Монгол Улсын хууль
Шударга Бус Өрсөлдөөнийг Хориглох Тухай
Хүчин төгөлдөрШударга Бус Өрсөлдөөнийг Хориглох Тухай
1993-07-05, Улаанбаатар93-H-14
Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь зах зээл дэх аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнд төрөөс хяналт тавих, ноёрхох болон шударга өрсөлдөөнд харш бусад үйл ажиллагааг хориглох, хязгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Аж ахуйн нэгж дангаараа, эсхүл хэд хэдэн аж ахуйн нэгж хамтдаа тухайн зах зээлд нийлүүлж байгаа нэг буюу ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ /цаашид "бараа" гэх/-ний 50- иас дээш хувийг тогтвортой эзэлж байгааг давамгайлах байдалд тооцно.
Тухайн зах зээлд нэг буюу ижил төрлийн барааг ганцаараа нийлүүлж байгаа аж ахуйн нэгжийг дангаар ноёрхогчид тооцно. Хэрэв дангаар ноёрхогч аж ахуйн нэгж хамгийн бага зардлаар, хэрэглэгчдэд ашигтай хувилбараар нэг буюу ижил төрлийн бараагаар тухайн зах зээлийг хангаж байвал түүнийг зүй ёсны дангаар ноёрхогчид тооцно.
Давамгайлах байдлаа хууль бусаар ашиглаж өрсөлдөгчөө зах зээлд гарч ирэхэд саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчдийг хясан боогдуулахыг ноёрхох үйл ажиллагаанд тооцно.
—
—
Өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллахыг хориглох Давамгайлах байдалтай аж ахуйн нэгжийн удирдлага өрсөлдөгч бусад аж ахуйн нэгжийн удирдлагад хавсарч ажиллахыг хориглоно.
Давамгайлах байдалтай аж ахуйн нэгж зах зээлд ноёрхох үйл ажиллагаа явуулах зорилгоор өрсөлдөгчийнхөө хөрөнгө, хувьцааг авч түүний эрх, үүргийг өөртөө шилжүүлэх, эсхүл түүнтэй хөрөнгөө нийлүүлж аж ахуйн шинэ нэгж болохыг хориглоно.
Энэ зүйлийн 1 дэх хэсэг улсын эдийн засагт тэргүүлэх чиглэлийн болон хүн амд нэн шаардлагатай барааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд тухайн барааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх тохиолдолд хамаарахгүй.
—
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд дараахь шийдвэр гаргахыг хориглоно:
аж ахуйн нэгж тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;
аж ахуйн нэгж бараагаа нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;
аж ахуйн нэгжид бусдаас илүү нөхцөл бүрдүүлсэн, эсхүл түүнийг ялгаварлан гадуурхсан;
аж ахуйн үйл ажиллагааны аливаа чиглэлээр тухайн зах зээлд аж ахуйн шинэ нэгж гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан.
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөр хоорондоо болон аль нэг аж ахуйн нэгжтэй урьдчилан тохирч дараахь шийдвэр гаргахыг хориглоно.
барааны үнийг өсгөсөн, бууруулсан, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;
зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилан өгөхөд чиглэсэн;
аж ахуйн нэгж тухайн зах зээлд гарч ирэхийг хязгаарласан, эсхүл түүний зах зээлээс шахан зайлуулахад чиглэсэн.
Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас учирсан хохирлыг нөхөхөд зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас бүх төрлийн зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.
Улсын Их Хурлаас явуулах үйл ажиллагаа Улсын Их Хурал шударга бус өрсөлдөөнийг хориглох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/шударга өрсөлдөөнийг дэмжих төрийн бодлогын үндсийг тодорхойлох; 2/аж ахуйн нэгжүүд зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх талаар Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаад хяналт тавих. Засгийн газрын шийдвэр шударга өрсөлдөөнийг хориглосон буюу хязгаарласан гэж үзвэл түүнийг Улсын Их Хурал хүчингүй болгоно.
Засгийн газар дараахь асуудлаар шийдвэр гаргахдаа Улсын Их Хуралтай зөвшилцөнө:
зүй ёсны дангаар ноёрхогч аж ахуйн нэгж үндэслэлгүй хэт өндөр ашиг олохоор байвал төрийн хяналт тогтоож үнийн зохицуулалт хийх;
зах зээлд зүй ёсны дангаар ноёрхогчтой өрсөлдөгч орж ирэх нөхцөлийг тогтоох;
экспорт, импортын үйл ажиллагааг хязгаарлах буюу зогсоох.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох, хязгаарлах, хянах, зохицуулах талаар Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, түүнийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх журмын талаархи санал боловсруулж, Засгийн газарт оруулах;
аймаг, нийслэлийн Засаг дарга шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай санал Ерөнхий сайдад гаргах;
аж ахуйн нэгжийг дангаар болон зүй ёсны дангаар ноёрхогч, эсхүл давамгайлах байдалтай гэдгийг, эсхүл энэ байдлаа алдсаныг тогтоолгохын тулд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжээс шаардлагатай мэдээ, баримт гаргуулан авах;
дангаар ноёрхогч болон давамгайлах байдлаа хууль бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг задлахыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагаас шаардах;
шударга бус өрсөлдөөнийг хориглох, хязгаарлах, хянах, зохицуулах талаар гаргасан шийдвэрийнхээ тухай нийтэд мэдээлэх.
Шүүх шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбоотой дараахь асуудлаар шийдвэр гаргана:
Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас гаргаж өгсөн баримт бичгийг үндэслэн аж ахуйн нэгж дангаар болон зүй ёсны дангаар ноёрхогч, давамгайлах байдалтай гэдгийг, эсхүл энэ байдлаа алдсаныг тогтоох, шүүх энэ шийдвэрээ нийтэд зарлан мэдээлнэ;
шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагааг таслан зогсоох, гэрээгээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлэхийг шаардах, эсхүл түүнийг цуцалж, зөрчил гарахаас өмнөх байдлыг сэргээх.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн талаарх маргааныг шүүх шийдвэрлэнэ.
—
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсэн эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн дараахь тохиолдолд шүүх дор дурдсан шийтгэл ногдуулна:
энэ хуулийн 4,5,7,8 дугаар зүйлийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол аж ахуйн нэгжийн эзэн буюу эрх баригч этгээдийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох;
энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад шийдвэр гарснаас хойш шүүхээс тогтоосон хугацаанд уг шийдвэрийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу биелүүлэхэд саад учруулсан бол шүүгч гэм буруутай албан тушаалтныг 20000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох;
энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан мэдээ, баримтыг зохих албан тушаалтанд гаргаж өгөөгүй, санаатайгаар гуйвуулсан, худал, зөрүүтэй гаргаж өгсөн аж ахуйн нэгжийн эзэн буюу эрх баригч этгээдийг 20000 хүртэл төгрөгөөр торгох.