Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2007-12-26, Улаанбаатар07-ne-75

1 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20, 50 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:1/

20 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:

20.2.

Сонгуулийн ерөнхий хороо нь сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг вэб хуудаст байрлуулах ба нам, эвсэлд бүх тойргийн хэмжээгээр, иргэнд зөвхөн өөрийн нэрийг шалган танилцах боломжоор хангана.

20.3.

Энэ хуулийн 20.1-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод хүргүүлнэ.

2/

50 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

50.7.

Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20, 23, 44, 57 дугаар зүйлийн дараахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

20.1.

Сум, дүүргийн иргэний бүртгэл хариуцсан ажилтны тухайн сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын хаягийн бүртгэлийг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган шалгаж гаргасан нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба нь Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд уг төв нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн хоёр хувь үйлдэж, санал авах өдрөөс 3 сарын өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

2/

23 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

23.3.

Сонгогчийн үнэмлэх нэгдсэн бар кодтой байна.

3/

44 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

44.3.

Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд нэгдсэн бар кодтой байна.

4/

57 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

57.5.

Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 26.3-т заасны дагуу нам, эвслийг бүртгэхээс татгалзсан асуудлаар гарсан маргааныг 14 хоногийн дотор, тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох асуудлаар гарсан маргааныг санал хураалт явуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, 30.10-т заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, тойргийн хороо 30.17, 30.18, 37.18, 40.7, 41.9-д заасны дагуу нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, түүнчлэн санал хураалтыг хүчингүйд тооцох асуудлаар гарсан маргааныг санал хураалт явуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус тус эцэслэн шийдвэрлэнэ.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14.4-ийн Сонгуулийн ерөнхий хороо гэснийг Улсын Их Хурал гэж, 20.6-гийн энэ хуулийн 20.2-т гэснийг энэ хуулийн 20.4-т гэж, 20.9-ийн Сум, дүүргийн Засаг дарга гэснийг Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба гэж, 20.10-ын Засаг даргыг гэснийг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг гэж, 20.2-т гэснийг 20.4-т гэж, 20.8-д гэснийг 20.10-т гэж, 22.1-ийн энэ хуулийн 20.2-т гэснийг энэ хуулийн 20.4-т гэж, 37.18-ын торгох ба энэ хуулийн 37.11.2, 37.11.11-37.11.14-т заасан зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна. гэснийг , 37.11.14-т заасныг зөрчсөн нам, эвслийг 700000-900000 төгрөгөөр торгох ба энэ хуулийн 37.11.2, 37.11.11-37.11.13-т заасан зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна. гэж, 44.6-гийн дараалалд оруулна. гэснийг дараалалд оруулах ба ингэхдээ нэг нам, эвслээс нэг тойрогт нэр дэвшигчдийн нэрийг адил тэнцүү байх зарчмыг баримтлан солбиж байрлуулна. гэж, 52.1.4-ийн журмыг зөрчсөн. гэснийг журмыг зөрчсөн нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал. гэж, 54.4.4-ийн энэ хуулийн 20.1-д гэснийг энэ хуулийн 20.1-20.3-т гэж, 54.4.5-ын энэ хуулийн 20.2-т гэснийг энэ хуулийн 20.4-т гэж, 20.2-20.10 дахь хэсгийн дугаарыг 20.4-20.12 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3, 28.2, 30.11, 37.11.17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.