Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-08-07, Улаанбаатар15-ne-158

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13 дугаар зүйл.Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
13.1.

Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, бүртгэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

13.1.1.

галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг, галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;

13.1.2.

галт зэвсэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;

13.1.3.

галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг;

13.1.4.

иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгоход нэгж бүрээс 10 000 төгрөг;

13.1.5.

галт зэвсгийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэж, гэрчилгээ олгоход 5 000 төгрөг;

13.1.6.

гадаадын иргэний галт зэвсгийг бүртгэн, улсын хилээр нэвтрүүлж ан агнах зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 250 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют, спорт-сургалтын /уралдаан, тэмцээнд оролцох/ зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 25 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.

13.2.

Хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

13.2.1.

хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;

13.2.2.

хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахад 250 000 төгрөг;

13.2.3.

иргэнд хувийн хамгаалалтын мэргэжлийн тусгай зөвшөөрөл олгоход 250 000 төгрөг.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.