Монгол Улсын хууль
Гадаад Худалдааны Арбитрын Тухай
Хүчин төгөлдөрГадаад Худалдааны Арбитрын Тухай
1995-10-26, Улаанбаатар95-H-32
Энэ хуулийн зорилт нь гадаад эдийн засгийн хэлцэл, эд хөрөнгийн шинжтэй харилцаанаас үүссэн эрх зүйн маргаантай холбогдуулан ашиг сонирхлоо хамгаалж иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг гадаад худалдааны арбитрт арбитрын хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Арбитрын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Гадаад худалдааны арбитр нь энэ хуульд заасан маргааныг арбитрын хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрх бүхий төрийн бус, ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн.
Гадаад худалдааны арбитрын үүргийг Монголын үндэсний танхимын дэргэдэх арбитр /цаашид "арбитр" гэх/ гүйцэтгэнэ.
Арбитр нь Улаанбаатар хотод байрлана.
Арбитр нь дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, 15-аас доошгүй арбитрчдын бүрэлдэхүүнтэй байна. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэнийг арбитрын бүрэлдэхүүнд томилохгүй.
Арбитрын дарга, арбитрчдыг үндэсний танхимын зөвлөл 3 жилийн хугацаагаар томилно.
Арбитрын ерөнхий нарийн бичгийн даргыг зөвлөл томилно.
Арбитр өөрийн дүрэмтэй байх бөгөөд түүнийг зөвлөл батална.
Арбитрын үйл ажиллагааг хэвийн явуулахад үндэсний танхим бүх талын дэмжлэг үзүүлнэ.
Арбитрын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын цалин хөлс, арбитрчдын урамшууллын хэмжээг үндэсний танхимын зөвлөл тогтооно.
Гэрээт харилцаанаас үүсэх маргааныг арбитраар шийдвэрлүүлэх талаар талууд харилцан тохиролцож гэрээнд заах буюу бие даасан хэлэлцээр байгуулна.
Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээрт маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай заасан бол уг хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээний хувьд арбитрын тухай хэлэлцээр байгуулагдсанд тооцно.
Арбитр нь арбитрын гэрээ, хэлэлцээр бүхий дараахь маргааныг харьяалан шийдвэрлэнэ:
нэг талаас Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, нөгөө талаас гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн хооронд гадаад эдийн засгийн гэрээ, хэлцлээс үүссэн болон мөнхүү гэрээний өмнөх маргаан;
Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дотоодын болон гадаадын үүсгэн байгуулагчдын хооронд үүссэн маргаан;
гадаадын хуулийн этгээдийн хоорондын маргаан.
Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан эрх зүйн маргааны аль нэг тал шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд түүнийг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу арбитрт шилжүүлнэ.
Арбитр хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын тохиролцон сонгож авсан улсын хууль тогтоомж буюу олон улсын гэрээ, хэрэв талууд энэ талаар тохиролцоогүй бол аль нэг талын харьяалагдах улсын хууль тогтоомж буюу олон улсын гэрээг баримтална.
Арбитр ямар ч хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ, тухайн хэлцлийн талаар тогтсон заншлын хэм хэмжээг нэгэн адил баримтална.
Энэ хуульд зааснаар арбитраар шийдвэрлүүлэхээр гаргасан тус улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн арбитрын хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэнэ.
Нэхэмжлэлд талуудын нэр, хаяг, тухайн арбитраар маргааныг шийдвэрлүүлэхээр тохиролцсон гэрээ, хэлэлцээр, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэх нотлох баримтууд, нэхэмжлэлийн үнийг зааж, арбитрын зардал төлсөн баримтыг хавсаргана.
Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргавал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал арбитр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
арбитраар харьяалан шийдвэрлэх маргаан биш бол;
эрхийн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол;
нэхэмжлэлд дурдсан асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн буюу арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг арбитрын дарга шийдвэрлэнэ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, улсын харьяалал болон бусад байдал, аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр, эрх хэмжээ, гишүүний байдал, улсын харьяаллаар нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явуулна.
Арбитрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна.
Хэргийн оролцогчид нь монгол хэл мэдэхгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэлмэрчээр дамжуулан тэдэнд танилцуулна. Хэргийн оролцогчдыг цугларсан баримттай хэлмэрчээр туслуулан танилцах боломжоор арбитр хангана.
Арбитр шаардлагатай бүх бичиг баримтыг монгол хэл дээр орчуулахыг талуудаас шаардах эрхтэй.
Арбитрын хуралдааныг нээлттэй явуулна.
Хэргийн нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний болон талуудын худалдааны нууцтай холбогдолтой бол арбитр өөрийн санаачилгаар буюу талуудын хүсэлтээр хуралдааныг хаалттай явуулж болно. Энэ тохиолдолд шийдвэрийг ил сонсгоно.
Арбитрын хуралдааны үед илэрхий болсон төр, байгууллага, хувь хүний нууцыг хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогчид хадгалах үүрэгтэй.
Хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрээр тусгай хугацаа тогтоогоогүй бол арбитрын хэргийг нэхэмжлэл хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хянан хэлэлцэнэ.
Хэргийг хэлэлцэх хугацааг талуудын тохиролцсоноор буюу хүндэтгэн үзэх шалтгаантай бол хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар сунгаж болно.
Хэргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэлэлцэн шийдвэрлэнэ.
Талууд тохиролцон хүсэлт гаргавал өөр улсын нутаг дэвсгэрт хэргийг хэлэлцэхээр хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн шийдвэрлэж болно.
Талууд нэг арбитрчаар шийдвэрлүүлэхээр тохиролцоогүй бол гурван арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэнэ.
Хэргийг гурван арбитрч шийдвэрлэх бол тал тус бүр нэг арбитрч томилж, томилогдсон хоёр арбитрч хуралдаан даргалах гуравдахь арбитрчийг томилно.
Хэрэв аль нэг тал арбитраас мэдэгдэл авснаас хойш 14 хоногийн дотор арбитрчийг томилоогүй буюу томилогдсон хоёр арбитрч тогтоосон хугацаанд гуравдахь арбитрчийг томилоогүй бол түүнийг арбитрын дарга томилно.
Хэргийг нэг арбитрчаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон боловч талууд түүнийг томилж чадаагүй бол арбитрын дарга томилно.
Дараахь үндэслэл байвал арбитрч хэрэг хэлэлцэхэд оролцож болохгүй:
арбитрч нь тухайн хэргийн оролцогчийн төрөл садан, эсхүл хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүнд хоорондоо төрөл садан хүмүүс орсон байвал;
нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэгний нь хувь нийлүүлэгч байх буюу бусад байдлаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой байвал;
тухайн маргаан бүхий харилцаанд талуудын аль нэгний өмгөөлөгч, зөвлөгчөөр урьд оролцож байсан бол;
хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэсэн үндэслэл бүхий бусад шалтгаан байвал.
Энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан үндэслэл байна гэж үзвэл томилогдсон арбитрч энэ тухайгаа түүнийг томилсон этгээдэд мэдэгдэж өөрөө татгалзан гарах үүрэгтэй. Дээрх үндэслэлээр аль ч арбитрчийг талууд хэрэг шийдвэрлүүлэхээс татгалзаж болно.
Арбитрчийг томилсны дараа илэрхий болсон үндэслэлээр арбитрч томилсон тал түүнийг татгалзан гаргах эрхтэй. Арбитрын дарга энэ үндэслэлээр өөрийн томилсон арбитрчийг сольж болно.
Татгалзлыг хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орж буй бусад арбитрчид шийдвэрлэнэ. Хэргийг нэг арбитрч шийдвэрлэх тохиолдолд түүнийг татгалзсан,эсхүл хоёр буюу бүх арбитрчийн эсрэг татгалзал гарсан бол түүнийг арбитрын дарга шийдвэрлэнэ. Харин арбитрч өөрөө татгалзсан бол энэ журам хамаарахгүй.
Хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан асуудлаар тогтоол гаргах эрхтэй.
Хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэтрүүлэн тогтоол гаргасан гэж аль нэг тал үзвэл хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны аль ч үед гомдол гаргаж болно.
Хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн гомдлыг хянан үзэж, 7 хоногийн дотор хариу өгнө. Өгсөн хариуг аль нэг тал хүлээн зөвшөөрөөгүй бол арбитрын даргад гомдлоо гаргаж болно. Ийнхүү гомдол гаргасан явдал арбитраас хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүлэхэд саад болохгүй. Арбитрын дарга энэ гомдлыг хянаж, 7 хоногийн дотор хариу өгнө.
Хэргийг шийдвэрлэхээр томилогдсон арбитрч тодорхой шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, эсхүл өөрөө татгалзсан буюу талууд түүнийг татгалзан гаргасан тохиолдолд арбитрчийн тухайн хэргийг шийдвэрлэх бүрэн эрх дуусгавар болно.
Энэ хуулийн 20 дугаар зүйлд зааснаар арбитрчийн бүрэн эрх дуусгавар болсон бол өөр арбитрчийг энэ хуульд заасан журмаар томилно.
Талууд, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийг хэргийн оролцогчид гэнэ.
Нэхэмжлэгч, хариуцагчийг талууд гэнэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл буюу нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, эсхүл нэхэмжлэлээс бүрмөсөн татгалзах, эвлэрэн хэлэлцэх эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөн хүлээхээс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэн хэлэлцэх эрхтэй.
Оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах;
хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр хуралдааны үед бусад оролцогчдод асуулт тавих;
шинжээч томилох, үзлэг явуулах зэрэг ажиллагаа гүйцэтгэхийг арбитрт хүсэх, арбитрын хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт тавих;
арбитрчид, шинжээч, хэлмэрчийг татгалзах.
Оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:
арбитрт гаргаж өгсөн нэхэмжлэл болон бусад бүх бичиг баримтын хуулбарыг нөгөө талд илгээх;
арбитрын тавьсан шаардлагыг биелүүлэх;
арбитрын хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх.
Гэрээт харилцаанд оролцож байгаа гуравдагч этгээд нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хөндөгдөж байна гэж үзвэл маргаж байгаа зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаж, уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд арбитрын шийдвэр гарахаас өмнө оролцож болно. Ийнхүү оролцсон этгээд нэхэмжлэгчийн бүрэн эрхийг эдэлнэ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн бүрэн эрхийг эдэлж оролцоно.
Маргалдаж байгаа талуудын аль нэг нь уг хэрэгт оролцох боломжгүй болсон /иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага, үүргээ бусдад шилжүүлсэн/ бол арбитр тэрхүү талыг түүний эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хийгдэж болно.
Эрх залгамжлагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн гүйцэтгэвэл зохих үүргийг эрх залгамжилсан хэмжээгээр хариуцна.
Талууд нь өөрсдөө буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Төлөөлөгчийн бүрэн эрхийг хуульд заасны дагуу бүрдүүлсэн итгэмжлэлээр тодорхойлно. Итгэмжлэлд талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно.
Талуудаас өөрсдийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа, арбитр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотлох баримт гэнэ.
Арбитрын хэрэгт нотлох баримт нь талууд, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл / гэрээ, хэлэлцээр, протокол, тодорхойлолт, төлбөрийн даалгавар, тооцооны баримт, хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлэг, чанарын сертификат гэх мэт/ болон эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэлээс бүрдэнэ.
Талууд, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа нөхцөл байдлыг өөрөө нотлох үүрэгтэй.
Талууд, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нь хуурамч нотлох баримт гаргах буюу хууль бус аргаар цуглуулахыг хориглоно. Ийм арга хэлбэрээр гаргасан нотлох баримт нь нотлох чанараа алдах бөгөөд арбитрын шийдвэрийн үндэслэл болохгүй.
Нотлох баримтыг арбитрын хуралдаан эхлэхийн өмнө болон хуралдааны үед гаргаж болно.
