Монгол Улсын хууль
Захиргааны Хариуцлагын Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хариуцлагын Тухай
1992-11-27, Улаанбаатар92-H-11
Энэ хуулийн зорилт нь захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид "зөрчил" гэх/ гэж үзнэ.
Зөрчил гаргасан этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулж болно:
торгох;
тусгайлан олгосон эрх хасах /тээврийн хэрэгсэл жолоодох;
хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах;
баривчлах.
албадан сургалтад хамруулах.
Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах, албадан сургалтад хамруулах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ.
Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил гаргасан иргэнийг торгох шийтгэл 100-50000, албан тушаалтныг торгох шийтгэл 1000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох шийтгэл 50000-250000 төгрөгийн хэмжээтэй, баривчлах шийтгэл 7-30 хоног, тусгайлан олгосон эрх хасах шийтгэл 6 сараас 2 жил хүртэл хугацаатай байна. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь энэ хуулийн 28¹ дүгээр зүйл зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хамаарахгүй.
Хуульд заасан баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэлийг шүүгч ногдуулна.
Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.
Хуульд өөрөөр заагаагүй бол албадан сургалтад хамруулах шийтгэл нь 16-56 цаг хүртэл хугацаатай байна.
Энэ хуульд заасан захиргааны журмыг хуулиар тогтоох ба ийнхүү тогтоох хүртэл Засгийн газар энэ журмыг тогтоож, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуульд заасан хүрээнд, зөрчлийн шинж байдалд нийцүүлэн ялгавартайгаар тогтооно.
Улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Монгол Улсын сайд томилно.
Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно.
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно.
Захиргааны шийтгэл хүлээсэн этгээд уг шийтгэлийг эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор захиргааны журам дахин зөрчөөгүй бөгөөд хууль тогтоомжид өөр хугацаа заагаагүй бол захиргааны шийтгэлгүйд тооцогдоно.
Зөрчил гаргасан этгээд захиргааны хариуцлага хүлээхээс оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. Энэ тохиолдолд уг этгээдийг олж илрүүлсэн буюу түүний хэргээ илчлэн ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.
Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нөхцөлд зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.
Сэтгэл мэдрэлийн архаг өвчин, сэтгэл мэдрэлийн үйл ажиллагааны түр сарнилт болон сэтгэцийн бусад өвчний улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хариуцах буюу жолоодох чадваргүй үедээ зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.
Дараахь албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ:
шүүгч;
сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан;
хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах ;
хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч;
хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан;
консулын эрх бүхий албан тушаалтан;
төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал;
хуульд тусгайлан заасан тохиолдолд байгаль хамгаалагч;
олон нийтийн цагдаа;
хуульд тусгайлан заасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга.
Зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт захиргааны зөрчил гаргасан гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
Бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны журмын биелэлтийг тухайн байгууллагадаа зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд түүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
Хугацаат цэргийн албан хаагч зөрчил гаргасан тохиолдолд түүнд сахилгын хариуцлага хүлээлгэхээр холбогдох баримт сэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд болох аж ахуйн нэгж, байгууллага захиргааны хариуцлага хүлээнэ.
Зөрчил гаргасан этгээд дараахь эрх эдэлнэ:
зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох;
нотлох баримттай танилцах;
зөрчлийн талаар тайлбар өгөх,нотлох баримт, хүсэлт гаргах;
шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах;
хууль зүйн туслалцаа авах;
эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах.
Захиргааны хариуцлага хүлээлгэхээр энэ хуульд заасан зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:
шүүгч энэ хуулийн 21, 22, 22¹, 23, 24, 25¹, 30, 30¹, 30², 30³ ,30⁴, 30⁶, 31, 32, 33, 34, 34², 36, 37, 40, 41, 42, 45, 48 53¹дүгээр зүйлд заасан зөрчил;
сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 21, 23, 24, 25¹, 29¹, 30², 30³, 32, 38, 39, 40, 42, 43, 44, 45, 46 дугаар зүйлд заасан зөрчил;
цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн 21, 23, 24, 25¹, 25, 26, 28¹, 30², 30³, 30⁷ 31, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 45, 47, 47¹, 48, 50 дугаар зүйлд заасан зөрчил;
хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 25, 25¹, 25², 26, 26¹, 27, 28¹, 30⁴ дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 34¹, 35, 38¹, 42, 43, 43¹, 44, 46, 46¹, 47, 50, 52 дугаар зүйлд заасан зөрчил; /Энэ заалтад 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиудаар нэмэлт оруулсан/
хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах энэ хуулийн 28¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлд заасан зөрчил;
хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан энэ хуулийн 30³ дугаар зүйлд заасан зөрчил;
консулын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчил.
төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал энэ зүйлийн 30⁵ дугаар зүйлд заасан зөрчил;
олон нийтийн цагдаа энэ хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, 25¹ дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлд заасан зөрчил болон 52 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах зөрчил.
Зөрчлийг хянан шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн тухай гомдол, мэдээлэл, үйл баримтыг үндэслэн зөрчлийг хянан шалгах ажиллагааг 14 хоногийн дотор явуулна.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг тухайн эрх бүхий байгууллагын удирдлагын шийдвэрээр 14 хүртэл хоногоор сунгаж болно.
Зөрчлийг хянан шалгах ажиллагаанд зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах, зөрчил гаргасан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, албадан саатуулах ажиллагаа хамаарна.
Дараахь тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй:
захиргааны хариуцлага тогтоосон хууль тогтоомж хүчингүй болсон;
зөрчил гаргасан этгээд зөрчил үйлдэх үедээ захиргааны хариуцлага хүлээх насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй байсан;
зөрчил гаргасан этгээд нас барсан;
хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулах тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг цагдаагийн эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ.
Тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө.
Зөрчлийн тухай тэмдэглэлд зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг, зөрчил гаргасан этгээдийн овог, нэр, хаяг, эрхэлсэн ажил, зөрчлийн байдал, учруулсан хохирол, захиргааны хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, хохирогч болон гэрчийн нэр, хаяг, зөрчил гаргасан этгээдийн тайлбар, зөрчлийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бусад мэдээг тэмдэглэнэ.
Тэмдэглэл үйлдсэн албан тушаалтан, зөрчил гаргасан этгээд, хохирогч, гэрч тэмдэглэлд гарын үсэг зурна.
Нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэлийг шийтгэл ногдуулах шийдвэрт товч тэмдэглэж зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна.
Зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана. Ийнхүү гарын үсэг зурахаас татгалзсан нь хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.
Зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил гаргасан этгээдийг сумын Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах захиргааны журмаар албадан саатуулж болно.
Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байвал зохино.
Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар түр саатуулах хугацаа 6 цагаас илүү байж болохгүй.
Зөрчил гаргасан этгээдийг ноцтой хор уршиг бий болгоход хүргүүлэхгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд харьяалах шүүхэд албан ёсоор мэдэгдэж түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар захиргааны журмаар албадан саатуулж болно. Улсын хилийн дэглэм зөрчигчийн хувийн байдлыг нотлох баримт бичиггүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгээр 10 хоног хүртэл хугацаагаар саатуулж болно.
Албадан саатуулагдсан этгээд хаана, ямар газар, албан тушаалтны мэдэлд байгааг зөрчил гаргасан этгээд болон түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид мэдэгдэнэ.
Албадан саатуулах байрны дэглэм, журмыг Засгийн газар тогтооно.
Согтуурах, мансуурах донтой, түүнчлэн сэтгэцийн өвчтэй буюу биеийн байцаалт тодорхойгүй этгээд зөрчил гаргасан бол тэдгээрийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулж болно.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан саатуулагдсан согтуурах, мансуурах донтой болон сэтгэцийн өвчтэй этгээдийн талаар эмнэлгийн дүгнэлт гаргуулах, албадан эмчлүүлэх тухай материалыг бүрдүүлж холбогдох байгууллагад шилжүүлнэ.
Согтуурах, мансуурах донтой болон сэтгэцийн өвчтэй этгээдийг албадан саатуулах байр нь хяналт хамгаалалттай, тусгайлан тогтоосон дэглэм, шаардлага хангасан байна.
Захиргааны зөрчил илэрсэн буюу зөрчил гарсан байж болох хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор зөрчил гарсан газар, эд зүйл, бичиг баримт болон зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийж болно.
Зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
Зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийхэд уг этгээдийг нүцгэлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөндлөнгийн гэрч нь зөрчил гаргасан этгээдтэй ижил хүйсний хүн байвал зохино. Харин үзлэг хийх эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргасан этгээдтэй ижил хүйсний биш байвал эмч урьж үзлэг хийлгэнэ.
Эд зүйлд үзлэг хийхдээ эзнийг нь байлцуулна. Эзэн нь байлцах боломжгүй бөгөөд хойшлуулшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан эд зүйлд үзлэг хийж болно.
