Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-04-22, Улаанбаатар99-N-12

1 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно.

2/

56 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Зохигчдын эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлүүлж болно.

3/

57 дугаар зүйл:

57 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаах
1.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр буцаан олгоно.

2.

Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

4/

172 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:

8/

энэ хуулийн 37 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.

2 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “56” гэсний дараа “57,”; 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “нэхэмжлэлд” гэсний дараа “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,”; 65 дугаар зүйлийн “үзвэл” гэсний дараа “нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор”; 72 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “14 хоногийн дотор” гэсний дараа “, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд”; 94 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн татгалзан гаргасан гэсний дараа , эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

56 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй буюу хуульд заасан бусад үндэслэлээр түүнийг тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж болно.

2/

71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Хуулиар тусгай хугацаа тогтоогоогүй бол хэргийг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.

3/

87 дугаар зүйл:

87 дугаар зүйл.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаанд оролцогчдод мэдэгдэх хуудас хүргүүлэх, шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэж баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, хэргийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

4 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шаардлагатай гэж үзвэл гэснийг нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн; 122 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 10 гэснийг 5; 129 дүгээр зүйлийн захирамжийг хэргийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэснийг захирамж нь илт үндэслэл муутай гарсан буюу, эсхүл хэргийн байдал өөрчлөгдсөн бол; 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн шүүгч гэснийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч; 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн шүүгчийн гэснийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн , Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгчийн гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр ажиллагаанд байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.