Монгол Улсын хууль
Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхчүүдэд Улсаас Олгох Тэтгэврийн Хэмжээг Нэмэгдүүлэх Тухай Хууль
Хүчин төгөлдөрОлон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхчүүдэд Улсаас Олгох Тэтгэврийн Хэмжээг Нэмэгдүүлэх Тухай Хууль
1962-01-30, Улаанбаатар62-h-01
Манай улсын өсвөрийн хүүхэд багачуудыг боловсон зөв хүмүүжүүлэн өсгөхөд улсаас үзүүлж байгаа тусламжийг нэмэгдүүлж, ард түмний аж амьдралыг улам дээшлүүлэх талаар МАХН-аас тавьж байгаа зорилтыг үндэслэж олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзээд БНМАУ-ын Ардын Их Хурлаас тогтоох нь:
Олон хүүхэд төрүүлэн өсгөсөн эхчүүдэд улсаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэн дор дурдсан хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
3 хүүхэд төрүүлэн өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 4, 5, 6 дахь хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил дутам 300 төгрөг:
6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 7, 8, 9 дэх хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил дутам 600 төгрөг;
9 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 10 ба түүнээс дээш хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил дутам 800 төгрөг; Олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэвэр тогтоогдох нийт хүүхдийн тоонд 8 нас хүрээгүй байхад нь бусдаас хууль ёсоор үрчилж авсан хүүхдийг оруулж байсугай.
Хоёр ихэр хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн төрүүлсэн хүүхэд тутамд 500 төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн төрүүлсэн хүүхэд дутамд 1000 төгрөгийг нэг удаагийн тэтгэвэр болгон олгож байсугай. 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдийн эсэн мэнд байгаа 3 ба түүнээс дээш хүүхдийг 4 нас хүртэл нь улсын зардлаар асрамжилсугай.
Олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэврийг тогтоох ба олгох, түүний бүртгэл, тайлан тооцооны ажлыг сум, хороодын гүйцэтгэх захиргаадаас аймаг, хотын гүйцэтгэх захиргаадын хяналтын дор гүйцэтгэж байсугай.
Энэ хуулийн 2, 3 дугаар зүйлд заагдсан тэтгэврийг тэтгэвэр тогтоогдсон хүүхдийн төрсөн өдрөөс хойш 3 сар болсоны дараа улирал дутам адил хэмжээгээр олгож байсугай.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн хүүхэд эхчүүдэд тэтгэвэр тогтоох ба олгох журмын тухай заавар батлаж гаргахыг БНМАУ-ын Сангийн Яаманд даалгасугай.
Энэ хуулийг БНМАУ-ын харьяат нарт хамааруулж 1962 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн журамласугай.
Энэ хууль гарсантай холбогдуулан БНМАУ-ын Их Хурлын 1952 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн <<Төрөгчид ба олон хүүхэдтэй эх нарт улсаас тэтгэвэр олгох тухай>> 65 дугаар зарлигийн 4, 5 дугаар зүйл, БНМАУ-ын Их Хурлын 1957 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн <<Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай>> хуулийн 3, 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.