Арбитрын хуралдааны явцад шинэ нотлох баримт бүрдүүлэхийг талууд хүсвэл хуралдааныг хойшлуулж, түүнийг гаргаж өгөхийг талуудаас шаардах буюу эсхүл арбитр энэ хуулийн 30, 33 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж болно.
Хэрэв талууд өөрөөр тохиролцоогүй бол хэргийг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, соёл урлаг, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд арбитр хэргийн оролцогчийн хүсэлтээр буюу өөрийн санаачилгаар шинжээч томилно.
Шаардлагатай бол хэд хэдэн шинжээчийг нэгэн зэрэг томилж болох бөгөөд тэдгээр нь санал нэгтэй байвал нэг дүгнэлт гаргана. Харин аль нэг шинжээч нь бусад шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байвал дүгнэлтээ тусад нь гаргаж болно.
Хэрэгт холбогдолтой бүх төрлийн баримт,мэдээлэл, бараа, бусад эд зүйлийг шинжээчид гаргаж өгөхийг арбитр талуудаас шаардаж болно.
Талууд хүссэн болон шаардлагатай тохиолдолд арбитрын дурдсанаар шинжээч хүрэлцэн ирэх, дүгнэлтээ тайлбарлах, тавьсан асуултад үнэн зөв хариулах үүрэгтэй.
Шинжээч нь шаардлагатай гэж үзвэл тухайн хэргийн материалтай танилцах, нэмэлт материал гаргаж өгөхийг арбитрт хүсэх эрхтэй.
Шинжээч дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсгээ зурна. Ямар шинжилгээ хийсэн, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт, арбитраас тавьсан асуултад өгсөн үндэслэл бүхий хариултыг шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичнэ.
Хэргийн оролцогч нь монгол хэл мэдэхгүй, түүгээр харилцаж чадахгүй бол хэлмэрчээ өөрөө сонгон авна.
Хэлмэрч нь тухайн этгээдийн нэхэмжлэл, хүсэлт, тайлбар, түүнчлэн оролцогчдын тайлбар, хүсэлт, арбитрын хуралдааны болон хянан шийдвэрлэх бусад ажиллагаа, арбитрын шийдвэрийн агуулгыг түүнд хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй.
Хэлмэрч нь арбитрын дурдсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв хэлмэрчлэх үүрэгтэй.
Шинжээч дүгнэлтийг шударгаар гаргах, хэлмэрч үнэн зөв хэлмэрчлэх нь эргэлзээтэй гэж талууд үзвэл тэдгээрийг татгалзаж болно.
Шинжээч, хэлмэрчийг татгалзан гаргах асуудлыг хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
Арбитр хэргийг хянан шийдвэрлэхдээ зарим байдлыг тодруулахын тулд бараа, эд зүйл, баримт бичигт үзлэг хийж болно.
Үзлэгийг хэргийн оролцогчдыг оролцуулан хийж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогчид ирээгүй явдал нь үзлэг хийхэд саад болохгүй.
Арбитр хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болон хуралдаанаас гадуур явагдсан бусад ажиллагааны явцын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлийг хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлнө.
Тэмдэглэлд хуралдаан болон ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн, дууссан цаг, түүнд оролцогчдын овог нэр, хаяг, түүнчлэн үйл ажиллагааны дэс дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ.
Хэргийн оролцогчид хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, түүнд засвар оруулахаар хүсэлт гаргаж болно. Түүнд хуралдаан даргалагч болон хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
Арбитрын бусад ажиллагааны тэмдэглэлд оролцсон, байлцсан бүх хүн гарын үсэг зурна.
Арбитрын зардал нь үндсэн болон нэмэлт зардлаас бүрдэнэ.
Арбитрчдын урамшуулал болон арбитрын үйлчилгээнд зориулан нэхэмжлэлийн үнийн дүнгийн тодорхой хувь хэмжээгээр талуудаас төлж буй зардлыг үндсэн зардал гэнэ.
