Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-05-16, Улаанбаатар24-ne-156

1 дугаар зүйл.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:

6.5.

Энэ хуулийн 4.1.3-т заасан хөрөнгө оруулалтын сан нь зөвхөн хаалттай хүрээнд хөрөнгө татан төвлөрүүлэх бөгөөд тухайлсан сангийн төрөлгүй байна.

2/

10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:

10.3.

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг Хорооноос зөвшөөрсөн тохиолдолд энэ хуулийн 10.1-д заасан хугацаагаар нэг удаа сунгаж болно.

3/

14 дүгээр зүйлийн 14.16, 14.17 дахь хэсэг:

14.16.

Хороо энэ хуулийн 14.4-т заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ажлын таван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

14.17.

Энэ хуулийн 14.16-д заасны дагуу Хороо хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд нь санг үүсгэн байгуулах хурлыг зарлан хуралдуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

4/

14¹ дүгээр зүйл:

14¹ дүгээр зүйл.Хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах
14¹.1.

Хувийн хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд гэрээний үндсэн дээр байгуулж болно.

14¹.2.

Энэ хуулийн 14¹.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхгүй байна.

14¹.3.

Энэ хуулийн 14¹.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах гэрээнд дараах мэдээллийг тусгасан байна:

14¹.3.1.

нэгж эрх эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага;

14¹.3.2.

нэгж эрх гаргах, худалдах, худалдан авах, арилжих зохицуулалт;

14¹.3.3.

нэгж эрхийн үнэ тогтоох, цэвэр хөрөнгийн үнэлгээний тооцоолол;

14¹.3.4.

кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага;

14¹.3.5.

сангийн үйл ажиллагааг сурталчлахад тавих хязгаарлалт;

14¹.3.6.

бусад.

14¹.4.

Энэ хуулийн 14¹.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч нь санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр сангийн үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

14¹.5.

Энэ хуулийн 14¹.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, үйл ажиллагаа, гэрээнд тавих шаардлагыг тогтоосон журмыг Хороо батална.

5/

19 дүгээр зүйлийн 19.14 дэх хэсэг:

19.14.

Хамтын хөрөнгө оруулалтын санг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор сангийн нэгж эрхийн танилцуулгыг холбогдох баримт бичгийн хамт Хороонд бүртгүүлэхээр ирүүлэх бөгөөд хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш Хороо ажлын 20 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ажлын таван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

6/

21 дүгээр зүйлийн 21.2.10 дахь заалт:

21.2.10.

сангийн нэгж эрхийг зээлээр олгох.

7/

26 дугаар зүйлийн 26.1.13, 26.1.14 дэх заалт:

26.1.13.

хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх;

26.1.14.

хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан бусад санхүүгийн хэрэгсэл.

8/

30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалт:

30.1.6.

хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсны улмаас тухайн сан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон;

9/

39 дүгээр зүйлийн 39.4.4 дэх заалт:

39.4.4.

сангийн цэвэр активын үнэлгээг кастодиан гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын менежментийн компани давхар хяналт тавих;

10/

39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэг:

39.8.

Энэ хуулийн 14¹ дүгээр зүйлд зааснаас бусад хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх зааврыг Хороо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

11/

46 дугаар зүйлийн 46.1.10-46.1.12 дахь заалт:

46.1.10.

хувийн ашиг сонирхлын үүднээс сангийн хөрөнгийг зарцуулах, удирдлагын зардлыг үндэслэлгүй хэтрүүлэх;

46.1.11.

сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ эрсдэлийг төвлөрүүлэх;

46.1.12.

сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, сангийн гишүүдийн хурлын зардал, хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ болон гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргах.

12/

55 дугаар зүйлийн 55.1.10-55.1.12 дахь заалт:

55.1.10.

биржээр арилжаалагддаг сангийн төрөлтэй хамтын хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтоох журмыг батлах;

55.1.11.

хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг мэдээлэх журмыг батлах;

55.1.12.

хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулах журмыг батлах;

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн компани гэсний дараа , эсхүл Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд гэж, мөн зүйлийн 14.5 дахь хэсгийн “бүртгэлийн” гэсний дараа “болон хөрөнгө оруулалтын сангийн төрөл, түүний үйл ажиллагааны онцлогтой холбоотой” гэж, мөн зүйлийн 14.7.2 дахь заалтын “хөрөнгийн” гэсний дараа “доод” гэж, мөн зүйлийн 14.13 дахь хэсгийн “байгууллага” гэсний дараа “энэ хуульд заасан хуулийн этгээдийн хэлбэртэй” гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын “эрхлэх” гэсний дараа “, сангийн хөрөнгийг зарцуулах” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “нэгж” гэсний дараа “эрхээр гэрчлэгдсэн өмчлөх” гэж, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын “нээлттэй” гэсний өмнө “Монгол Улсын болон гадаад улсын” гэж, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн “Тухайн” гэсний дараа “хамтын” гэж, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “шалгуурыг” гэсний дараа “хамтын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалт:

4.1.1.

“хөрөнгө оруулалтын сан” гэж хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг;

4.1.2.

“хамтын хөрөнгө оруулалтын сан” гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд санал болгон хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг;

2/

4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт:

4.1.11.

“хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэж хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг;

3/

6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

6.2.

