Монгол Улсын хууль
Газрын Тосны Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тосны Тухай
1991-01-18, Улаанбаатар91-H-02
Монгол Улсын газрын тосны тухай хуулийн зорилт нь Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэдээс тус улсын газрын хэвлийд оршиж буй газрын тосыг хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
"Газрын тос" гэсэн ойлголтод газрын хэвлийд байгаа шингэн тос, хий болон хатуу байдалтай хамтад нь буюу дангаар нь олборлож болох нүүрс-ус төрөгчийн төрөл бүрийн нэгдлийг хамааруулна.
"Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа" гэсэн ойлголтод газрын тос хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах ажиллагааг хамааруулна.
"Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага" гэж Монгол Улсын Засгийн газраас газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих эрх олгосон байгууллагыг хэлнэ.
"Гэрээлэгч" гэж тус улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар газрын тосны хэрэг эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэнийг хэлнэ.
Монгол Улсын газрын хэвлийд байгаа газрын тос нь зөвхөн төрийн өмч байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн явуулна.
Монгол Улсын Засгийн газар нь улс үндэсний аюулгүй байдлыг хангах, газрын тосны орд-байгалийн агууламжид гэмтэл, хүн ам, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүх, соёлын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт газрын тос олборлохыг хориглох буюу хязгаарлах шийдвэр гаргаж болно.
Газрын тосны хайгуулын хөтөлбөрийг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг зөвхөн газрын тосны хэрэг эрхлэх байгууллага эдэлнэ.
Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газар батлан гаргана.
Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын гэрээлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд, иргэдийн нэг адил Монгол Улсын эрх зүйн хамгаалалтад байж, Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Газрын тосны тухай гэрээнд дор дурдсан үндсэн шаардлага тавигдана:
газрын хэвлийд байгаа ордын нөөцийн 20-иос доошгүй хувийг олборлож чадахуйц техник технологийг хэрэглэх;
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр бий болгон хөгжүүлэхийг эрхэмлэх;
мэргэжилтэй ажилтан бэлтгэх, гадаадын иргэдийг хөлслөн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх;
газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд эдийн засгийн өндөр үр ашигтай, хүрээлэн байгаа орчны зохист тэнцвэрийг алдагдуулахааргүй техник, технологи хэрэглэх;
газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай бүх мэдээ, баримт, тайланг газрын тосны хэрэг эрхлэх байгууллагад бүрэн эхээр нь шилжүүлэх;
хүн амын аюулгүй байдлыг хангах, ажиллагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эд хөрөнгө, байгалийн нөөц баялаг, газар, түүний хэвлий болон хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх.
Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан эдэлбэр газрын зөвшөөрлийг орон нутгийн эрх барих байгууллага, уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг Засгийн газар тус тус олгоно.
Зөвшөөрсөн эдэлбэрийн хилээс гадна газрын тос хайх, олборлохыг хориглоно.
Эрэл, хайгуулын ажил явуулах хугацаа 5 хүртэл жил байна.
Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага нь гэрээлэгчтэй нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр эрэл, хайгуулын ажлын хугацааг 2 удаа тус бүр 2 жилээр сунгаж болно. Гэрээлэгч эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээний биелэлтийн явц, гэрээт талбайд эрэл, хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах шаардлагыг харгалзан эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг 5 хүртэл жилээр сунгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
Газрын тосны ордыг ашиглах хугацаа нь газрын тос олборлохыг зөвшөөрөх тухай газрын тосны хэрэг эрхлэх байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 20 хүртэл жил байж болно.
Гэрээлэгч нь боловсруулах үйлдвэр барих, шингэн тос, байгалийн хий тээвэрлэх хоолой тавих зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц шинээр барьж байгуулах тохиолдолд орд ашиглах хугацааг газрын тосны хэрэг эрхлэх байгууллага хоёр удаа тус бүр 5 жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно.
Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөрийг улсад төлнө. Төлбөрийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар тогтооно. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд газрын тос олборлосны төлбөрийг бүтээгдэхүүн хуваах тооцоонд оруулж болно.
Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчид Монгол Улсын хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна.
Газрын тос олборлосны төлбөр, татвар төлөх хэлбэрийг гэрээлэгч болон газрын тосны хэрэг эрхлэх байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар тогтооно.
Гэрээлэгчийн татварын хувь, хэмжээ болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.
Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөр болон зардлаа нөхөх хэсгийг нийт олборлолтоос хасаад үлдсэн бүтээгдэхүүнийг газрын тосны хэрэг эрхлэх байгууллагатай хуваана. Бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг хоногт гаргаж байгаа газрын тосны хэмжээтэй уялдуулан тохиролцож газрын тосны тухай гэрээнд тодорхойлон заана.
Гэрээлэгч хуваарьт газрын тосоо экспортлож болно.
Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага нь гэрээлэгчээс түүний хуваарьт газрын тосыг Монгол Улсын дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийг хүсэх эрхтэй.
Гэрээлэгч нь газрын тосыг үр ашигтай олборлож эхэлсэн нөхцөлд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулсан зардлаа нөхөж авах эрхтэй. Зардал нөхөхөд тухайн гэрээлэгчийн жилд олборлосон нийт газрын тосны 40 хүртэл хувийг зарцуулна.
—
Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүссэн эд хөрөнгийн маргааныг газрын тосны тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүх Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хянан шийдвэрлэнэ.
Газрын тосны тухай гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг хүчингүй болгох зэрэг гэрээтэй холбогдох асуудлаар үүссэн маргааныг талууд хүсвэл НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн байгууллагын дүрмийн дагуу зохицуулан шийдвэрлүүлж болно.
Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг дур мэдэн буюу зөвшөөрөлгүй явуулсан бол тухайн этгээдийн уг үйл ажиллагаа явуулахад хэрэглэсэн тоног төхөөрөмж, эд хөрөнгө, олборлосон бүтээгдэхүүн, орлогыг Монгол Улсын эрх бүхий байгууллага хураан авч улсын орлогод шилжүүлнэ. Харин уг үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байвал Монгол Улсын шүүх шийдвэрлэнэ.
Гэрээлэгч талууд нь энэ хууль болон Монгол Улсын холбогдох бусад хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгууллага, иргэдэд хохирол учруулсан бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Гэрээлэгч талууд нь гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлыг гэрээнд буюу Монгол Улсын иргэний хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай тал нь нөхөн төлнө.
Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс дагаж мөрдөнө.