Монгол Улсын хууль
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тухай Хууль
Хүчин төгөлдөрБүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тухай Хууль
1991-01-04, Улаанбаатар91-h-11
БНМАУ-ын Бага Хурал /цаашид "Улсын Бага Хурал" гэх/ нь хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага мөн.
Улсын Бага Хурлын тухай хууль тогтоомж нь БНМАУ-ын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль, мөн БНМАУ-ын Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын бусад шийдвэрээс бүрдэнэ.
Улсын Бага Хурлын үйл ажиллагаа нь БНМАУ-ын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэх, хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж цөөнхийн санаа бодлыг хүндэтгэн олонхийн саналаар шийдвэрлэх, олон түмний санаа бодлыг тусгах, ил тод байх зарчимд үндэслэнэ.
Улсын Бага Хурал нь БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрэлдэнэ.
Улсын Бага Хурлын гишүүний андгай Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн, мөн нөхөн сонгогдсон гишүүн БНМАУ-ын төрийн сүлдний өмнө "Алд бие мину алжааваас алжаатугай Аху төр мину бүү алдартугай Бүтэн бие мину алжааваас алжаатугай Бүрэн улс мину бүү алдартугай" гэж андгай өргөнө.
Улсын Бага Хурлын бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
Улсын Бага Хурлын бүрэн эрхийн хугацаа нь Улсын Бага Хурлыг сонгосон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын шийдвэр гарсан өдрөөс эхэлж шинэ Улсын Бага Хурлыг сонгосон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын шийдвэр гарсан өдөр дуусгавар болно.
Улсын Бага Хурлыг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө БНМАУ-ын Ардын Их Хурлын нийт депутатын дийлэнх олонхийн саналаар тарааж болно.
—
Улсын Бага Хурал хянан шалгах талаар дор дурдсан бүрэн эрх эдэлнэ:
БНМАУ-ын Үндсэн хууль, бусад хууль, БНМАУ-ын Ардын Их Хурлын болон Улсын Бага Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
БНМАУ-ын Засгийн газар, аймаг, хотын Ардын Хурлын шийдвэрийг БНМАУ-ын хуульд нийцээгүй байвал хүчингүй болгох;
БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл, түүний хэрэгжилтийг хэлэлцэх;
БНМАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БНМАУ-ын Дээд шүүхийн тайлан, аймаг, хотын Ардын Хурлын Тэргүүлэгчид, шаардлагатай гэж үзвэл яам, улсын хороо, тусгай газрын болон улсын банк, статистикийн байгууллагын илтгэл хэлэлцэх;
БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиглэл, улсын нэгдсэн төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
улсын санхүү, зээлийн бодлогын үндсэн чиглэлийг тогтоох;
БНМАУ-ын хилийн бодлогын үндсэн чиглэлийг тогтоож, түүний хэрэгжилтийн байдалд хяналт тавих.
Улсын Бага Хурал зохион байгуулах талаар дор дурдсан бүрэн эрх эдэлнэ:
БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдааныг зарлах;
БНМАУ-ын Ардын Их Хурлын чөлөө цагт түүнд дараа оруулан батлуулахаар БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Ерөнхий прокурорыг томилох, чөлөөлөх, БНМАУ-ын Дээд шүүхийн даргыг сонгох, чөлөөлөх;
БНМАУ-ын Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр БНМАУ-ын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах, түүнд өөрчлөлт оруулах, БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн цалин, хангамжийг нь тогтоох;
БНМАУ-ын Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа эсэхээ илэрхийлэх, шаардлагатай гэж үзвэл түүнийг огцруулах;
БНМАУ-ын Дээд шүүхийн даргын өргөн мэдүүлснээр Дээд шүүхийн бүрэлдэхүүн болон тусгай шүүхийн шүүгчдийг сонгох, тэдгээрт өөрчлөлт оруулах;
БНМАУ-ын Ерөнхий прокурорын өргөн мэдүүлснээр түүний орлогч нарыг томилох, чөлөөлөх;
БНМАУ-ын Засгийн газрын өргөн мэдүүлснээр БНМАУ-ын засаг захиргаа-нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулах;
орон нутгийн Ардын Хурлын зохион байгуулалт, үйл ажиллага ны эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагааг нь чиглүүлэх;
нийгэм, төрийн амьдралын нэн чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх;
ард нийтийн санал хураалт явуулах;
гадаад улстай дипломат харилцаа тогтоох, таслах;
БНМАУ-ын хүндэт цол, одон, медаль, цэргийн дээд цол, бусад алдар цол бий болгох, хүчингүй болгох;
дайн зарлах, энх тайван тогтоох.
