Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-72

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.4.31 дэх заалт:

5.4.31.

Инновацийн сан.

2/

6 дугаар зүйлийн 6.4.17 дахь заалт:

6.4.17.

Инновацийн сан.

3/

19 дүгээр зүйлийн 19.1.6, 19.1.7 дахь заалт:

19.1.6.

аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан гадаад улсын тэргүүний технологи худалдаж авахад хөнгөлөлттэй зээл олгох;

19.1.7.

инновацийн бүтээгдэхүүнийг гадаад улсын зах зээлд гарахад батлан даалт гаргах, олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх.

4/

20 дугаар зүйлийн 20.4.4 дэх заалт:

20.4.4.

инновацийн төсөл хэрэгжүүлэх, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд грант олгох.

5/

21⁴ дүгээр зүйл:

21⁴ дүгээр зүйл.Инновацийн сан
21⁴.1.

Инновацийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

21⁴.1.1.

хамтарсан болон 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулалтын болон ашгийн тус бүр 0.5 хувь;

21⁴.1.2.

Инноавцийн сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөгдсөн орлого;

21⁴.1.3.

өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;

21⁴.1.4.

хуулиар хориглоогүй бусад орлого.

21⁴.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд Засгийн газрын оролцоотойгоор хэрэгжүүлэх инновацийн үйл ажиллагааны зардлыг харгалзан улсын төсвөөс энэ хуулийн 21⁴.1-д заасан санд олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

21⁴.3.

Инновацийн сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

21⁴.3.1.

төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах;

21⁴.3.2.

патент, лиценз худалдан авах замаар гадаад улсын дэвшилтэт технологи, ноу-хау оруулж ирэх, нутагшуулах, нэвтрүүлэх;

21⁴.3.3.

эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэлийн нөхцөлд туршин зүгшрүүлэх, түүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах;

21⁴.3.4.

инноавцийн тэргүүлэх чиглэл, цөм технологид хамаарах инновацийн төсөлд грант олгох;

21⁴.3.5.

Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийг санхүүжүүлэх венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;

21⁴.3.6.

Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн инновацийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авахад лизингийн зээл олгох;

21⁴.3.7.

оюуны өмчийн зүйлийг дотоод, гадаадын патентын байгууллагад бүртгүүлэхэд патентын мэдүүлгийн төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;

21⁴.3.8.

инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн инновацийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүний 50 хүртэл хувийг санхүүжүүлэх;

21⁴.3.9.

дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх, импорт орлох болон экспортын зориулалттай шинэ нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

21⁴.3.10.

өндөр болон ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарын инноавцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн үйлдвэрлэлийн зориулалтын эрчим хүчний зардлын 50 хүртэл хувийг санхүүжүүлэх;

21⁴.3.11.

инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, хурал, семинар зохион байгуулах, инновацийн мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг санхүүжүүлэх;

21⁴.3.12.

гадаад улс, олон улсын байгууллагатай хамтарсан инновацийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

21⁴.4.

Инновацийн сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын 5.4.30 гэсний дараа , 5.4.31 гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.