98-N-42

1 дугаар зүйл.

Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 176³, 193¹ , 216¹ дүгээр зүйл нэмсүгэй:

176³ дугаар зүйл.Банкны зээл, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, ашиглах
1.

Банкны албан тушаалтан, ажилтан болон иргэн банкны зээл, санхүүгийн баримт бичгийг санаатайгаар ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, борлуулсан, ашигласан бол уг гэмт үйлдлийн улмаас олсон ашиг, орлого, эд зүйлийг хурааж таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.

Энэ хэргийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 193¹ дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулан буюу хэтрүүлж оролцох

1.

Хувийн болон холбогдох этгээдийн явцуу эрх ашиг, сонирхлын үүднээс банкны үйл ажиллагаанд шууд буюу дам нөлөөлж банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд хохирол учруулсан албан тушаалтанд уг үйлдлийн улмаас олсон орлогыг хурааж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.

Энэ хэргийг давтан үйлдсэн буюу банкинд их хэмжээний хохирол учруулсан бол уг үйлдлийн улмаас олсон орлогыг хурааж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: “Холбогдох этгээд” гэдгийг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар ойлгоно.

216¹ дугаар зүйл.Зээл, төлбөр барагдуулах талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, үл биелүүлэх
1.

Зээл, төлбөр барагдуулах талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж зээлийн хөрөнгө, барьцаа, батлан даалтын хөрөнгө болон шүүхийн шийдвэрээр төлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомж зөрчин нуун дарагдуулах, бусдад шилжүүлэх, буруу мэдээлэх, устгах замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.

Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд буюу гэмт хэрэгт урьд ял шийтгүүлж байсан этгээд үйлдсэн бол уг үйлдлийн улмаас олсон орлого, эд хөрөнгийг хурааж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 176¹, 177¹ дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

176¹ дүгээр зүйл.

Банкны тухай хууль тогтоомжийг зөрчих Банкны байгууллагын ажилтан Банкны болон , Мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж их хэмжээний хохирол учруулсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

177¹ дугаар зүйл.Санаатайгаар дампууруулах, төлбөрийн чадваргүй болгох буюу дампуурсан, эсхүл төлбөрийн чадваргүй болсноо мэдэгдэхгүй байх
1.

Шунахай буюу байгууллагын явцуу эрх ашиг, сонирхлын үүднээс өөрийн болон бусад аж ахуйн нэгж, банкийг санаатайгаар дампууруулсан, эсхүл төлбөрийн чадваргүй болгосон бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.

Аж ахуйн нэгж, байгууллага, банкны гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн болон холбогдох бусад албан тушаалтан тухайн аж ахуйн нэгж, байгууллага, банк төлбөрийн чадваргүй болсон тухай шүүх болон харилцагч талд мэдэгдээгүйгээс банкинд буюу харилцагчид хохирол учирсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.