Биед болон эд зүйлд үзлэг хийсэн тохиолдол бүрт тэмдэглэл хөтөлнө.
Зөрчил гаргасан этгээдийн биед болон эд зүйлд хийх үзлэгийг цагдаа, хилийн цэрэг, гааль, иргэний агаарын тээврийн болон хууль тогтоомжид заасан тохиолдолд бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан хийнэ.
Захиргааны журмаар албадан саатуулах,биед буюу эд зүйлд үзлэг хийх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, баримт бичгийг түр хураан авч болно. Түр хураан авахад тэмдэглэл хөтөлж түүний нэг хувийг зөрчил гаргасан этгээдэд өгнө. Хураасан эд зүйл, баримт бичгийг зөрчлийг хянан шийдвэрлэх хүртэл зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтны заасан газарт хадгалж зөрчлийг хянан шийдвэрлэх үед уг эд зүйл, баримт бичгийг хураах, эсхүл эзэмшигчид нь буцааж өгөх асуудлыг шийдвэрлэнэ.
Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг эд зүйлийг мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт тавьж устгана. Хураан авсан баримт бичиг хуурамч болох нь нотлогдвол түүнийг зөрчлийн хэрэгт хавсаргана.
Эд зүйл, баримт бичгийг хураасан албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Эд зүйл, баримт бичгийг хураасан, буцааж өгсөн, устгасан тухай тэмдэглэл хөтөлнө.
Зөрчил гаргасан этгээд согтууран хэвийн бус байдалтай байвал түүний амь насыг хамгаалах, эрх зүйн зөрчил дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цаг хүртэл хугацаагаар эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай байранд эрүүлжүүлж болно.
Зөрчил гаргасан этгээд согтуурах болон мансуурах донтой эсэхийг нь тогтоолгохоор, хэрэв ийм магадлагаатай бол түүнийг эмчлүүлэхээр мэргэжлийн эмнэлгийн байгууллагад шилжүүлж болно.
Зөрчлийн шинж байдлыг харгалзан зөрчил гаргасан этгээдийн гадаадад зорчихыг уг зөрчлийг хянан шийдвэрлэж дуустал цагдаагийн байгууллага хойшлуулж болно. Шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдсан, гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл, эсхүл шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл зөрчил гаргасан этгээдийн гадаадад зорчихыг хойшлуулах шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан саналаа цагдаагийн байгууллагад гаргана.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн амь насыг хамгаалах, зөрчил дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цаг хүртэл хугацаагаар эрүүлжүүлж болно.
Зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан дараахь нөхцөл байдлыг тогтооно:
зөрчил нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ, харьяаллын асуудал мөн эсэх;
хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх;
зөрчлийн тухай тэмдэглэл, нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэх;
нэмэгдэл баримт сэлт зайлшгүй шаардлагатай эсэх;
захиргааны хариуцлагад татагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ямар нэг хүсэлт гаргасан эсэх;
холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэх.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчил илрүүлсэн, зөрчлийн тухай баримт сэлт хүлээн авснаас хойш дараахь хугацаанд зөрчлийг хянан шийдвэрлэнэ:
нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй зөрчлийг илэрмэгц газар дээр нь;
нотлох баримт нэмж бүрдүүлэх шалгаж тодруулах шаардлагатай зөрчлийг 3 хоногийн дотор;
шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаж тодруулах шаардлагатай зөрчлийг 7 хоногийн дотор.
Зөрчлийг хянан хэлэлцсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах;
энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон бол холбогдох этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх;
уг зөрчил гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох бүх баримт сэлтийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх.
Захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгчийн туслах, улсын байцаагч, олон нийтийн цагдаа 5000 хүртэл төгрөгийн торгуулийг торгуулийн хуудсаар ногдуулж болно.
Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулахдаа энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан шийтгэвэр гаргана.
Торгуулийн хуудас, шийтгэвэрт зөрчил хэлэлцсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан албан тушаалтны нэр, эрхэлсэн ажил, зөрчил хянан хэлэлцэх үед тогтоогдсон нөхцөл байдал, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, гаргасан шийдвэрийг заана. Торгуулийн хуудас, шийтгэврийн нэг хувийг зөрчил гаргасан этгээдэд өгнө.
Торгуулийн хуудас, шийтгэвэрт хураагдсан эд зүйл болон баримт бичгийг хэрхсэн, түүнчлэн шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах журмыг заана.
