Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-88

1 дугаар зүйл.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн 1/Байгаль орчин, ногоон хөгжлийн яам; 2/Гадаад харилцааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүйн яам; Чиглэлийн 5/Барилга, хот байгуулалтын яам; 6/Батлан хамгаалах яам; 7/Боловсрол, шинжлэх ухааны яам; 8/Зам, тээврийн яам; 9/Соёл, спорт, аялал жуулчлалын яам; 10/Уул уурхайн яам; 11/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам; 12/Хөдөлмөрийн яам; 13/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 14/Эдийн засгийн хөгжлийн яам; 15/Эрүүл мэндийн яам; 16/Эрчим хүчний яам.

2/

20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

4.

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна: улсын тогтвортой хөгжлийн бодлого; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого; мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал; тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал; цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал; газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого; жендерийн хөгжлийн асуудал.

5.

Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

1/

Монгол Улсын Шадар сайд: гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал; стандартчилал, хэмжил зүйн асуудал; шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа; оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал.

2/

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: шинэтгэлийн бодлого; орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал; Засгийн газрын шийдвэрийн биелэлт; Засгийн газрын дотоод мэдээлэл; Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал.

3/

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд: байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал; биоаюулгүй байдлын бодлогын асуудал; ногоон хөгжлийн бодлого.

4/

Гадаад харилцааны сайд: гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; гадаад эдийн засгийн харилцаа; гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; гадаад сурталчилгаа.

5/

Сангийн сайд: нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; нягтлан бодох бүртгэлийн бодлого; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үйл ажиллагаа; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах бодлого.

6/

Хууль зүйн сайд: эрх зүйн шинэтгэлийн бодлого; хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; эрх зүйн туслалцаа; архивын талаар төрөөс баримтлах бодлого; шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал; иргэний харьяалал, цагаачлалын асуудал; улсын хил хамгааллын асуудал; хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл; төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал; төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт; иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

7/

Батлан хамгаалахын сайд: улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал.

8/

Барилга, хот байгуулалтын сайд: барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; орон сууцны бодлогын асуудал; нийтийн аж ахуйн асуудал; газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал.

9/

Боловсрол, шинжлэх ухааны сайд: боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; шинжлэх ухаан, технологийн мэдээлэл.

10/

Зам, тээврийн сайд: тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; төмөр замын тээврийн асуудал; иргэний нисэхийн асуудал; авто тээврийн асуудал; авто замын асуудал; далай ашиглах болон усан замын тээврийн асуудал.

11/

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд: соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; мэргэжлийн спортын хөгжлийн асуудал; аялал жуулчлалын бодлого.

12/

Уул уурхайн сайд: геологи, эрдэс баялгийн бодлого; газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого.

13/

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд: хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал; аж үйлдвэрийн паркийн асуудал; төрийн өмчийн бодлого; хүн амын хүнсний хангамжийн бодлого; хүнсний аюулгүй байдлын асуудал; мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал; бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал; хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого.

14/

Хөдөлмөрийн сайд: хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал; хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; хөдөлмөрийн биржийн асуудал; Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; гадаадад ажиллах хүч гаргах асуудал; жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал; мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал.

15/

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал; нийгмийн халамжийн бодлого; нийгмийн даатгалын бодлого; хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал.

16/

Эдийн засгийн хөгжлийн сайд: хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал; эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; худалдааны бодлого, зохицуулалт; экспорт, импортын асуудал; гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт; өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал чөлөөт бүсийн хөгжлийн асуудал; концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого.

17/

Эрчим хүчний сайд: эрчим хүчний нэгдсэн бодлого; эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого. түлш /эрчим хүчний нүүрс/-ний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт.

18/

Эрүүл мэндийн сайд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого; эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18² дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 14-т заасан гэснийг 2-т заасан гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.