Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 1999 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-06-17, Улаанбаатар99-N-41

1 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай 134 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 135¹,135² дугаар зүйл, 136 дугаар зүйлийн 8,9,10,11 дэх заалт 147¹, 147² дугаар зүйл тус тус нэмсүгэй:1/

134 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэр бүлийн байнгын хүчирхийлэлд байгаа тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.

2/

135¹ дүгээр зүйл:

135¹ дүгээр зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргах
1.

Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг зохигчдын хэн нэгний нь оршин суугаа газрын шүүхэд гаргана.

2.

Нэхэмжлэлд гэрлэлт цуцлалтыг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бичиж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

3/

135² дугаар зүйл:

135² дугаар зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай хэргийг хэлэлцэх
1.

Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай хэргийг хэлэлцэхдээ зохигчид, зохигчдын төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулна.

2.

Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.

3.

Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай шийдвэр гаргана.

4/

136 дугаар зүйлийн 8,9,10,11 дэх заалт:

8/

хүүхдийн эцэг, эхийг тогтоох тухай;

9/

эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх тухай;

10/

хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай;

11/

асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүйд тооцох тухай.

5/

147¹ дүгээр зүйл:

147¹ дүгээр зүйл.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, хэргийг хэлэлцэх
1.

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

2.

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

3.

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай хэргийг хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.

4.

Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.

5.

Зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгч болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

6.

Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.

7.

Шүүх энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийдвэр гаргахдаа хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хууль ёсны төлөөлөгч байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхийг шийдвэрлэж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр тогтооно.

6/

147² дугаар зүйл:

147² дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, хэргийг хэлэлцэх
1.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

2.

Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

3.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

4.

Шүүх хуралдаанд талуудыг оролцуулна.

5.

Зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгч болон нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

6.

Шүүх нэхэмжэлийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.

2 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 135 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

82 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

3/

Гэр бүлийн тухай хуульд шүүх шийдвэрлэхээр заасан асуудал;

2/

135 дугаар зүйл:

135 дугаар зүйл.

Гэрлэгчдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх тухай захирамж гаргах Гэрлэгчид харилцан тохиролцож эд хөрөнгийн гэрээ, талууд тэжээн тэтгэх тухай гэрээг тус тус байгуулсан бөгөөд тэдгээрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр эдгээр гэрээг биелүүлэхтэй холбогдуулан шүүгч захирамж гаргана.

3 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн арга хэмжээ авч болно гэснийг бүх талын арга хэмжээ авна; 134 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн дугаарыг 3, 4 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.