huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-02-18, Улаанбаатар15-ne-95
Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 47² дугаар зүйл нэмсүгэй:
¶47² дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр ¶47².1. Эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шилжүүлэн авч байгаа тал буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг энэ хуулийн 47.2-т заасан журмын дагуу тооцож улсын төсөвт төлнө.
¶47².2. Энэ хуулийн 47².1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар батална.
¶47².3. Энэ хуулийн 5.3-5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ нь тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрэхээргүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.3-5.5 дахь хэсэгт “Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.