Зөрчил гаргасан этгээдийн учруулсан гэм хорыг арилгуулах асуудлыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэнэ.
Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.
Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй.
Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараахь журмаар давж заалдаж болно:
шүүгчийн гаргасан шийтгэврийг дээд шатны шүүхэд;
албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг тухайн салбарын дээд шатны албан тушаалтанд;
олон нийтийн цагдаа шийтгэл ногдуулсан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг даргад.
Давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг биелүүлэхийг түдгэлзүүлнэ.
Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол давж заалдсан гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.
Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Шүүх гомдлыг Иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн шийтгэврийг шүүгч хянан үзэж, үндэслэлгүй гэж үзвэл захирамж гарган хүчингүй болгоно.
Захиргааны шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг өөрөө хариуцна.
Зөрчил гаргасан этгээд түүнд ногдуулсан захиргааны шийтгэлийн арга хэмжээг нэн даруй биелүүлнэ.
Торгуулийн хуудсаар ногдуулснаас бусад торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
Баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг цагдаагийн байгууллага хариуцна. Энэ шийтгэлийг гүйцэтгэхтэй холбогдон гарсан унааны болон бусад зардлыг баривчлагдсан этгээдээс гаргуулна.
Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн бол 15000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулна.
Тайлбар: -Энэ зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно.
Амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодисыг хууль бусаар олж авсан, авч явсан, хадгалсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг зүйлийг хурааж 3000-10000 төгрөгөөр торгох, эсхүл 10-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, ёс заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хутга, мэс, бусад хүйтэн зэвсгийг хот, суурин газарт зэвсгийн чанартайгаар биедээ авч явсан бол уг зүйлийг хурааж 5000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрхи тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон, түүнчлэн тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр засварт оруулсан бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 100-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай барилгын хийц, бүтээц болон орон сууцны агааржуулах төхөөрөмжийг дур мэдэн өөрчилсөн, галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг санаатайгаар гэмтээсэн, тоносон, түүнчлэн шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалах, ой, хээрийн түймэр тавих зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
—
Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих,мал, ердийн хөсөг болон тээврийн хэрэгслийг төмөр зам дээгүүр гарцгүй газраар гаргах, төмөр замын хориотой бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах, түүнчлэн галт тэргийг дур мэдэн зогсоох, дээвэр, гишгүүр дээр зорчих, хөдөлгөөн дунд буух, суух зэргээр төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Төмөр замын төхөөрөмж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэгний болон хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдэж, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Галт тэргээр тасалбаргүй зорчсон бол 200-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Агаарын хөлгөөр тасалбаргүй зорчих, түүнчлэн нислэгийн хэвийн ажиллагааг хангах үүднээс тавьж буй агаарын хөлгийн даргын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэргээр агаарын хөлгөөр зорчих журам болон олон улсын нислэгийн журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Нислэг үйлдэх талбай буюу аэродромын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, мал оруулсан бол 15000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Монгол Улсын Иргэний үнэмлэх болон үндэсний гадаад паспорт иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших, хадгалах, шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 40000, албан тушаалтныг 60000 хүртэлх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүй, эсхүл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүй оршин суусан бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр зорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөр эрхлэх талаар хууль тогтоомжид заасан журам зөрчсөн бол 100000-300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын визийн талаар хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад тодорхой хугацаагаар урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь түүнийг хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэн байлгасан иргэнийг 300000-500000, байгууллага, аж ахуйн нэгжийг 600000-1000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй буюу зөвшөөрлийн хугацаа нь дууссан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нуун далдалсан, орон байраар хангасан, ажилд авсан бол 500000-1000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчиход зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 150000-300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журмыг зөрчиж, эрхийг нь хууль бусаар хязгаарласан бол 50000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл авах журмыг зөрчсөн буюу хуурамч баримт бичиг бүрдүүлж зөвшөөрөл авсан бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Улсын хилийн дэглэм зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж 5000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Улсын