Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-223

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

227 дугаар зүйл.Зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх
227.1.

Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн болон Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулан авч яваа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэнэ.

227.2.

Хувийн хэрэглээний нэг удаагийн цогц эмчилгээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох баримт бичгийг үндэслэн 3 сар хүртэлх хувийн хэрэглээний улсын бүртгэлд бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврыг үндэслэж улс хоорондын шуудангийн илгээмжээр хүлээн авч, илгээж болно.

227.3.

Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд импортын зөвшөөрөл шаардахгүй.

227.4.

Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана.

227.5.

Энэ хуулийн 227.4-т заасан зорчигчийн яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ.

227.6.

Зорчигчийн 3 сар хүртэлх хувийн хэрэглээний улсын бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний тухайд хэрэглэх зааврыг үндэслэж нэвтрүүлнэ.

227.7.

Энэ хуулийн 227.1, 227.2, 227.6-д заасан эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг зорчигч өөрөө хариуцна.

227.8.

Дараах төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:

227.8.1.

судсаар сэлбэх шингэн;

227.8.2.

антибиотик тариа;

227.8.3.

мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм;

227.8.4.

цусны бэлдмэл сийвэн орлох эм;

227.8.5.

нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.

227.9.

Энэ хуулийн 227.8.1, 227.8.2 дахь заалт энэ хуулийн 227.4-т заасан удаан хугацаанд нөхөх эмчилгээнд хамаарахгүй.

227.10.

Зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэн, бүтээгдэхүүн тус бүрээр бүртгэл үүсгэж, энэ хуулийн 227.4-т заасан хугацааг баримталж байгаа эсэхэд хяналт тавина.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.