Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-07-07, Улаанбаатар20-ne-120

1 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.6, 6.1.7 дахь заалт нэмсүгэй:

6.1.6.

тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыг батлах;

6.1.7.

энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.4-т заасан тэмцээн, наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлах;

2 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн спортын гэсний дараа асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10 дугаар зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
10.1.

Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.

биеийн тамир, спортын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

10.1.2.

биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, холбогдох бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;

10.1.3.

бие бялдрын түвшин тогтоох стандартыг боловсруулан, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх;

10.1.4.

улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоог сонгон шалгаруулах;

10.1.5.

улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг тогтоох, тэмцээний зохион байгуулалтыг арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;

10.1.6.

эрхэлсэн сайдын баталсан биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;

10.1.7.

эрхэлсэн сайдын баталсан улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;

10.1.8.

биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх;

10.1.9.

хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;

10.1.10.

бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

10.1.11.

допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

10.1.12.

энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;

10.1.13.

хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

4 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтын дугаарыг 6.1.8 гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн төв гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.