Улсын Бага Хурал нь дээр дурдсан болон БНМАУ-ын хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна БНМАУ-ын Ардын Их Хурлын эрх хэмжээнд хамаарахаар хуульд зааснаас бусад төрийн дотоод, гадаад бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Улсын Бага Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын гол хэлбэр нь чуулган мөн.
Улсын Бага Хурлын ээлжит чуулганыг хагас жилд нэг удаа, ажлын 75 хоног хүртэл хугацаатайгаар хийнэ. Ээлжит чуулганыг билгийн тооллын хаврын дунд сарын шинийн 3, намрын дунд сарын 17-ны өдөр тус тус нээнэ.
Улсын Бага Хурлын ээлжит чуулган нээх өдөр нь амралт, баяр ёслолын өдөр таарвал түүнийг дараагийн өдөрт шилжүүлнэ.
Улсын Бага Хурлын ээлжит бус чуулганыг дор дурдсан тохиолдолд хийнэ:
БНМАУ-ын Ардын Их Хурлын шийдвэр, Улсын Бага Хурлын гишүүдийн олонхийн санал, Улсын Бага Хурлын даргын санаачилгаар;
БНМАУ-ын Ерөнхийлөгч, БНМАУ-ын Засгийн газар, эсхүл Улсын Бага Хурлын гишүүдийн гуравны нэгийн саналыг үндэслэн Улсын Бага Хурлын даргын шийдвэрээр.
Улсын Бага Хурлын дарга Улсын Бага Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай захирамж гаргах бөгөөд энэ тухай ажлын 5 хоногт багтаан Улсын Бага Хурлын гишүүдэд мэдээлнэ.
Хууль санаачлах эрх бүхий этгээдийн оруулсан асуудлыг Улсын Бага Хурал хэлэлцэнэ. Харин ийм эрхгүй байгууллага, иргэд нь хууль санаачлах эрхтэй этгээдээр уламжлан Улсын Бага Хуралд хэлэлцүүлэхээр асуудал оруулж болно.
Улсын Бага Хурлын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн асуудлыг хууль санаачлагч хэлэлцэхээс 30 хоногийн өмнө Улсын Бага Хуралд оруулсан байвал зохино. Энэ хугацаанд оруулаагүй асуудлыг тухайн чуулганаар хэлэлцэхгүй байж болно.
Улсын Бага Хурлын байнгын хороо /цаашид "байнгын хороо" гэх/ нь Улсын Бага Хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангах, түүний шийдвэрлэх асуудлаар бодлого боловсруулах, санал, дүгнэлт гаргах, түүнчлэн тус тусын эрхлэх асуудлын хүрээнд Улсын Бага Хурлын хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилго бүхий ажлын байгууллага мөн.
Байнгын хорооны тодорхой эрх, үүрэг, үйл ажиллагааны журмыг Улсын Бага Хурал тогтооно.
Улсын Бага Хурал байнгын хороог дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Улсын Бага Хурлын гишүүдээс сонгон байгуулна. Байнгын хорооны төрөл, бүрэлдэхүүний тоог Улсын Бага Хурал тогтооно.
Байнгын хороо эрхлэх ажлынхаа хүрээнд дор дурдсан үндсэн бүрэн эрх эдэлнэ:
хууль санаачлах;
Улсын Бага Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлаар санал өгөх, дүгнэлт гаргах;
БНМАУ-ын хууль, БНМАУ-ын Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг шалгаж хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
шаардлагатай гэж үзвэл саналаа БНМАУ-ын Засгийн газарт оруулах, БНМАУ-ын Засгийн газрын гишүүд, БНМАУ-ын Ардын Их Хурлаас байгуулагдаг бусад байгууллагын удирдах албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, тэдэнд асуулга, асуулт тавих бөгөөд асуулгын хариуг 30 хоногийн дотор бичгээр шаардан авах, энэ талаар гарсан маргааныг Улсын Бага Хурлаар шийдвэрлүүлэх.
