Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1991 › Өмч Хувьчлах Тухай

Монгол Улсын хууль

Өмч Хувьчлах Тухай

Хүчин төгөлдөр

Өмч Хувьчлах Тухай

1991-05-22, Улаанбаатар91-H-07

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл
1 дугаар зүйл.Хуулийн зорилт

Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн өмчид байгаа эд хөрөнгийн тодорхой хэсгийг Монгол Улсын иргэд болон энэ хуульд заасан хуулийн этгээдийн өмчид шилжүүлэх /цаашид "хувьчлах" гэх/-тэй холбогдсон харилцааг зохицуулах, түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах зарчмын онцлогийг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл.Хувьчлах зарчим

Өмч хувьчлахдаа ил тод, төр, олон нийтийн хяналттай байх, хувьчлагдаж байгаа үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан үйлдвэрийн газар, байгууллагынхаа хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлэн авах талаар давуу эрх эдлэх зарчмыг удирдлага болгоно.

3 дугаар зүйл.Хувьчлалд хамаарах төрийн өмчлөлийн зүйлс
1.

Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллага /цаашид "үйлдвэрийн газар" гэх/-ын эд хөрөнгө хамаарна.

2.

Төрийн өмчид үлдэх үйлдвэрийн газрын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.

4 дугаар зүйл.Хувьчлах эд хөрөнгийг өмчлөх эрх
1.

Төрийн хувьчлагдах эд хөрөнгийг Монгол Улсын иргэн бүр энэ хууль болон Монгол Улсын бусад хуульд заасан бүх арга хэлбэрийн дагуу өмчлөх адил тэгш эрхтэй.

2.

Гадаадын иргэн болон харьяалалгүй хүмүүс төрийн өмчийн эд хөрөнгийг гагцхүү үнэ төлбөртэйгээр хувьд шилжүүлэхэд /худалдах, хувьцаалах болон Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр/ өмчлөгч болон оролцож болно.

5 дугаар зүйл.Хувьчлах ажлын удирдлага, хяналт шалгалт
1.

Өмч хувьчлах ажлыг улсын хэмжээнд Монгол Улсын Засгийн газар, засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжид тухайн Ардын Хурал, түүний гүйцэтгэх захиргаа нэгдсэн удирдлагаар хангаж, улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

2.

Улс, орон нутгийн хэмжээнд өмч хувьчлах ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн Хурал, түүний гүйцэтгэх захиргааны шийдвэрийн дагуу эрхлэн зохион байгуулж, аргачилсан удирдлагаар хангах, тодорхой эд хөрөнгө хувьчлах шийдвэр гаргах бүрэн эрх бүхий өмч хувьчлалын комиссыг Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн Хурлын гүйцэтгэх захиргаа тус тусын дэргэд байгуулж ажиллуулна. Өмч хувьчлалын комиссын бүрэн эрх, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг энэ хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар тодорхойлно.

3.

Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

4.

Хувьчлах ажилд олон нийтийн төлөөлөгчдийг оролцуулах, тэднээс хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд үйлдвэрийн захиргаа нь өмч хувьчлах ажилд туслах комисс байгуулан ажиллуулж болно.

6 дугаар зүйл.Хувьчлах эд хөрөнгийн үнэлгээний журам

Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгийн үнэлгээний журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл.Хувьчлалын сан
1.

Хувьчлах ажлыг санхүүжүүлэх, хувьчлалтай холбогдсон шаардлагатай бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хувьчлалын сан байгуулна.

2.

Хувьчлалын сан нь хувьчлах эд хөрөнгийг борлуулсны орлого, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, хувьчлалыг дэмжиж Монгол Улсын байгууллага, иргэд, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүмүүсээс үзүүлсэн зээл, тусламжийн хөрөнгө, бусад орлогоос бүрдэнэ.

3.

Хувьчлалын сангийн зориулалт, түүнийг байгуулах, зарцуулах журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

8 дугаар зүйл.Хувьчилсан эд хөрөнгийн өмчлөгчтэй хийх гэрээ
1.

Хувьчлагдсан үйлдвэрийн газрын захиргаа, хамт олон хөдөлмөрийн болон хамтын гэрээг шинэчлэн байгуултал урьд байгуулсан гэрээгээ биелүүлэх үүрэгтэй. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнээс хойш 6 сарын дотор хамтын болон хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулна.

2.

Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь уул эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдтэй үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, хангамж, ажилтны тоо зэрэг асуудлаар харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулж болно.

9 дугаар зүйл.Өмчлөх эрхийн гэрчилгээ

Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно.

10 дугаар зүйл.Маргааныг хянан шийдвэрлэх
1.

Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо уул шийдвэрийг гаргасан байгууллагыг харьяалах дээд байгууллагад нь шийдвэр хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гаргана.

2.

Хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГХувьчлах арга
11 дугаар зүйл.Хувьчлах арга

Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгө болон хувьцааг Монгол Улсын иргэдийн хувийн өмчид хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр шилжүүлэх явдлыг бэлнээр болон зээл үнээр худалдах, арилжих зэрэг хуульд заасан бусад аргатай хослуулан хэрэгжүүлнэ.

12 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, түүнийг эзэмшигчийн эрх
1.

Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /цаашид "эрхийн бичиг" гэх/-ийг энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдөр болон түүнээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн нэг удаа авах эрхтэй. Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь эрх олох, үүрэг бий болгох чадваргүй эсхүл цэргийн хугацаат алба хааж байгаа, гадаадад оршин суугаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүний хууль ёсны төлөөлөгч буюу итгэмжлэгдэгчид нь олгож болно.

2.

Эрхийн бичигт нь хувьчлах эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж авах эрхийг тус тусад нь тодорхойлсон байх бөгөөд түүнийг Монгол Улсын төрийн өмчид байгаа үндсэн хөрөнгөөр баталгаажуулна.

3.

Эрхийн бичгийн хууль ёсны эзэмшигч нь хувьчлах эд хөрөнгө худалдан авах эрх /бичиг/-ээ бусдад хариу төлбөртэй ба үнэ төлбөргүйгээр шилжүүлэх эрхтэй. Харин хувьцаа худалдан авах эрх /бичиг/-ийг бусдад шилжүүлж болохгүй.

4.

Эрхийн бичгийг авахдаа хураамж төлнө. Хугацаандаа ашиглаагүй эрхийн бичгийг түүнийг олгосон байгууллагад буцаан өгч хураамжаа эгүүлэн авч болно.

5.

Эрхийн бичгийн загвар, түүнийг хэвлэх, тараах, ашиглах, түүнчлэн хураамжийн хэмжээ, түүнээс чөлөөлөх журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

6.

Эрхийн бичгийг 2 жилийн хугацаанд хүчинтэй байхаар түүнд зааж гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг Монгол Улсын Засгийн газар сунгаж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГҮйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувийн өмчид шилжүүлэх /Бага хувьчлал/
13 дугаар зүйл.Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгө

Бага хувьчлалд худалдаа, үйлчилгээний болон бусад салбарын жижиг үйлдвэрийн газар, түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамрагдана.

14 дугаар зүйл.Бага хувьчлалыг хэрэгжүүлэх арга

Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчилна. Дуудлагын худалдааг зохион байгуулах нийтлэг журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

15 дугаар зүйл.Хөнгөлөлт, давуу эрх
1.

Хувьчлах эд хөрөнгийг тухайн үйлдвэрийн газрын ажилтан дуудлагын худалдаагаар худалдан авбал түүнд худалдан авсан үнийн 10 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

2.

Хувьчилж байгаа эд хөрөнгийг иргэний түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа иргэд нь хэрэв хүсвэл тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГҮйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьцаалж хувийн өмчид шилжүүлэх /Их хувьчлал/
16 дугаар зүйл.Их хувьчлалд хамаарах эд хөрөнгө

Их хувьчлалд энэхүү хуулийн 3 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйлд зааснаас бусад үйлдвэрийн газрын эд хөрөнгө хамрагдана.

17 дугаар зүйл.Их хувьчлалыг хэрэгжүүлэх арга

Их хувьчлалыг Монгол Улсын иргэд эрхийн бичгээ оролцуулан үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авч хувьцаат компани байгуулах замаар хэрэгжүүлнэ.

18 дугаар зүйл.Хувьчлах төсөл

Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохих шатны өмч хувьчлалын комиссоос баталсан "Хувьчлах төсөл"-ийн дагуу хэрэгжүүлнэ. Уул төслийг тухайн үйлдвэрийн газрын захиргаа, эсхүл зохих шатны өмч хувьчлалын комиссын эрх олгосон байгууллага, ажилтан боловсруулна.

19 дугаар зүйл.Хувьцааг худалдах

Үйлдвэрийн газрын хувьцааг зөвхөн биржээр дамжуулан худалдана. Биржийн дүрмийг Монгол Улсын Засгийн газар батална.

20 дугаар зүйл.Давуу эрх

Хувьчилж байгаа үйлдвэрийн газрын ажилтан үйлдвэрийн газрынхаа хувьцааг нэрлэсэн үнээр нь тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГХөдөө аж ахуйн нэгдлийн өмч хувьчлах
21 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах ерөнхий зарчим
1.

Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг энэ хууль, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн тухайн нэгдлийн бүх гишүүний саналыг үндэслэн хувьчилна. Хувьчлах аргаа тухайн нэгдлийн гишүүд өөрсдөө сонгоно. Энэ ажилд Монгол Улсын Засгийн газраас арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

2.

Нэгдлийн гишүүдэд олгосон эрхийн бичиг нь юуны өмнө тухайн нэгдлийн үндсэн хөрөнгөөр баталгаажина. Нэгдлийн гишүүн өрхийн нэгдэлд элсээгүй гишүүнд олгосон эрхийн бичиг нь төрийн өмчөөр баталгаажина. Хэрэв тухайн нэгдэл өрхийнхээ нэгдэлд элсээгүй гишүүнд эрхийн бичгийн нэрлэсэн үнийн хэмжээгээр өмч хувьчлан шилжүүлсэн бол төрийн өмчөөс эд хөрөнгө давхардуулан хувьчлахгүй. Энэ заалт нэгдлийн гишүүн, уул өрхийн нэгдлийн гишүүн бус иргэдийн төрийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хувьцаа худалдан авах эрхийг хөндөхгүй.