Монгол Улсын хууль
Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай
Хүчин төгөлдөрМалын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай
1993-04-12, Улаанбаатар93-H-05
Энэ хуулийн зорилт нь малын удмын сан, мал, түүнчлэн аж ахуйн зориулалтаар үржүүлдэг тэжээвэр амьтны /цаашид "мал, амьтан" гэх/ эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн албыг зохион байгуулж хэрэгжүүлэх талаар Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн, тус улсын нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "иргэн, аж ахуйн нэгж, байгууллага" гэх/ хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах ажилд төрийн болон мэргэжлийн удирдлагыг уялдуулна.
Мал, амьтныг өсгөн үржүүлэх, эрүүлжүүлэх уламжлалт арга ажиллагааг орчин үеийн шинжлэх ухааны ололттой хослуулна.
Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, халдварт өвчнөөс мал, амьтныг өмчийн төрөл, хэлбэрийг үл ялгаварлан хамгаална.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа явуулахад өмчлөгчийн эрхийг хууль бусаар үл хөндөнө.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан санал, санаачилгыг дэмжинэ.
Малын удмын санг хамгаалах ажил нь тухайн үүлдэр, омог, хэвшлийн малыг цэврээр үржүүлж, үржил ашиг шимт чанарыг нь удамшуулах, хадгалах, улмаар сайжруулахад чиглэгдэнэ.
Малын удмын санг хамгаалах зорилгоор нийт мал сүргээс удмын сангийн сүрэг, торгон сүрэг, цөм сүрэг, гойд ашиг шимт малыг тогтоосон жишигт нийцүүлэн шилж мал үржлийн алба сонгон шалгаруулах үндсэн дээр дараахь байдлаар бүрдүүлнэ:
удмын сангийн сүргийг нийт мал сүргээс үржлийн зориулалтаар шилэгдсэн хээлтэгч, хээлтүүлэгч, тэдгээрийг нөхөн сэлбэх өсвөр малаар;
торгон сүргийг нийт мал сүрэгт сайжруулагч болгон ашиглах зорилгоор удмын сангийн сүргээс үржил, ашиг шимт чанараар нь сонгон шалгаруулж авсан үржлийн мал, тэдгээрийг нөхөн сэлбэх өсвөр малаар;
цөм сүргийг торгон сүргийн дотроос шалгаруулсан сайжруулагч шилмэл малаар;
гойд ашиг шимт малыг тухайн үүлдэр, омог, хэвшлийн малаас үржил, ашиг шимийн онцгой давуу чанараар нь үржилд ашиглахаар шалгаруулж, баталгаажуулна. Гойд ашиг шимт мал, түүний үр, үр хөврөлийг зохих журмын дагуу олон улсын генийн банкинд хадгалуулахаас бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.
Малын эрүүл мэндийг хамгаалах ажил нь мал, амьтныг өвчин, эмгэг, үүний дотор халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх болон мал эмнэлгийн ариун цэвэр, хорио цээрийн талаар тогтоосон журмыг сахин биелүүлэхэд чиглэгдэнэ.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах ажлыг мал эмнэлэг, үржлийн албаны хяналтын дор мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйлчилгээ явуулах замаар хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу мал сүрэг төрийн хамгаалалтад байна.
Улсын Их Хурал малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогын үндсийг тодорхойлох;
мал эмнэлэг, ариун цэврийн талаар бүх нийтээр дагаж биелүүлэх, хорио цээр тогтоох, мал, амьтныг даатгах зэрэг үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох.
Засгийн газар малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх цогцолбор арга хэмжээ боловсруулжхэрэгжүүлэх, санхүүжүүлэх;
торгон сүрэг бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшууллыг эрх хэмжээнийхээ дотор тогтоох;
цөм сүргийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, өвчин, эмгэгээс сэргийлэн хамгаалах, эрүүлжүүлэх, ашиг шим, удамшлын чадавхийг нь сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, бэлдмэлийн нөөц бий болгож, зарцуулах журмыг тогтоох;
мал, амьтан, тэдгээрээс хүнд халдварлах өвчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг байгууллагад хаалттай бүс тогтоох;
үржлийн ажлын чанар, түвшинг хянах, малын генийн банк, бүртгэл мэдээллийн сан бий болгож ажиллуулах.
Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төв байгууллага" гэх/ малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах;
мал эмнэлэг, үржлийн албыг зохион байгуулалт, мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах;
мал эмнэлэг, үржлийн төлбөртэй ажил, үйлчилгээний чиглэл, нэр төрлийг тогтоох;
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээнд мэргэжлийн аргачилсан туслалцаа үзүүлж, чиглүүлэх;
мал эмнэлэг, мал аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг шинжлэх ухааныг удирдах байгууллагатай хамтран чиглүүлэх;
мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ явуулах технологийн зааврыг баталж мөрдүүлэх;
шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал, түүнчлэн мал, амьтны шинэ эм, бэлдмэл, өвчин үүсгэгчийн омог зохион бүтээсэн тухай асуудлыг хянан үзэж баталгаажуулах;
патент авсан шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал, түүнчлэн мал, амьтны эм, бэлдмэл, өвчин үүсгэгчийн омгийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох;
цөм сүргийг хяналтад авах;
мал, амьтныг өвчнөөс сэргийлэх, эмчлэх, цөм, торгон сүрэгт явуулах үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээг боловсруулж зохион байгуулах.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
улсын мал эмнэлэг, үржлийн албыг зохион байгуулах, санхүүжүүлэх;
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас эрхлэх мал эмнэлэг, үржлийн ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сайн дурын үндсэн дээр баг, сумын хэмжээнд хуц, ухныг нийлүүлгийн бус үед эх сүргээс тусгаарлан сүрэглэж тохиромжтой нутаг бэлчээрт маллуулах, цаг тухайд нь хээлтүүлэгт оруулах;
сум, багт торгон сүргийг бүрдүүлж үржлийн малын бүртгэлд бүртгэж хамгаалалтад авах;
төрийн өмчид байх цөм сүргийг хяналтад байлгах;
гойд ашиг шимт малын даатгалын хураамж, цөм сүрэгт явуулах мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний төлбөрийг сум, дүүргийн төсөвт тусгах, санхүүжүүлэх;
өвчтэй мал, амьтныг нядалсан, устгаснаас учирсан хохирлын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, халдварт өвчин зэрэг мал сүрэгт хор хөнөөл учруулах нөхцөл бий болсон үед түүнээс сэргийлэх, гарсан үр дагаврыг арилгахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг зохих журмын дагуу дайчлах.
Улсын мал эмнэлэг, үржлийн албад нь төв, орон нутгийн болон тусгай албадаас бүрдэнэ.
Улсын мал эмнэлэг, үржлийн төв алба нь төв байгууллагын бүтцэд байна.
Орон нутгийн алба нь аймаг, нийслэл, сумын албанаас бүрдэнэ. Орон нутгийн албыг хууль тогтоомж, төв байгууллагын бодлого чиглэлийн дагуу тухайн шатны Засаг дарга зохион байгуулна.
Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албаны удирдлагыг төв байгууллагатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга; сумын мал эмнэлэг, үржлийн албаны удирдлагыг аймаг, нийслэлийн албаны удирдлагатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.
Хилийн боомт зэрэг шаардлагатай газар мал эмнэлгийн тусгай албыг Засгийн газар байгуулна. Энэхүү тусгай алба нь төв байгууллагад шууд харъяалагдана.
Мал эмнэлэг, үржлийн бүх шатны алба үйлчлэх нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна:
мал, амьтныг өвчнөөс сэргийлэх, эмчлэх, шинжлэх, ариутгах, халдваргүйжүүлэх болон үржлийн ажлын талаар жил бүр явуулах арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх;
мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх;
өвчтэй мал, амьтныг хяналтад авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол зохих журмын дагуу нядлуулах, устгуулах, түүнээс учирсан хохирлын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
эрүүл мэндийн байгууллагатай хамтран мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэл, малын тэжээл үйлдвэрлэх зөвшөөрлийг зохих нөхцөл хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгож, тэдгээрийн ажил, үйлчилгээнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
нийт мал сүрэгт үзлэг хийж сүргийн бүтцийг зөв тогтоох, цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт мал сонгон үржүүлэхэд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малыг үржлийн малын бүртгэлд авч гэрчилгээ олгон баталгаажуулах;
мал, амьтны ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, сайжруулах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
гойд ашиг шимт малын үр, үр хөврөлийг малын генийн банкинд хадгалж ашиглах;
мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн болон мал үржлийн ажлын холбогдолтой норм, нормативыг боловсруулж батлуулах, биелэлтийг зохион байгуулах;
мал, амьтны үзэсгэлэн гаргах, үнэ хаялцуулан худалдах, арилжих зэрэг арга хэмжээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг үндэслэн зохион байгуулах;
иргэдэд мал эмнэлэг, үржлийн ажлын талаар шаардлагатай мэдэгдэхүүн олгох сургалт зохион байгуулах.