Улсын Бага Хурал ажлын шаардлагыг харгалзан түр, дэд хороо, ажлын хэсэг байгуулж, тэдгээрийн эрх, үүрэг, үйл ажиллагааны журмыг тогтоож болно.
Улсын Бага Хурлын гишүүн бүрэн эрхээ БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгосон тухай тогтоол гарсан өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
Улсын Бага Хурал нь БНМАУ-ын Ардын Их Хуралд дараа оруулан батлуулахаар гишүүнийхээ бүрэн эрхийг дор дурдсан тохиолдолд БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаан хүртэл түдгэлзүүлж болно:
БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Засгийн газрын гишүүн, БНМАУ-ын Ерөнхий прокуророор томилогдсон, БНМАУ-ын Дээд шүүхийн даргаар сонгогдсон;
биеийн эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргасан;
БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаас огцорсон.
Улсын Бага Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болбол түүнийг огцорсонд тооцно.
Улсын Бага Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд БНМАУ-ын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулиар тогтоогдсон үүрэгт нь хамаарахгүй цалинтай буюу цалингүй өөр төрлийн ажил, албан тушаалыг хавсарч болохгүй.
Улсын Бага Хурлын гишүүн БНМАУ-ын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх эдэлж БНМАУ-ын Ардын Их Хурал, Улсын Бага Хуралд ажлаа тайлагнана.
Улсын Бага Хурлын гишүүн Улсын Бага Хурлын чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцохдоо дор дурдсан бүрэн эрх эдэлнэ:
аливаа асуудлыг хэлэлцэхэд таслах эрхтэй оролцох;
Улсын Бага Хурлын байнгын хороо болон бусад байгууллагыг сонгох буюу тэдгээрт сонгогдох. Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь Улсын Бага Хурлын байнгын хороо болон бусад байгууллагад сонгогдохгүй;
хууль санаачлах, тодорхой асуудлыг хэлэлцүүлэхээр бие даан боловсруулж оруулах;
хэлэлцэж байгаа асуудлын талаар илтгэгчээс асуух, санал, шүүмжлэл гаргах, саналынхаа үндэслэлийг танилцуулах, хэлсэн үг, тайлбар, дүгнэлтээ нийтлүүлэх;
гаргасан санал, тавьсан асуултад хариулт авах;
хэлэлцэж байгаа асуудлаар БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын тогтоол, бусад баримт бичгийн төсөл боловсруулж оруулах, оруулсан төслийг өөрчлөх;
Улсын Бага Хурлаас байгуулах байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, мөн сонгох, томилох, албан тушаалтны тухай санал, дүгнэлт гаргах;
Улсын Бага Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх шаардлага тавих, тэдэнд итгэхгүй байгааг илэрхийлэн огцруулах санал оруулах.
Улсын Бага Хурлын гишүүн иргэд, хамт олонтой уулзалт хийх, улс орны чанартай хурал, зөвлөлгөөн, цуглаанд оролцож үзэл бодлоо илэрхийлэх, мөн аль ч байгууллагад Улсын Бага Хурлын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар чөлөөтэй нэвтэрч, хүлээгдэлгүй уулзах эрхтэй.
Улсын Бага Хурлын гишүүн ямар ч байгууллага, албан тушаалтанд асуулт, асуулга тавих эрхтэй бөгөөд тэдгээрийн хариуг 30 хоногийн дотор бичгээр өгөхийг шаардаж улмаар шаардлагатай гэж үзвэл асуулга, түүний хариуг Улсын Бага Хурлын чуулган, холбогдох байнгын хорооны хуралдаанд сонордуулж хэрхэхийг шийдвэрлүүлнэ. Асуултын хариуг амаар буюу бичгээр өгнө. Улсын Бага Хурлын гишүүний тавьсан асуулга, асуултын талаар гарсан маргааныг Улсын Бага Хурал эцэслэн шийдвэрлэнэ.
