Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-40

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд доор дурдсан агуулгатай Арав¹ дүгээр бүлэг нэмсүгэй:

АРАВ¹ ДҮГЭЭР БҮЛЭГЗахиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
79¹ дугаар зүйл.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх
79¹.1.

Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй.

79¹.2.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ бүлэгт заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

79¹.3.

Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.

79¹.4.

Захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

79² дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
79².1.

Дараахь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ:

79².1.1.

хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр;

79².1.2.

захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж;

79².1.3.

хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;

79².1.4.

шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж;

79².1.5.

шүүгчийн шийтгэвэр;

79².1.6.

хуульд заасан бусад.

79².2.

Дараахь тохиолдолд шүүхийн шийдвэрийг даруй гүйцэтгэнэ:

79².2.1.

төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн;

79².2.2.

ажил, албан тушаалаас буруу халсан, эсхүл шилжүүлсэн үеийн олговор олгуулах тухай шийдвэр гаргасан;

79².2.3.

захиргааны актыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон;

79².2.4.

шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч иргэн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учирахаар бол түүний хүсэлтээр;

79².2.5.

хуульд заасан бусад тохиолдолд.

79².3.

Хэргийн оролцогч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд гаргана.

79².4.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна.

79².5.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүх хяналт тавина.

79³ дугаар зүйл.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа
79³.1.

Шүүхийн шийдвэрийг дараахь тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана:

79³.1.1.

шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан;

79³.1.2.

шүүгч шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж үзсэн.

79³.2.

Гүйцэтгэх хуудаст дараахь зүйлийг тусгана:

79³.2.1.

гүйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр;

79³.2.2.

гүйцэтгэх хуудас бичсэн шүүгчийн нэр, олгосон он, сар, өдөр;

79³.2.3.

гүйцэтгэх хуудас олгож байгаа шийдвэрийн он, сар, өдөр, дугаар;

79³.2.4.

шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдийн нэр, хаяг, албан тушаал;

79³.2.5.

шийдвэрийг гүйцэтгэх арга, журам, хугацаа;

79³.2.6.

шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг нь хамгаалагдсан этгээдийн нэр, хаяг.

79³.3.

Гүйцэтгэх хуудсанд шүүгч гарын үсэг зурж, тамга дарна.

79³.4.

Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргана. Шүүхийн мэдэгдэлд энэ хуулийн 79³.2-т зааснаас гадна албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хугацаа, тогтоосон хугацааны дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд авах албадлагын арга хэмжээ болон оногдуулах хариуцлагын талаар тусгана.

79³.5.

Гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш гурван хоногийн дотор шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн мэдэгдэл, шаардлагатай бусад баримт бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, мэдэгдлийг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдэд хүргүүлнэ.

79³.6.

Гүйцэтгэх хуудсыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэх байгууллага түүнийг үл маргалдах журмаар биелүүлнэ.

79³.7.

Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг холбогдох этгээд тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол гурван хоногийн дотор албадлагын арга хэмжээ авахуулахаар хүсэлтийг шүүхэд хүргүүлнэ.

79⁴ дугаар зүйл.Албадлагын арга хэмжээ
79⁴.1.

Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш гурван хоногийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шалтгааныг судлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах шийтгэвэр гарган шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

79⁴.2.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогдвол шүүгч биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

79⁴.3.

Энэ хуулийн

79⁴.1.

-д заасан шүүгчийн шийтгэврийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан даруйд хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.