хил арчлан хамгаалах, хилийн ус болон шугам огтлон гарсан зам, холбооны байгууламж ашиглах,хил орчмын нутагт ан агнуур, ажил, үйлдвэрлэл явуулах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Улсын хилийн бүс,зурваст болон хилийн гарц, боомтод тогтоосон журам зөрчсөн бол 2500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Цэргийн сургуулилтын төв, буудлын болон байлдааны нисэх онгоц /тэрэг/-ны хөөрөх, буух талбай зэрэг цэргийн объектын бүсэд мал бэлчээх, буудаллах, оршин суух, түүнчлэн цэргийн барилга, байгууламжийг гэмтээсэн, эвдсэн бол 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Шүүгдэгч, гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч,орчуулагч болон шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүхэд дуудагдсан этгээд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, түүнчлэн тогтоосон журам илтэд үл хүндэтгэсэн бол 5000-25000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Шүүгдэгч, гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч, орчуулагч болон бусад этгээдийг шүүхэд хүрэлцэн ирэх, иргэдийн төлөөлөгчдөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан бол 500-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Шүүхийн шийдвэр, шаардлагыг тогтоосон хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу биелүүлэхэд саад учруулсан бол 500-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан шүүгч, иргэдийн төлөөлөгчийг заналхийлсэн, доромжилсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-15000 төгрөгөөр торгох,эсхүл 7-21 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Тодорхой хэргийн талаар хууль бус шийдвэр гаргуулахаар зориуд тулган шаардсан буюу шахалт үзүүлэх, нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан, түүнчлэн хууль бус шийдвэр гаргуулахаар тулган шаардсан, заналхийлсэн, шахалт үзүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-15000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүн болон чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Гэмт хэрэг гарсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, гэмт хэрэгтнийг баривчлах, гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг цагдаагийн байгууллагад дамжуулахад тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслээ цагдаагийн эрх бүхий ажилтанд ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол 500-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гэмт хэрэг, захиргааны зөрчил, гал түймэр гарсан тухай худал мэдээлэл цагдаагийн байгууллагад санаатайгаар өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уул мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж, 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хорих ангийн хамгаалалтын бүс, зурваст тогтоосон журмыг сахиулах талаар хорих байгууллагын эрх бүхий ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг гадны этгээд зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн бол 500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Оргосон хоригдлыг мөрдөн хөөх, баривчлах үед тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслээ хорих байгууллагын эрх бүхий ажилтанд ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол 500-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Албан үүрэгтэй нь холбогдуулан хорих ял эдлүүлэх байгууллагын ажилтан, түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хүч хэрэглэх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар заналхийлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Шийдвэр гүйцэтгэлийн албанд дуудагдсан этгээд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, хүрэлцэн ирэхэд нь саад учруулсан бол 200-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Албан үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад учруулсан, эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан доромжилсон, гүтгэсэн заналхийлсэн, хүч хэрэглэсэн, эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, уг мэдүүлгийг тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-25000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, хуурамч гэрээ хийж, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, нуусан, битүүмжилсэн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн бол 5000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Төлбөр төлөгчийн цалин орлогоос суутгал хийгээгүй, дутуу суутгасан,суутгасан мөнгийг хуульд заасан хугацаанд олгоогүй буюу шилжүүлээгүй, төлбөр, тэтгэлэг төлөгчийг ажлаас халагдсаныг мэдэгдээгүй бол 1000-15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Төрийн тусгай хамгаалалтын бүсэд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн бол 500-20000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Тагнуулын ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тагнуулын ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Соёлын өвийн хяналтын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх 30⁷.1.Соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тэдгээрийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 100-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 1000-60000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.
Төрийн байгууллагын ажилтны нэр барьж хууран мэхлэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хууль тогтоомжид заасан албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Төрийн төлөөлөгчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй байх, төрийн төлөөлөгчийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийх буюу биед нь халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоног баривчлах шийтгэл ногдуулна.
Төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас түр хугацаагаар битүүмжилсэн эд хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж 1000-15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Төрийн нууц хадгалах, хамгаалах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн бол зөрчил гаргасан иргэнийг 1000-30000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-80000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас мэдээллийг болгоомжгүйгээр өөрчлөх, устгах, хаахад хүргэсэн буюу компьютер, түүний төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгон эвдсэн, түүнчлэн компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарласан, мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 50000-60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Тамга, тэмдэг үйлдэх, хэрэглэх, хадгалах талаар улсаас тогтоосон журам зөрчсөн бол 10000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах, булаах, залилан мэхлэх, завшин үрэгдүүлэх замаар ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1500-20000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хувьдаа ашигласан буюу бусдад ашиглуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлогыг хурааж 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
—
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдсэн, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1500-15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын болон барилгын зураг, төсөл зохиох ажил гүйцэтгэх, барилгын хийц, эдлэл, материал үйлдвэрлэх явцад барилга, байгууламжийн бат, бэх, тогтворт буюу найдвартай чанарыг алдагдуулах зэргээр барилга, хот байгуулалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 40000 хүртэл, албан тушаалтныг 1000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Барилгын ажил гүйцэтгэсний дараа зам, талбай, шугам сүлжээ болон бусад байгууламжийг анх байсан байдлаар нь сэргээн засаагүй, эсхүл дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн бол зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, албан тушаалтныг 40000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр геодези, зураг зүйн ажил гүйцэтгэсэн, эсхүл тогтоосон журам зөрчиж геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулсан буюу геодези, зураг зүйн баримт, материалыг төвлөрсөн санд тушаагаагүй иргэнийг 30000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 5000-40000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчил гаргасан иргэнийг 10000-40000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Энгийн харуул хамгаалалт, манааны талаар улсаас тогтоосон журам зөрчсөн бол 3000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Өвчний болон ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тохиолдолд эмнэлгийн түргэн тусламжийн журмаар уналга, хэрэгсэл дайчлахад саад учруулсан, зайлсхийсэн бол 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Садар самууныг сурталчилсан, түүнчлэн өнгөний өвчний үзлэг, эмчилгээнээс зайлсхийсэн, эмчилгээг тасалсан, өнгөний өвчин халдаагчаа нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 500-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, түүнчлэн эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох албан тушаалтан, иргэнийг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хууль тогтоомжийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол 20000-50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Албан татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй, албан татварын мэдээ, тайлан, хугацаанд нь ирүүлээгүй, албан татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт сэлт гаргаж өгөөгүй зэргээр албан татварын тухай хууль тогтоомж зөрчсөн бол 500-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Энэ зөрчлийг албан тушаалтан гаргасан бол 5000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Байгалийн гэнэтийн аюул, хүн, малын гоц халдварт болон ургамлын өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгслийн дайчилгаанаас санаатайгаар зайлсхийсэн,саад учруулсан бол иргэнийг 500-15000 , албан тушаалтныг 1000-30000 төгрөгөөр торгох, эсхүл 21 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Бэлтгэсэн хадлан, тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан оруулан гишгүүлэх, идүүлэх зэргээр таримал, жимс жимсгэний болон бусад суулгац, тарьц устгасан,гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг шүүхийн журмаар нөхөн төлүүлж 500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Ургамлын өвчин, хортонтой тэмцэх технологи зөрчсөн, түүнчлэн ургамлын өвчин, хортон устгах ажил гүйцэтгэсэн талбайд хорионы хугацаа дуусаагүй байхад аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах зэргээр ургамал, хорио цээрийн дэглэм зөрчсөн бол зөрчил гаргасан иргэнийг 20000 хүртэл, албан тушаалтныг 40000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 120000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Түлш, эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах; уул уурхай, барилга болон тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-30000, албан тушаалтныг 3000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Тэсэрч дэлбэрэх болон радио идэвхит, түүнчлэн хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-25000 , албан тушаалтныг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа эрхлэх аж ахуйд хөдөлмөр хамгааллын журмыг сахин хангуулах эрх бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж буйг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Гэрээний талууд үгсэн тохирч хуурамч хэлцэл хийж гэрээний тухай хууль тогтоомж санаатайгаар зөрчсөнөөс гурав дахь этгээдэд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
—
Геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг баталгаажуулаагүйгээр ашигласан буюу хэмжилт хийхдээ стандарт зөрчсөн иргэнийг 25000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Цахилгаан болон дулааны эрчим хүч хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
—
—
Зохих зөвшөөрөлгүйгээр эмчилгээ явуулсан, эмнэлгийн байгууллага байгуулж ажиллуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 20000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Эм биобэлдмэл үйлдвэрлэх, бэлтгэх, худалдаалах талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хүний амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хорт нөлөө үзүүлэх хими, биологи, физикийн хүчин зүйл, бодисыг зохих шинжилгээгүйгээр хэрэглэсэн, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Байгалийн болон гоц халдварт өвчин гарсан хориотой бүсэд нэвтрэх, ан агнах зэргээр хорио, цээрийн дэглэм зөрчсөн, байгалийн болон гоц халдварт өвчин үүсгэгч, нян тээгч зүйлсийг хот, суурин газар зохих шинжилгээгүй оруулсан, оруулахыг завдсан бол зөрчил гаргасан иргэнийг 35000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зэргээр ариун цэврийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
—
Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг эдгээр холбогдох хуульд зааснаар зохицуулна.
Энэ хууль 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.