Улсын Бага Хурлын гишүүн иргэд, хамт олноос ирүүлсэн санал, хүсэлтийг Улсын Бага Хурлын чуулган, байнгын хорооны хуралдаанд сонордуулж хэрхэхийг шийдвэрлүүлнэ. Мөн уг санал, хүсэлттэй танилцахыг холбогдох төр, олон нийтийн байгууллагын удирдах албан тушаалтнаас хүсч болно. Ийнхүү хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан түүний тогтоосон хугацаанд хянан үзэж хариу өгөөгүй бол энэ тухай анхааруулж Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргын хэн нэгэнд нь мэдэгдэнэ. Тухайн албан тушаалтан хүлээж авсан санал, хүсэлтийг БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэж холбогдох иргэн, хамт олон болон Улсын Бага Хурлын гишүүнд мэдээлэх үүрэгтэй.
Улсын Бага Хурлын гишүүн нь орон нутгийн Ардын Хурлын чуулган, тэдгээрийн байгууллагын хуралдаан, үзлэг, шалгалтад оролцох, шаардлагатай гэж үзвэл зохих сонирхогчдыг оролцуулан хяналт шалгалт санаачлан явуулах эрхтэй. Хяналт шалгалтын үр дүнгийн талаар холбогдох байнгын хороонд мэдээлж зохих арга хэмжээ авахуулна.
Улсын Бага Хурал эрх хэмжээнийхээ хүрээнд гишүүндээ нэмэгдэл эрх олгож болно.
Улсын Бага Хурлын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, олон нийтийн байгууллага, үйлдвэрийн газар, байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
Улсын Бага Хурлын гишүүнийг Улсын Бага Хурлын зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, түүний гэр, албан тасалгаа, биед нь нэгжлэг, үзлэг хийхийг хориглоно.
Улсын Бага Хурал тухайн гишүүнийхээ халдашгүй дархан эрхийг хөндөх тухай мэдэгдэл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор албан ёсны хариу өгөөгүй бол холбогдох байгууллага, албан тушаалтан дээрх арга хэмжээг авах эрхтэй. Улсын Бага Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай Улсын Бага Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
Улсын Бага Хурлын гишүүн нь гадаадад байх, зорчих хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ.
Улсын Бага Хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
Улсын Бага Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын албан татвараас бусад албан дайчилгаа, цэргийн ээлжит татлагаас чөлөөлөгдөнө.
Улсын Бага Хурлын гишүүний цалингийн хэмжээг БНМАУ-ын Ардын Их Хурал тогтооно.
Улсын Бага Хурлын гишүүний албан тушаалд ажилласан хугацааг улсад ажилласан нийт болон сонгогдохын өмнө ажиллаж байсан мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.
Улсын Бага Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон буюу энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3, 19 дүгээр зүйлийн 2-ын 2-т заасан тохиолдолд түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр ямар ч байгууллагад урьд авч байсан цалин хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно.
Улсын Бага Хурлын гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацаанд "БНМАУ-ын Бага Хурлын гишүүн" гэсэн үнэмлэх, төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Улсын Бага Хурлын гишүүний үнэмлэх, хэвлэмэл хуудасны загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг Улсын Бага Хурал батална.
Улсын Бага Хурлын гишүүн нь БНМАУ-ын хууль тогтоомж, төр, ард түмний бүрэн эрхт төлөөлөгчийн баримтлах зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих үүрэгтэй. Хэрэв Улсын Бага Хурлын гишүүн энэ үүргээ зөрчвөл, мөн бүрэн эрхээ хэтрүүлбэл тухайн асуудлыг байнгын хороо буюу Улсын Бага Хурлын даргын хүсэлт эсвэл гишүүдийн олонхийн шаардлагаар Улсын Бага Хурал хянан хэлэлцэж дор дурдсан хариуцлагын арга хэмжээг хүлээлгэнэ:
анхааруулах;
буруушаах;
гишүүнээс огцруулах саналыг БНМАУ-ын Ардын Их Хуралд тавих.
Улсын Бага Хурлын гишүүн чуулган дээр хэлсэн үг, дэвшүүлсэн саналынхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй.
