Монгол Улсын хууль
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Ажилгүйдлийн Тэтгэмжийн Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Ажилгүйдлийн Тэтгэмжийн Тухай
1994-07-05, Улаанбаатар94-H-11
Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ.
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх нь дахин үүснэ.
Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно:
Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/
Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/
5 хүртэл жил
5-10 хүртэл жил
10-15 хүртэл жил
15, түүнээс дээш
45
50
60
70
Ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно.
Дараахь нөхцөлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын 36 өдөрт оногдохыг нь хасна:
өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан;
хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачлагаар ажлаас халагдсан.
Дараахь нөхцөлд даатгуулагчид олгож байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг зогсооно:
хөдөлмөр эрхлэлтийн албанаас боловсролын түвшин, мэргэжлийн чиглэлийг нь харгалзан санал болгосон ажлын байранд ажиллахаас 2 удаа татгалзсан;
хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогчоос зохион байгуулсан цалин хөлстэй түр ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй;
даатгалын байгууллагаас сургалтын зардлыг нь хариуцаж зохион байгуулсан мэргэжлийн сургалтанд ороогүй;
хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Хөдөлмөр эрхлэлтийн албанаас санал болгосон дор дурдсан ажлын байранд даатгуулагч ажиллахаас татгалзах нь ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох үндэслэл болохгүй:
хөдөлмөрийн хамтын маргааны улмаас түр чөлөөлөгдсөн ажлын байранд;
эрүүл мэндээр тэнцэхгүй болсон, ажил олгогч татан буугдсан, орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар ажлаас халагдсан даатгуулагчийн урьд хамрагдаж байсан хамтын гэрээний нөхцөлөөс дордсон нөхцөлтэй ажлын байранд.
Даатгуулагч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар болон бусад хэлбэрээр түр ажил, хөдөлмөр эрхэлсэн бол түүний тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоож тэтгэмж олгох хугацааг уг ажил, хөдөлмөр гүйцэтгэсэн хоногоор сунгана.
Даатгуулагч мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
өргөдөл;
нийгмийн даатгалын дэвтэр;
ажлаас халсан тухай шийдвэр.
Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлнө.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдол бүрт хөнгөлөлт 10 хувиар нэмэгдэх боловч түүний дээд хэмжээ нь жилд төлөх шимтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй.
12.1.Хөдөлмөр эрхлэлтийн алба нь ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийн хүсэлтээр түүнийг ажилгүй болсноос нь хойших 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. 12.2.Энэ хуулийн 12.1-д заасны дагуу сургалтад хамрагдсан даатгуулагч мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдсанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол 2 жилийн дараа сургалтад дахин хамрагдаж болно. 12.3. Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.