Монгол Улсын хууль
Олон Улсын Валютын Сан, Шинэчлэл Хөгжлийн Олон Улсын Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Олон Улсын Хөгжлийн Ассоциацид Бнмау Гишүүнээр Элсэх Тухай
Хүчин төгөлдөрОлон Улсын Валютын Сан, Шинэчлэл Хөгжлийн Олон Улсын Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Олон Улсын Хөгжлийн Ассоциацид Бнмау Гишүүнээр Элсэх Тухай
1991-01-22, Улаанбаатар91-H-03
Монгол Улсын Засгийн газар нь олон улсын валютын Сан /цаашид "Сан" гэх/, Шинэчлэл хөгжлийн олон улсын Банк /цаашид "Банк" гэх/, Олон улсын санхүүгийн Корпорац /цаашид "Корпорац" гэх/, Олон улсын хөгжлийн Ассоциац /цаашид "Ассоциац" гэх/-ийн хэлэлцээр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд /энэ хуулийн I, П, Ш, 1Ү хавсралт/ болон дээрх байгууллагууд Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолын заалт, нөхцөл, Сангийн хэлэлцээрт оруулах гурав дахь нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын нэрийн өмнөөс Сан, Банк, Корпорац, Ассоциацид гишүүнээр элсэх бүрэн эрхийг энэ хуулиар эдэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын Сангийн сайд Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрсөн батламж өгч, гишүүнээр элсэхэд шаардагдах бусад баримт бичгийг үйлдэн хэлэлцээрүүдийн эх хувьд гарын үсэг зурж зохих газарт нь хадгалуулна.
Монгол Улс Санд гишүүнээр элссэнээр Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох эрх эдлэх бөгөөд үүнтэй уялдаж Монгол Улсын хүлээх үүргийг биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаа тодорхойлон Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох батламжийг Монгол Улсын нэрийн өмнөөс Сангийн сайд гардуулж хадгалуулна.
Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүдэд заасан журмын дагуу эдгээр байгууллагаас Монгол Улсын нэрийн өмнөөс зээл авах, өөр зохимжтой хэлбэрээр хөрөнгө авч ашиглах, авсан зээл, хөрөнгөө буцаан төлөх, Монгол Улсын дээрх байгууллагуудад гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолд заасан хэмжээгээр эдгээр байгууллагад хувь хөрөнгө оруулах, Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газарт Монгол Улс оролцохтой холбогдсон төлбөр хийх үүргийг Монгол Улсын Сангийн яам хариуцан гүйцэтгэнэ. Монгол Улс Сан, Банк, Асоциацид гишүүнээр элссэнээс үүдэн үнэт цаас /бусдад дамжуулах эрхгүй, хүүгүй/ гаргах зайлшгүй тохиолдолд уг үнэт цаасыг эдгээр байгууллагуудын зохих хэлэлцээрүүдийн дагуу гаргах эрхийг Сангийн яам эдэлнэ.
Монгол Улсын Сангийн яам Монгол Улсын нэрийн өмнөөс Сан, Банк, Корпорац, Ассоциацтай санхүүгийн болон ажил хэргийн талаар харилцагч байгууллагын үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улсын Сангийн яам Сан, Банкны хэлэлцээрүүдээр зөвшөөрөгдсөн ажил, гүйлгээний дагуу Монгол Улсад олгох, гуйвуулах мөнгийг хүлээн авах эрх эдэлнэ.
Монгол Улсын төв банк нь Сан, Банк, Корпорац, Ассоциацийн эзэмшилд байгаа Монгол Улсын валют, үнэт цаасыг хадгалах үүрэг хүлээнэ.
Сан, Банк, Корпорац, Ассоциацийн дээрх хэлэлцээрүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүрэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Монгол Улсын Засгийн газар Сан, Банк, Корпорац, Ассоциацид Монголын талын захирагч, орлогч захирагчийг томилно.
Монгол Улсын Засгийн газар нь Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүд болон Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлж, энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих заавар, журам гаргана.
Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс дагаж мөрдөнө.