Улсын Бага Хурлын гишүүн нь өөрт итгэмжлэн мэдэгдсэн улсын болон албаны нууцыг чанд хамгаалах үүрэгтэй бөгөөд тэдгээрийг хувийн хонжоо олох зорилгоор ашиглахыг хориглоно.
Улсын Бага Хурлын гишүүд албан үйл ажиллагаатай нь холбогдуулан өгсөн 500 төгрөгнөөс дээш үнэтэй бэлгийг Улсын Бага Хуралд танилцуулж байна. Уг бэлгийг хэрхэхийг Улсын Бага Хурал шийдвэрлэнэ.
Улсын Бага Хурал шаардлагатай гэж үзвэл гишүүнийхээ илтгэл, мэдээлэл, тайланг сонсож зохих шийдвэр гаргана.
Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргын бүрэн эрх нь энэ хуулийн 19-22 дугаар зүйл, мөн БНМАУ- ын бусад хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
Улсын Бага Хурлын дарга нь Улсын Бага Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг ерөнхийд нь удирдан зохион байгуулж, БНМАУ-ыг Улсын Бага Хурлын эрх хэмжээний хүрээнд дотоод, гадаадад төлөөлнө. Улсын Бага Хурлын орлогч дарга нь Улсын Бага Хурлын даргын эзгүйд үүргийг нь гүйцэтгэхээс гадна Улсын Бага Хурал, түүний даргаас даалгасан бусад ажлыг эрхэлнэ. Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга нь Улсын Бага Хурлын дотоод зохион байгуулалтын ажил, аппаратын өдөр тутмын ажлыг удирдана.
Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.
Улсын Бага Хурлын даргын орон сууц, түүний зарлал үйлчилгээг улс хариуцна. Улсын Бага Хурлын дарга унаагаар хангагдана. Улсын Бага Хурлын даргын бие, бүрэн эрх, нэр төр, алдар хүнд, орон сууц, унаа халдашгүй дархан байна. Улсын Бага Хурлын дарга улсын хамгаалалтад байна. Улсын Бага Хурлын даргын биеийн эрүүл мэндийг онцлон хамгаална. Улсын Бага Хурлын дарга бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн хугацаанд Улсын Бага Хурлаас тогтоосон хангамж эдэлж, улсын хамгаалалтад байна.
БНМАУ-ын хуулийг батламжлагдсанаас нь, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг батлагдсанаас нь хойш Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга зөвшөөрснөөр 3 хоногийн дотор "Ардын эрх" сонинд нийтэлнэ.
БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэр нь тэдгээрт тухайлсан хугацаа заагаагүй бол "Ардын эрх" сонинд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн "Төрийн мэдээлэл" сэтгүүлд болон "Ардын эрх" сонинд нийтлэхээс гадна товхимол болгон хэвлүүлж болно. Эдгээрийг БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн албан ёсны эх сурвалж болгон хэрэглэнэ.
БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг төв, орон нутгийн бусад сонин, хэвлэлд нийтлэх, радио, телевизээр дамжуулахдаа "Төрийн мэдээлэл" сэтгүүл, "Ардын эрх" сонинд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд ийнхүү дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.
Улсын Бага Хурлын чуулганы явц, үр дүнгийн тухай олон нийтэд зориулсан албан ёсны мэдээллийг зөвхөн Улсын Бага Хурлын итгэмжлэгдсэн сурвалжлагч буюу хэвлэлийн төлөөлөгч хариуцан нийтлүүлнэ.
Улсын Бага Хурал, түүний аппаратын зардлыг БНМАУ-ын төсвөөс санхүүжүүлнэ. Түүнийг нэгтгэн зохицуулж зарцуулах асуудлыг Улсын Бага Хурлын дарга эрхлэн хэрэгжүүлнэ.
Улсын Бага Хурлын жил бүрийн зардлын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг Улсын Бага Хурлын чуулган батална.
Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн. Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батална.
Улсын Бага Хурлын Тамгын газар нь БНМАУ-ын Ардын Их Хурал, түүний депутат, байнгын комисс, Монголын парламентын бүлгэмд нэгэн адил үйлчилнэ.
Улсын Бага Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн БНМАУ-ын төрийн сүлд бүхий тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Улсын Бага Хурлын байнгын хороо нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.