Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-92

1 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 4-9 дэх заалт нэмсүгэй:

4/

гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бололцоог судлах, гадаад сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэдээллээр хангах, төслийн тендерт гадаадын хөрөнгө оруулагчийг татан оролцуулах;

5/

гадаадын хөрөнгө оруулагчид “нэг цэг”-ийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх;

6/

хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дараах статистик мэдээллийг хагас, бүтэн жилээр авч нэгдсэн сан хөтлөх:

а/

хөрөнгө оруулалтын хэмжээ /өөрийн хөрөнгө/

б/

татвар төлөлт

в/

нийгмийн даатгалын шимтгэл төлөлт

г/

ажлын байрны тоо

д/

гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл

е/

экспорт, импортын хэмжээ, нэр, төрөл.

7/

гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хянан шийдвэрлэх;

8/

гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох;

9/

хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 4, 6, 10, 11 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн гарчиг, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэсний дараа, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/

гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, хууль тогтоомжийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэгдсэн зорилттой уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх;

4 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн төрийн захиргааны байгууллагын дарга гэснийг Засгийн газрын гишүүн гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь гэснийг Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.