Улсын мал эмнэлэг, үржлийн төв алба нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
мал эмнэлэг, үржлийн орон нутгийн болон тусгай албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
мал эмнэлэг, үржлийн албаны боловсон хүчин бэлтгэх, тэднийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
төв байгууллагын эрх олгосноор мал эмнэлэг, үржлийн ажил, мал эмнэлэгийн ариун цэвэр, хорио цээрийн талаар гадаад орны болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлцэл хийх;
шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, бэлдмэл, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, үржлийн мал, амьтныг гадаадад гаргах зөвшөөрөл олгох.
Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг зөвхөн малын эмч, мал зүйчийн мэргэжилтэй иргэн явуулна.
Улсын мал эмнэлэг, үржлийн албаны малын эмч, мал зүйчийн эрх, үүргийг төв байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлно.
Иргэд мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу хувиараа эрхэлж болно.
Мал, амьтан бүхий аж ахуйн нэгж, байгууллага өөрийн мал эмнэлэг, үржлийн албатай байж болно.
Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ажил, үйлчилгээний төрөл, мэргэжлийн түвшин, шаардлагыг харгалзан улсын мал эмнэлэг, үржлийн албанаас олгоно.
Мал эмнэлэг, мал үржлийн ажилд тавих улсын хяналт нь мал, амьтны болон малаас хүнд, хүнээс малд халдах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээр өвчинтэй тэмцэх, малын удмын санг хамгаалах, үржлийн ажлыг зохион байгуулах талаар гарсан хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгахад чиглэгдэнэ.
Мал эмнэлэг, мал үржлийн ажилд тавих улсын хяналтыг мал эмнэлэг, үржлийн төв, орон нутгийн болон тусгай албадын бүтэц, бүрэлдэхүүнд ажиллах улсын байцаагч нар хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
Мал эмнэлэг, мал үржлийн ажилд тавих хяналтыг улсын хэмжээнд Улсын ерөнхий байцаагч, улсын байцаагчид; аймаг, нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагчид; сум, дүүрэгт болон хилийн боомт зэрэг газарт улсын байцаагчид тус тус хэрэгжүүлнэ.
Бүх шатны улсын байцаагчийг малын эмч, мал зүйчдээс мэргэшлийн түвшин, ажлын туршлагаар шалгаруулж дараахь байдлаар томилж, чөлөөлнө:
Улсын ерөнхий байцаагчийг төв байгууллага;
аймаг, нийслэлийн улсын ахлах байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж Улсын ерөнхий байцаагч;
аймаг, нийслэлийн улсын байцаагчийг улсын ахлах байцаагч;
сумын улсын байцаагчийг сумын Засаг даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн улсын ахлах байцаагч;
энэ хэсгийн 3, 4-т зааснаас бусад улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагч тус тус томилж, чөлөөлнө.
Мал эмнэлгийн албаны улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
өвчнөөр тайван бус нутгийн мал, амьтан, тэдгээрийн байр, хашаа хороо, ус, бэлчээр, өвс тэжээлд болон мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд шалгалт хийх;
хүний эрүүл мэндэд хор учруулах, мал, амьтны өвчин тараах нь тогтоогдсон мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, эдгээр зүйлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг таслан зогсоох, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, шаардлагатай үед хурааж устгуулах буюу халдваргүйжүүлэх арга хэмжээ авах;
мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах, хадгалах байрыг ашиглахыг хориглох;
мал, амьтны эм, бэлдмэл, өвчин үүсгэгч омгийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх явцад хяналт тавих;
халдвар тараах өвчтэй мал, амьтныг үржилд ашиглахыг хориглох;
мал эмнэлгийн шүүх магадлан шинжилгээ хийлгэх;
мал эмнэлгийн тусгай албаны байцаагчид төв байгууллагаас баталсан ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэх.
