huuli-nemelt
Цөмийн Энергийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦөмийн Энергийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-11-21, Улаанбаатар24-ne-382
4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:
2/¶4.2. Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно.
5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:
3/¶5.5. Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.
8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт:
4/¶8.1.4. энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх.
9 дүгээр зүйлийн 9.1.9, 9.1.10 дахь заалт:
5/¶9.1.9. энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
¶9.1.10. цацраг идэвхт ашигт малтмалын ордын талбайн хил заагийг тогтоох.
20¹ дүгээр зүйл:
6/¶20¹ дүгээр зүйл.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ¶20¹.1. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон цацраг идэвхт ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна.
¶20¹.2. Энэ хуулийн 20¹.1-д заасан төлбөр төлөгчийн экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцно.
¶20¹.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний 5 хувиар ногдуулна.
¶20¹.4. Энэ хуулийн 20¹.3-т заасан үндсэн хувь дээр цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:
¶20¹.5. Энэ хуулийн 5.5-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг энэ хуулийн 5.2, 5.3-т зааснаас өөрөөр тогтоосон бол төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж болно.
¶20¹.6. Энэ хуулийн 20¹.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшнийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
¶20¹.7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөхөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална.
¶20¹.8. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана.
¶20¹.9. Цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Засгийн газар нийтэд зарлана.
¶20¹.10. Төлбөр төлөгч цацраг идэвхт ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад цацраг идэвхт ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна.
¶20¹.11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тайлагнана.
¶20¹.12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.
Бүтээгдэхүүний нэр төрөл
Хэмжих нэгж
Жишиж үнэлэх бүтээгдэхүүн
Зах зээлийн үнийн түвшин
/ам.доллароор/
Үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь
Уран
фунт
Ураны хүдрийн баяжмал (ураны исэл
U308)
0-50 хүртэл
0.00
50-60 хүртэл
1.00
60-70 хүртэл
2.00
70-80 хүртэл
3.00
80-90 хүртэл
4.00
90-100 хүртэл
5.00
100-110 хүртэл
6.00
110-120 хүртэл
7.00
120-130 хүртэл
8.00
130 ба түүнээс дээш
9.00
28 дугаар зүйлийн 28.2.11 дэх заалт:
7/¶28.2.11. цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх;
30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг:
8/¶30.4. Улсын Их Хурал энэ хуулийн 5.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх шийдвэрийг гаргасан тохиолдолд компанийн энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж болно.
34 дүгээр зүйлийн 34.3-34.8 дахь хэсэг:
¶34.3. Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдрийн олборлолт, баяжуулалт, боловсруулалт, туршилтын үйл ажиллагаанаас үүссэн цацраг идэвхт хаягдлын менежментийг бүрэн гүйцэтгэж, олон улсын болон үндэсний дүрэм, журам, заавар, стандартад заасны дагуу аюулгүй булшлах үүрэгтэй.
¶34.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд дараах шаардлагыг биелүүлнэ:
¶34.4.1. цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах;
¶34.4.2. үйл ажиллагааны явцад гарсан осол, зөрчлийн талаар цөмийн болон цацрагийн хяналтын асуудал хариуцсан төрийн байгууллага, онцгой байдал, тагнуул, цагдаагийн байгууллагад даруй мэдээлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх;
¶34.4.3. Цөмийн энергийн комиссоос баталсан хөтөлбөрийн дагуу цацрагтай ажиллагчийг цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулах.
¶34.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгсэл ашиглах, эсхүл Монголбанкан дахь валютын тусгай дансанд байршуулах бөгөөд гагцхүү зориулалтын дагуу ашиглана.
¶34.6. Энэ хуулийн 34.5-д заасан мөнгөн хөрөнгийг тооцоолох, байршуулах журмыг Засгийн газар батална.
¶34.7. Энэ хуулийн 15.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэр эхлэхээс өмнө уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж, 5 жил тутам шинэчлэн цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах бөгөөд уурхай, үйлдвэрийг хаахаас 5-аас доошгүй жилийн өмнө хаалтын төлөвлөгөөг эцэслэн батлуулна.
¶34.8. Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу улсын төсөвт төлнө.
Цөмийн энергийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн улсын ерөнхий гэсний дараа байцаагч, эсхүл ахлах гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “төлнө” гэсний өмнө “ногдуулан тайлагнаж, төсөвт” гэж, 28 дугаар зүйлийн 28.6.4 дэх заалтын “35.5,” гэсний дараа “35.11,” гэж тус тус нэмсүгэй.
12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
2/¶12.2. Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/-ийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу олгож, цуцална.
30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт:
¶30.1.1. тогтворжуулах татварын орчныг тогтоох;
Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9.2 дахь заалтын 1-3 гэснийг 3 гэж, 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь заалтын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд гэснийг энэ хуулийн 20¹ дүгээр зүйлд гэж, 28 дугаар зүйлийн 28.2.11 дэх заалтын дугаарыг 28.2.12 гэж, мөн зүйлийн 28.6.4 дэх заалтын 47.1, 47.5, 47.6, 48.7-48.10-т гэснийг 48.7, 48.8-д гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 10 гэснийг 20 гэж тус тус өөрчилсүгэй.
Цөмийн энергийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.