Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-01-21, Улаанбаатар99-N-03

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай Зургадугаар бүлэг нэмсүгэй:

ЗУРГАДУГААР БҮЛЭГЖирэмсний болон амаржсаны тэтгэмж
19¹ дугаар зүйл.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх
1.

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

3.

Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

19² дугаар зүйл.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа
1.

Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

2.

Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 3 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

3.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2/жирэмсний болон амаржсаны тэтгэмж;” 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “6 сарын дотор” гэсний дараа “жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 долоо хоногийн дотор;” 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 6,7 дахь хэсэгт хөдөлмөрийн чадвар түр алдсаны гэсний дараа ,жирэмсний болон амаржсаны гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3/ гэж, Зургадугаар бүлгийг Долдугаар бүлэг, Долдугаар бүлгийг Наймдугаар бүлэг, Наймдугаар бүлгийг Есдүгээр бүлэг болгож тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.