Мал үржлийн албаны улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мал сүрэгт тогтоосон хугацаанд үзлэг хийж, цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малыг сонгон шалгаруулж, баталгаажуулсан байдалд шалгалт хийх;
цөм, торгон сүргийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, үр хөврөлийг гадаадад гаргах, гадаадаас авахад улсын мал үржлийн төв албанаас зөвшөөрөл авсан эсэхийг шалгах, хууль бус үйлдлийг түдгэлзүүлэх, таслан зогсоох;
сүргийн зохистой бүтэц алдагдах, жишигт тэнцээгүй хээлтүүлэгчийг үржилд ашиглах, удам угсаа доройтуулахад чиглэсэн үйл ажиллагааг хориглох;
цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малд төв байгууллагаас баталсан дүрэм, тээврийн дагуу үржлийн бүртгэл хөтөлж, баяжилт хийсэн байдлыг хянан шалгах;
мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, үнэлгээ өгөх.
Мал, амьтанд халдварт болон гоц халдварт өвчин гарвал мал эмнэлгийн албаны дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга хамаарах нутаг дэвсгэрийг өвчнөөр тайван бус нутаг гэж зарлаад хорио цээр тогтооно.
Хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт болон төмөр зам, нисэх, усан замын буудал, хилийн боомт, улсын чанартай авто болон мал тууврын замд гоц халдварт өвчин гарвал улсын мал эмнэлгийн төв албаны дүгнэлтийг үндэслэн Засгийн газар хорио цээр тогтооно.
Мал эмнэлгийн хорио цээр тогтоосон нөхцөлд тухайн шатны Засаг дарга хүн хүч, хөрөнгө гаргаж мал, амьтны өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Хорио цээр тогтоох өвчний жагсаалтыг төв байгууллага батална.
Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
явган буюу аливаа хөсгөөр гадагш зорчих;
мал, амьтныг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин өнгөрүүлэх;
мал, амьтны гаралтай түүхий эд бэлтгэх, гадагш гаргах, тээвэрлэх;
мал эмнэлгийн албаны зөвшөөрөлгүйгээр мал сүргийн хөдөлгөөн хийх, бэлчээр нутаг сэлгэх, ердийн хөсөг, уналгаар зорчих, тээвэр хийх;
өвчтэй болон эрүүл мал, амьтныг шилжүүлэн маллах;
өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг бусад мал, амьтанд хэрэглэх, хашаа, байранд малын эмч, тухайн малчнаас өөр хүн оруулах.
Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгүй шаардлагатай гарах бол ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж мал эмнэлгийн албаны зөвшөөрөл авна.
Халдварт өвчнийг бүрэн устгаж мал эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээг авч явуулсны дараа хорио цээрийг түүнийг тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
Хилийн боомт буюу хил орчмын сумын мал эмнэлгийн алба нь мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад зүйлээр дамжин мал, амьтны болон малаас хүнд халдварладаг өвчин тус улсын нутагт гадаадаас нэвтрэх буюу гадагш гарах явдлаас урьдчилан сэргийлж, улсын хилээр зорчин өнгөрөх хөдөлгөөнд мал эмнэлэг, ариун цэврийн улсын хяналтыг тавьж хэрэгжүүлнэ.
Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг холбогдох орны эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу тухайн болон өөрийн орны мал эмнэлгийн албанаас олгосон гэрчилгээг үндэслэн улсын хилээр нэвтрүүлнэ.
Монгол Улсын нутагт зэргэлдээ улсаас отроор мал, амьтан нэвтрүүлэхийг хоёр улсын мал эмнэлгийн хэлэлцээр, төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хилийн боомт буюу хил орчмын сумын мал эмнэлгийн улсын байцаагч гаалийн болон хилийн хяналтын байгууллагуудын эрх бүхий албан тушаалтныг байлцуулан шийдвэрлэнэ.
