Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-142

1 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

29.9.

Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах, боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах чиг үүрэг бүхий Хилийн боомтын захиргааг Засгийн газар байгуулна.

29.10.

Энэ хуулийн 29.9-д заасан Хилийн боомтын захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.

29.11.

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн санал болгосноор Хилийн боомтын захиргааны даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө.

29.12.

Хилийн боомтын захиргаанаас хилийн боомтод төлөөлөгч томилон ажиллуулж болно.

29.13.

Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтод цацраг, хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 29.9-д заасан чиг үүргийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсгийн гааль, мэргэжлийн хяналтын гэснийг гаалийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 дахь заалтын “мэргэжлийн хяналт,” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2 дахь заалтын мэргэжлийн хяналтын, гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.