Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-298

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 13.10 дугаар зүйл нэмсүгэй:

13.10 дугаар зүйл.Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль зөрчих
1.

Мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурын үйлдвэрлэл эрхлэхэд тавигдах шаардлага, хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.

Мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуур импортлоход тавигдах шаардлага, хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.

Мал, амьтны эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, хориглох зүйлийг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.

Эм барих эрх бүхий малын эмч, эсхүл мал эмнэлгийн эм зүйч:

4.1.

жороор олгох эмийг жоргүйгээр олгосон;

4.2.

эмийг хүчингүй жороор олгосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.

Хангамжийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж:

5.1.

эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хүчинтэй хугацаа дууссан мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуураар үйлчилсэн;

5.2.

эмийн хадгалалт, хамгаалалтын журам зөрчсөн;

5.3.

мал, амьтны эмийн сав, баглаа боодлын хаяглалт, шошго, тэмдэглэгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн;

5.4.

Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах мал, амьтны эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй;

5.5.

мал, амьтны эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй;

5.6.

ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор малын эмчийг мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуур худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.

Хуулиар хориглосон хэлбэрээр мал, амьтны эмийн зар сурталчилгаа явуулсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.