Мал эмнэлгийн албаны гэрчилгээтэй боловч тээвэрлэлт, тууварлалтын явцад халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн мал, амьтан, гэмтэж муудсан түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
Хил орчмын нутагт мал, амьтны гоц халдварт өвчин гарах үед улсын мал эмнэлгийн төв албаны дүгнэлтийг үндэслэн хилийн гарцыг Засгийн газрын шийдвэрээр тодорхой хугацаанд хаах хүртэл арга хэмжээ авна.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:
улсын мал үржлийн албатай зөвшилцөн малынхаа ашиг шимийн чиглэлийг өөрчилж, үүлдэрлэг байдлыг сайжруулах;
тогтоосон журмын дагуу мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ хийлгэхийг шаардах, үйлчлүүлэх албаа сонгох;
зохих журмын дагуу гойд ашиг шимт мал болон цөм, торгон сүргээс үржлийн мал бойжуулах, үр, үр хөврөл үйлдвэрлэх, худалдан борлуулах;
мал эмнэлэг, үржлийн албаны буруугаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
мал, амьтныг нядлах, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах ажлыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, агуулах, орчинд хийж гүйцэтгэх;
мал, амьтныг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэн хөдөлгөх, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хил нэвтрүүлэхэд мал эмнэлэгийн ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж зөвшөөрөл авах;
мал эмнэлэг, үржлийн ажлын төлбөрт үйлчилгээний хөлс, хууль тогтоомжид заасан хураамж төлөх;
мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг биелүүлэх;
мал, амьтны өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх болон малын удмын сан устаж үрэгдэхээс хамгаалах ажлыг зохион байгуулахад төв байгууллагаас баталсан дүрэм, зааврыг биелүүлэх;
мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн алба буюу баг, хорооны удирдлагад 12 цагийн дотор мэдэгдэх.
Мал, амьтан бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
мал эмнэлэг, үржлийн аль нэг албанд харъяалагдаж тэдгээрээс зохиож байгаа арга хэмжээнд мал, амьтныг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулах;
мал, амьтны байр, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, арчилгаа, маллагаа, тэжээллэг, эдэлгээ нь технологийн шаардлага хангасан байх;
эрүүл мал, амьтан, баталгаажуулсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах, хээлтүүлгийн нас гүйцсэн малыг нийлүүлэгт оруулах;
бэлчээрийн маллагаатай бог малыг жилд нэгээс илүү төллүүлэхгүй байх;
цөм, торгон сүргийн мал болон гойд ашиг шимт малд тэмдэг, дугаар тавьж, үржлийн малын удмын болон үржил, ашиг шимийн бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөх;
гойд ашиг шимт мал болон цөм, торгон сүргийн мал хорогдсон, тэдгээрийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн тухайгаа сум, дүүргийнхээ мал үржлийн албанд мэдэгдэх;
бүх төрлийн, түүний дотор сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийг цөм, торгон сүргээс бойжуулж, улсын мал эмнэлэг, үржлийн албаар үзлэг, шинжилгээ хийлгэж, магадлагаа авсны дараа үржилд ашиглах;
цөм, торгон сүргийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, үр хөврөлийг гадаадад гаргах, гадаадаас авчирч үржилд ашиглахдаа улсын мал үржлийн төв албанаас зөвшөөрөл авах.
Улсын мал эмнэлэг, үржлийн албанаас малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлдэг дараахь арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх;
төрийн өмчид байх цөм сүргийн малыг өсгөн үржүүлэх, үржлийн ажлыг явуулах;
байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас сэргийлэх, тэмцэх.
Улсын мал эмнэлэг, үржлийн албаны ажилтны цалин, үйл ажиллагааны зардлыг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд мал эмнэлэг, үржлийн албаны ажил, үйлчилгээ төлбөртэй байна.
Улсын мал эмнэлэг, үржлийн албанаас үзүүлэх ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газар тогтооно.
Мал, амьтныг халдварт өвчин, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас хамгаалах, даатгалтай мал, амьтан хорогдсоноос учирсан хохирлыг нөхөн төлөх санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх даатгалын тогтолцоог хуулиар тогтооно.
Мал эмнэлэг, үржлийн албад, мал бүхий аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа нь тогтоосон журам, нөхцөлийн дагуу ажлын тусгай хувцас, хөдөлмөр хамгаалах хэрэгсэл, ариутгах, цэвэрлэх, угаах, хамгаалах бодис үнэгүй олгоно.