Хамтын хөрөнгө оруулалтын сан нь дараах төрөлтэй байна:

6.2.1.

нэгж эрхээ бусдад худалдахаар байнга санал болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг нээлттэй;

6.2.2.

үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд багтаан нийтэд санал болгох хэлбэрээр нэгж эрх гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, гаргасан нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй хаалттай;

6.2.3.

үүсгэн байгуулагчаас сангийн нэгж эрхээ зохицуулалттай этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын хэрэгслээр солих замаар сангийн активаа бүрдүүлдэг, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага дээр нэгж эрх нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг /цаашид “биржээр арилжаалагддаг сан” гэх/.

4/

7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:

7.1.

Хуульд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байна.

5/

14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:

14.1.

Хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд үүсгэн байгуулна.

6/

16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

16.1.

Энэ хуулийн 7.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь сангийн төрөл, хэлбэрээс үл хамааран дараах зүйлийг тусгасан дүрэмтэй байна:

16.1.1.

сангийн нэр, төрөл, хэлбэр болон түүнийг тодорхойлсон, товчилсон ялгах тэмдэглэгээ;

16.1.2.

сангийн зарласан болон гаргасан нэгж эрхийн тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

16.1.3.

хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, тэдгээрийн бүрэн эрх;

16.1.4.

сангийн гишүүдийн хурал болон нэгж эрх эзэмшигчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт;

16.1.5.

сангийн хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны чиглэл;

16.1.6.

хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэр, регистрийн дугаар;

16.1.7.

кастодианы үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар;

16.1.8.

хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа;

16.1.9.

хувийн хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтыг санхүүгийн хэрэгслээр оруулж болох эсэх, оруулах бол тухайн санхүүгийн хэрэгслийг үнэлэх зарчим, аргачлалын тухай;

16.1.10.

хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусгавар болж хөрөнгийг хөрөнгө оруулагчдад бүрэн хуваарилж дууссан тохиолдолд татан буулгах ажиллагааны журам;

16.1.11.

бусад.

7/

19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:

19.3.

Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулга, түүнийг хөрөнгө оруулагчид танилцуулах, сангийн нэгж эрхийг худалдах ажиллагааны журмыг Хороо батална.

8/

19 дүгээр зүйлийн 19.13.3 дахь заалт:

19.13.3.

нээлттэй төрлийн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нийт гаргасан нэгж эрхийн гуравны хоёр буюу түүнээс дээш хэмжээний нэгж эрхийг тухайн санд буцаан худалдсан;

9/

21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт:

21.2.3.

сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох болон нэгж эрхээ тодорхой үнэ ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч хууль болон Хорооноос тогтоосон хязгаараас хэтрүүлэн бусдаас зээл авах;

10/

22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг:

22.1.

Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани хөтлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ кастодианаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

11/

22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг:

22.4.

Нэгж эрхийн номиналь эзэмшигч нь гишүүний бүртгэлд бенефициар өмчлөгчийн нэрийг давхар тусгана.

12/

24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:

24.1.

Хамтын хөрөнгө оруулалтын сан энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.5, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.13-т заасан болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн хэрэгслээс бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно.

13/

44 дүгээр зүйлийн 44.7.1 дэх заалт:

44.7.1.

үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ;

14/

45 дугаар зүйлийн 45.3.2 дахь заалт:

45.3.2.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.10, 24.1.15, 24.1.16, 24.1.17-д заасан үйл ажиллагаа эрхлэгч болон түүний холбогдох этгээд нь хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан болох нь тогтоогдсон;

4 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтын хөрөнгөөр гэснийг хөрөнгө болон Хорооноос зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслээр гэж, 14 дүгээр зүйлийн 14.9.3 дахь заалтын нийтэд гэснийг хөрөнгө оруулагчид гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж гэснийг хөрөнгө оруулалт хийж гэж, мөн зүйлийн 19.11.7 дахь заалтын Хорооноос тогтоосон гэснийг Энэ хуулийн 19.3-т заасан Хорооноос баталсан журамд заасан гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн хөрөнгө оруулах гэрээний үндсэн дээр гэснийг хаалттай хүрээнд гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн сан гэснийг сангийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол сангийн гишүүдийн хурал/ гэж, 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтын зохицуулалттай гэснийг Монгол Улсын болон гадаад улсын үнэт цаасны гэж, мөн зүйлийн 26.1.6 дахь заалтын зохицуулалттай гэснийг үнэт цаасны гэж, мөн зүйлийн 26.2 дахь хэсгийн Хөрөнгө гэснийг Хамтын хөрөнгө гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын дугаарыг 30.1.7 гэж, 39 дүгээр зүйлийн 39.4.4 дэх заалтын дугаарыг 39.4.5 гэж, 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийн татгалзаж болно гэснийг татгалзана гэж, мөн зүйлийн 45.3.1 дэх заалтын хөрөнгө оруулалтын менежментийн компанийн гэснийг хүсэлт гаргагч хуулийн этгээдийн гэж, 55 дугаар зүйлийн 55.1.10 дахь заалтын дугаарыг 55.1.13 гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4 дэх хэсгийн “Компанийн тухай хуульд нийцүүлэн баталсан” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.9.3 дахь заалтын, 19 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 19.1 дэх хэсгийн нийтээс гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.4, 25.6 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 45.3.3 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.