Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-250

1 дугаар зүйл.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

18 дугаар зүйлийн 18.13, 18.14 дэх хэсэг:

18.13.

Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 18.3-т заасны дагуу тодорхойлно.

18.14.

Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хамтран батална.

2/

22 дугаар зүйлийн 22.5.15-22.5.17 дахь заалт:

22.5.15.

орон нутагт шинээр барьсан нийтийн зориулалттай орон сууц борлуулсны орлогод ногдох албан татварыг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Дархан-Уул болон Орхон аймгийн төвийн сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 50 хувиар, 2027-2029 онд 20 хувиар, эдгээрээс бусад аймаг, сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар;

22.5.16.

нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар;

22.5.17.

дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар.

3/

24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг:

24.5.

Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд суутган, төсөвт төлж тайлагнана.

2 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтын 18.6.8-д гэснийг 18.6.8, 18.13-т гэж, 26 дугаар зүйлийн 26.15 дахь хэсгийн 22.5.11-д гэснийг 22.5.11, 22.5.14, 22.5.15, 22.5.16-д гэж, төсөлд гэснийг төсөл, үйл ажиллагаанд гэж, төслийн гэснийг төсөл, үйл ажиллагааны гэж, 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн дугаарыг 24.6 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22 дугаар зүйлийн 22.5.15, 22.5.16 дахь заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22 дугаар зүйлийн 22.5.17 дахь заалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 18.13, 18.14 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь заалт буюу 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалт, 24.5 дахь хэсгийн дугаарын өөрчлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, мөн зүйлийн 26.15 дахь хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.