Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Монгол Улсын Нийслэл Улаанбаатар Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-312

1 дугаар зүйл.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.3.16, 8.3.17 дахь заалт:

8.3.16.

ус, дулаан, цахилгаан хангах, түгээх, дамжуулах үйл ажиллагаа;

8.3.17.

нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн хэрэгжилт, хамгаалалт;

2/

17¹ дүгээр зүйл:

17¹ дүгээр зүйл.Ногоон хөгжлийг дэмжих сан
17¹.1.

Нийслэл нь ногоон хөгжлийг дэмжих сантай байна.

17¹.2.

Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татварын орлого, хуулиар хориглоогүй бусад орлогоос бүрдүүлнэ.

17¹.3.

Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон ногоон оноог мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд зарцуулна.

17¹.4.

Энэ хуулийн 17¹.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

17¹.5.

Ногоон хөгжлийг дэмжих сангаас зээл олгох, өр, авлага үүсгэхийг хориглоно.

3/

22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг:

22.6.

Дүүргийн Засаг дарга нь хуульд заасан болон энэ хуулийн дагуу гэрээгээр шилжүүлж авсан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ хорооны Засаг даргад шилжүүлж болно.

2 дугаар зүйл.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дараах зүйл, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 8.3.8 дахь заалт:

8.3.8.

нийслэлийн цахилгаан эрчим хүч, дулааны төвлөрсөн болон төвлөрсөн бус инженерийн хангамж;

2/

17 дугаар зүйл:

17 дугаар зүйл.Дэд бүтцийн сан
17.1.

Нийслэл хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах дэд бүтцийн сантай байна:

17.1.1.

инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх;

17.1.2.

дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын барилга байгууламж зэрэг инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;

17.1.3.

инженерийн дэд бүтцийн судалгаа шинжилгээний ажил хийх, холбогдох норм дүрэм, стандарт боловсруулах, нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх.

17.2.

Дэд бүтцийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

17.2.1.

тухайн хотын төсвийн орлогын 1.5-аас доошгүй хувь;

17.2.2.

дулаан, цахилгаан, цэвэр усаар хангах, түгээх, бохир ус татан зайлуулах байгууллагын тухайн жилийн дээрх үйл ажиллагааны орлогын 1.5-аас доошгүй хувь;

17.2.3.

гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;

17.2.4.

ус бохирдуулсны төлбөрийн 50 хувь;

17.2.5.

бусад.

17.3.

Дэд бүтцийн санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газраас баталсан сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих нийтлэг журамд нийцүүлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

17.4.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн 17.3-т заасны дагуу баталсан журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.

17.5.

Дэд бүтцийн сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх, сангийн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

3/

33 дугаар зүйл:

33 дугаар зүйл.Нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих
33.1.

Нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногоон оноогоор урамшуулна:

33.1.1.

ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, бохир усны нүхийг холбогдох стандартад нийцүүлсэн;

33.1.2.

гэр, байшинг дулаалж, дулааны алдагдлыг бууруулсан;

33.1.3.

дулааны эх үүсвэрийг цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлсэн;

33.1.4.

мод тарьж ургуулсан;

33.1.5.

Хог хаягдлын тухай хуулийн 40.4-т заасан;

33.1.6.

унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон;

33.1.7.

хаягдал усыг дахин ашиглах.

33.2.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ногоон оноог музей, номын сан, гадаад хэлний сургалтын төв, спортын клуб, эрчим хүчний төлбөр зэрэг албан татвараас бусад үйлчилгээний төлбөр төлөхөд зарцуулж болно.

33.3.

Энэ хуулийн 33.1-д заасан ногоон оноог олгох шалгуур үзүүлэлт, хэмжээ, түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх, санхүүжүүлэх, оноо зарцуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

4/

34 дүгээр зүйл:

34 дүгээр зүйл.Нийслэл хотын дагуул хот “34.1.Нийслэл хотын дагуул хот /цаашид "дагуул хот" гэх/ нь нийслэл хоттой эдэлбэр газар, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, хот бүрдүүлэгч дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар мөн.
34.2.

Дагуул хотыг стратегийн ач холбогдол бүхий дараах нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал байгуулна:

34.2.1.

улс, нийслэл болон тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;

34.2.2.

аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол;

34.2.3.

үндэсний болон олон улсын тээвэр, логистик болох газар зүйн байрлал;

34.2.4.

олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ болох дэд бүтэц;

34.2.5.

хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар нийслэл хотын төвлөрлийг сааруулахад үзүүлэх нөлөө;

34.2.6.

шинжлэх ухаан, инновац, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төрөлжүүлэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх боломж.

34.3.

Дагуул хотыг нийслэлийн болон бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид, эсхүл засаг захиргааны нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид дамнан байгуулж болно.

34.4.

Дагуул хотын эдэлбэр газрыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын эдэлбэр газартай давхардуулан олгож үл болно.

34.5.

Дагуул хотын Захирагчийн ажлын албаны төсвийг нийслэлийн төсөвт тусгайлан тусгаж батална.

34.6.

Дагуул хоттой холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.16 дахь заалтын дугаарыг 8.3.18 гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн эсхүл дүүргийн Засаг даргад гэснийг эсхүл дүүргийн, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагчид гэж, 24 дүгээр зүйлийн 24.3.1, 24.3.2, 24.3.3, 24.3.4 дэх заалтын, 24.5 дахь хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 25.4.3 дахь заалтын” хотын аж ахуйн гэснийг хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 35, 36, 37 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.