Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-161

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 9¹ дүгээр зүйл нэмсүгэй:

9¹ дүгээр зүйл.Хүүхдийн мөнгөн хуримтлал 9¹.1.2022 оны төсвийн жилд Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор шаардагдах хөрөнгийг энэ хуулийн 7.1-д заасан тухайн жилийн эх үүсвэрээс олгоно.
9¹.2.

Энэ хуулийн 9¹.1-д заасан шаардагдах хөрөнгийн хэмжээг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар батална.

9¹.3.

Ирээдүйн өв сангийн батлагдсан төсвийн дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

9¹.4.

Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуулийн 9¹.1-д заасан мөнгөн хуримтлалаас тухайн сард доор дурдсан хугацаанд дараах хувиар тооцож мөнгөн хэлбэрээр авах эрхтэй:

Д/д

Хамрах хугацаа

Мөнгөн хэлбэрээр олгох хувь

1

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл

100 хувь

2

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал

50 хувь

2 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.3.

Сангийн данснаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 7.1-д заасан орлогын эх үүсвэрийн тухайн жилийн гүйцэтгэлээс энэ хуулийн 9¹.1-д заасан хөрөнгийг мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор Төрийн санд, үлдэх хэсгийг Ирээдүйн өв сангийн Монголбанкин дахь дансанд тус тус шилжүүлнэ.

3 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн жил бүрийн улсын төсөвт тусгаж гэснийг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн энэ хуулийн 9.1-д гэснийг энэ хуулийн 9.1, 9¹ дүгээр зүйлд гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн улсын гэснийг нэгдсэн гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.