huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-196
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
¶8. Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶9. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөөгүй, тайланг буруу гаргасан хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶10. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг буруу тогтоосон, эсхүл тогтоогоогүй хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶11. Хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг үндэслэлгүйгээр илүү тогтоолгон авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶12. Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг үндэслэлгүйгээр устгасан, засварласан, хуурамч мэдээлэл оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бус үйлдэл гаргаснаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн гарчгийн, 10.19 дүгээр зүйлийн тайлбарын Нийгмийн даатгалын тухай гэснийг Нийгмийн даатгалын ерөнхий гэж тус тус өөрчилсүгэй.
Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2, 8.4 дэх заалтыг, 10.17 дугаар зүйлийн тайлбарыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.