Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-276

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 6.28 дугаар зүйл нэмсүгэй:

6.28 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих
1.

Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.

Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан, хэрэглүүлсэн бол дасгалжуулагч, эмч, дэвжээ, галын тэргүүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.

Бөх, сурын харваач допинг хэрэглэсэн бол тухайн бөх, сурын харваачийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.

Хурдан морины уралдаанд уралдаанч хүүхдэд болон бусад хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйл хэрэглүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж уяачийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангаагүй морийг бүртгүүлсэн бол уяачийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.