Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2005-07-07, Улаанбаатар05-ne-66

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай Арван хоёрдугаар бүлэг1 нэмсүгэй:

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ1Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
132¹ дугаар зүйл.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх
132¹.1.

Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг энэ бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

132¹.2.

Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлана.

132¹.3.

Нэхэмжлэгч ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой нэхэмжлэл гаргахдаа энэ хуулийн 57.1-д заасан тэмдэгтийн хураамжаас гадна дуудлага худалдааны анхны үнийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шүүхийн мэдэлд шилжүүлж, тусгай дансанд байршуулна.

132¹.4.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд энэ хуулийн 132¹.3-т заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгоно. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй бол мөнгөн хөрөнгийг улсын орлого болгоно.

132¹.5.

Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргана.

132¹.6.

Шүүгч энэ хуулийн 132¹.5-д заасан захирамж гаргасан бол захирамжийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлнэ. Уг захирамжийг үндэслэн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэж дуустал түдгэлзэнэ.

132¹.7.

Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ба энэхүү хугацааг сунгахгүй.

132² дугаар зүйл.Ипотекийн зүйлийг албадан чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргах
132².1.

Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулсан боловч зээлдэгч түүнийг чөлөөлөхөөс татгалзвал албадан чөлөөлүүлэх тухай үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд хүсэлт гаргана.

132².2.

Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 132².1-д заасан хүсэлтийг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгээ нотлох бусад баримтыг шүүхэд гаргаж өгнө.

132².3.

Шүүх ипотекийн зүйлийг албадан чөлөөлөх тухай шийдвэрийг 3 хоногийн дотор гаргах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шийдвэрийг биелүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.