Малын эмч, мал зүйчдийн хөдөлмөрийн нөхцөлийн талаар баримтлах журмыг төв байгууллагатай зөвшилцөн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Мал эмнэлэг, үржлийн зохих шатны албаны захиргаа нь малын эмч, мал зүйчдийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүйн нөхцөлөөр хангагдаагүйгээс малын эмч, мал зүйчид үйлдвэрийн осолд өртсөн буюу мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилбөл учирсан шууд хохирлыг хөдөлмөрийн болон иргэний хууль тогтоомжийн дагуу захиргаа нөхөн төлнө.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, зааврыг тус улсын нутаг дэвсгэрт байгаа нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэрхэн сахин биелүүлж байгаад мал эмнэлэг, үржлийн улсын алба эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
Мал эмнэлэг, үржлийн албаны улсын байцаагч малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомжийг зөрчигчдөд захиргааны хариуцлага хүлээлгэх эрхтэй.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлыг хэмжээг харгалзан хуульд заасан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгч болон улсын байцаагч дараахь зөрчил гаргасан этгээдэд дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малын бүртгэл хөтлөөгүй, бүртгэгдсэн малыг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн тухайгаа зохих шатны мал үржлийн албанд мэдэгдээгүй иргэн, албан тушаалтныг 10000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 80000 хүртэл төгрөгөөр торгох;
мал эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгээгүй, баталгаажуулаагүй хээлтүүлэгчийг нийлүүлэгт оруулсан, цөм, торгон сүрэгт мал үржлийн албаны зөвшөөрөлгүй өөр чиглэлийн хээлтүүлэгч ашиглан удам угсааг доройтуулсан, хээлтүүлгийн нас гүйцээгүй малыг зориуд нийлүүлэгт оруулсан, бэлчээрийн маллагаатай бог малыг жилд дахин төллүүлсэн иргэн, албан тушаалтныг 20000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000 хүртэл төгрөгөөр торгох;
мал эмнэлэг, үржлийн албадаас явуулж байгаа арга хэмжээнд мал сүргээ тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулаагүй, мал, амьтны өвчнийг эмчлэх, мал төллүүлэх, хээлтүүлэх ажилд баримтлах дүрэм, зааврыг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 1000-20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-80000 төгрөгөөр торгох;
шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан, мал, амьтны эм, бэлдмэл, өвчин үүсгэгчийн омог, үржлийн мал, малын үр, үр хөврөлийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэлд ашигласан иргэн, албан тушаалтныг 10000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000 хүртэл төгрөгөөр торгох;
ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байр орчинд мал, амьтныг нядалсан, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэсэн, боловсруулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол гарсан үр дагавар, хохирлын хэмжээг харгалзан иргэн, албан тушаалтныг50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох;
халдвар тараах өвчтэй малыг үржилд ашигласан иргэн, албан тушаалтныг 5000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох;
мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тухай мал эмнэлгийн алба буюу баг, хорооны удирдлагад энэ хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй; мал, амьтан, хүнд халдварлах өвчтэй нь мал эмнэлгийн албаны шинжилгээгээр тогтоогдсон мал, амьтныг зохих зааврын дагуу нядлаагүй, устгаагүй бол гарсан үр дагавар, хохирлыг хэмжээг харгалзан иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000 хүртэл төгрөгөөр торгох;
хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000 хүртэл төгрөгөөр торгох;
мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн албаны шинжилгээ, зөвшөөрөлгүй нийтийн хэрэгцээнд бэлтгэсэн, нийлүүлсэн, хүлээн авсан, хүний эрүүл мэндэд хор учруулах мал, амьтны өвчин тараах нь тогтоогдсон түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг ариутгаагүй, халдваргүйжүүлээгүй худалдсан, эдгээр зүйлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэн, албан тушаалтныг 20000-50000 , аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох;
мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг тухайн болон өөрийн орны мал эмнэлгийн албаны гэрчилгээгүй; халдварт өвчний шинж тэмдэгтэй мал, амьтан, гэмтэж муудсан түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан буюу нэвтрүүлсэн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 20000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан материалын хохирлыг гэм буруутай этгээдээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэхийг сонирхогч этгээд нэхэмжлэх эрхтэй.
Энэ хуулийг 1993 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.