Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1994 › Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай

1994-06-09, Улаанбаатар94-H-24

1 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиуд /цаашид "Нийгмийн даатгалын тухай хуулиуд" гэх/-ыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл.Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх хадгалагдах

—

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох

Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна.

3¹ дугаар зүйл.Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй тэнцүү байна.

3² дугаар зүйл.

Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх 1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэлцүүрийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3³ дугаар зүйл.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувьтай байна. 2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019, 2020 онд 11.5 хувиас, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11.5 хувиас багагүй байна.

4 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.