huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-06-11, Улаанбаатар09-ne-37
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
.¶17.4. Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид 2 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
¶17.5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч тэнцсэн эм зүйч, эм найруулагч, хүний бага эмч, эх баригч, сувилагч болон энэ хуулийн 17.4-т заасан зөвшөөрлөөр 2 жил ажилласан их эмчид 5 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дараахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.¶17.2. Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
¶17.3. Эмнэлгийн мэргэжилтэнд олгох мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь 2 ба 5 жилийн хугацаатай байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дараахь тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 6 сараас 1 жил 6 сар хүртэл хугацаагаар хүчингүй болгоно: гэснийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 23.3-т заасан Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн дараахь тохиолдолд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил 6 сар хүртэл хугацаагаар хүчингүй болгоно: гэж, 17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дахь хэсгийн дугаарыг 17.7, 17.8 болгон тус тус өөрчилсүгэй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн , дадлагажагчаар ажиллуулах гэснийг хассугай.
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.