huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-225
Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6.6 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих ¶1. Эм, уламжлалт эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журам, шинэ эм бүтээх, хэрэглээнд гаргахад тавих нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶2. Эм, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶3. Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶4. Бүртгэлгүй эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар:Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс буцаана.
¶5. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶6. Жор баригч:
¶6.1. эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эсхүл зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн;
¶6.2. эмийн жороор олгох эмийг эмийн жоргүйгээр олгосон;
¶6.3. эмийг зөрчилтэй, эсхүл хүчингүй жороор олгосон бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶7. Эмч:
¶7.1. эмийн жорыг стандартын дагуу бичээгүй;
¶7.2. тамирчин болон спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгосон, дэмжиж сурталчилсан, зарж борлуулсан бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶8. Эм зүйч:
¶8.1. эмнэлгийн мэргэжилтнийг эмийн үйлдэл, хэрэглээний талаар буруу мэдээллээр хангасан;
¶8.2. эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу мэдээлээгүй бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶9. Эмнэлгийн мэргэжилтэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд оролцсон бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶10. Эм, эмийн үйлчлэгч бодис, өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэгслийг бүртгэлд бүртгүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶11. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу бүртгүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶12. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний шошго, хэрэглэх зааврыг өөрчилсөн, шошго тэмдэглэгээнд тавих шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶13. Хуулиар худалдан борлуулахыг хориглосон эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶14. Хуулиар импортлох, экспортлохыг хориглосон эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортолж, экспортолсон бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶15. Хуулиар зар сурталчилгаа явуулахыг хориглосон эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаа явуулсан, эсхүл хуулиар хориглосон хэлбэрээр зар сурталчилгаа явуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶16. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтныг эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний далд сурталчилгаа, сүлжээний бизнест татан оролцуулсан, аливаа хэлбэрээр урамшуулал олгосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶17. Хандив, тусламжаар хүлээн авсан эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулсан, эсхүл хандив, тусламжаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶18. Заавал хийх дархлаажуулах бэлдмэл, эсхүл үнэ төлбөргүй олгох зориулалттай буцалтгүй тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶19. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг хандив, тусламжаар авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶20. Стандартын бус, хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандарт хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг хандив, тусламжаар хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашигласан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶21. Бусад ханган нийлүүлэх байгууллагаас худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлийн бөөний үнээс өндөр үнээр худалдан борлуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶22. Эмийн эмнэлзүйн туршилт судалгаа, лабораторийн оношилгооны хэрэгслийн туршилт судалгаа явуулах талаар хуульд заасан шаардлага, хориглосон заалт, тогтоосон журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶23. Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶24. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, хангамжийн байгууллага эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бүртгэлгүй, эсхүл чанарын баталгаажилтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр үйлчилсэн, эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандарт зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶25. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶26. Хангамжийн байгууллага хангамжийн шатлал бүрд үнийн мэдээлэл солилцох байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн санд эм, эмнэлгийн хэрэгслийн хамгийн бага хэмжих нэгж, түүний суурь үнэ, бөөний үнэ, жижиглэнгийн үнийг тухай бүр байршуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶27. Эмийн сан худалдаалж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэнгийн үнийг цахим мэдээллийн нэгдсэн санд иргэдэд ил тод, нээлттэй байршуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶28. Үйлдвэрлэгч, ханган нийлүүлэх байгууллага, үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар эм таниулах үйл ажиллагаанд тавих шаардлага, хүлээх үүрэг, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶29. Эмийн гаж нөлөөг илрүүлэх, үнэлэх, тандан судлах, урьдчилан сэргийлэх, хянах журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶30. Эмнэлгийн хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.