Үндсэн зардлын хэмжээг арбитрын даргын санал болгосноор Сангийн сайд тогтооно.
Арбитрт хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааны явцад гарсан дараахь зардлыг нэмэлт зардал гэнэ:
шинжээчийн тээвэр, байр, хоолны зардал, арбитрын шийдвэрээр гүйцэтгэсэн ажил нь үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс;
үзлэг хийхэд гарсан зардал;
арбитрын байнгын байрлах газраас өөр газарт арбитрын хуралдаан хийсэнтэй холбогдсон зардал.
Арбитрын үндсэн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нөхцөлд нэхэмжлэгчээр төлүүлнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол арбитрын үндсэн зардлыг хангасан буюу хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн үнийн дүнд дүйцүүлэн нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилан хариуцуулна.
Арбитрын нэмэлт зардлыг дараахь журмаар тооцож буруутай талаас нөхөн төлүүлнэ:
шинжээчид олгох тээвэр, байрны зардлыг зохих баримтыг үндэслэн, хоолны зардлыг тус улсын хууль тогтоомжийн дагуу, ажлын хөлсийг дундаж үнэлгээгээр;
энэ хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2,3-т заасан зардлыг гүйцэтгэлийн баримтаар.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлыг хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолд буюу хэрэг шийдвэрлэсэн шийдвэрт заана.
Арбитрын хуралдааныг хийхээс өмнө талууд эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээ буцаан авсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэргийг нэг арбитрч шийдвэрлэсэн бол гарсан зардлыг харгалзан үндсэн зардлын зарим хэсгийг буцаан олгоно.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлыг хэрэг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоолд буюу хэрэг шийдвэрлэсэн шийдвэрт заана.
Талууд тохиролцож арбирт хэрэг хянан хэлэлцэх журмыг тогтоож болно.
Талууд хэрэг хянан хэлэлцэх журам тогтоох талаар тохиролцоогүй бол арбитр энэ хуулийн дагуу хэргийг хянан хэлэлцэнэ.
Арбитрын хуралдаан даргалагч хуралдааныг нээж, ямар хэрэг хэлэлцэх, талууд, тэдгээрийн маргааны агуулгын талаар мэдэгдэнэ.
Арбитрын хуралдааны ирцийг хуралдааны нарийн бичгийн дарга бүртгэж мэдээлнэ.
Хуралдаан даргалагч оролцогчидтой нэгбүрчлэн танилцаж, албан тушаалтан буюу төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэлийг шалгана.
Талууд, тэдгээрийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол арбитрын хуралдааныг хойшлуулна. Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол цугларсан материалыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.
Бусад оролцогч ирээгүй тохиолдолд хэргийг хянан хэлэлцэх эсэхийг хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
Хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод тэдний эрх, үүргийг тайлбарлаж өгнө.
Шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хэлэлцэхтэй холбогдсон бусад асуудлын талаар талууд, тэдгээрийн төлөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчдын саналыг сонсмогц хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэж мэдэгдэнэ.
Нэхэмжлэлийг харьяаллын дагуу нэгэнт хүлээн авсан бол арбитр уг хэргийг хянан шийдвэрлэж дуусгах ёстой боловч талуудын тохиролцсоноор өөр улсын арбитрт шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал арбитрын хуралдаанаас өмнө тухайн хэргийг шилжүүлж болно.
Хэрэг хэлэлцэх ажиллагаа нь илтгэгч хэргийн талаар илтгэснээр эхэлнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, талууд эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаа эсэхийг хуралдаан даргалагч асууна.
Арбитр дараахь тохиолдолд хэргийг хэргэсэхгүй болгоно:
нэхэмжлэгч өөрийн шаардлагаас татгалзсаныг хариуцагч эсэргүүцээгүй бөгөөд түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн үзсэн;
талууд эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн;
талуудын аль нэг нь болох иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан бөгөөд тэдгээрийн эрх залгамжлагч байхгүй;
хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан асуудлаар гаргасан тогтоолыг арбитрын шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
Хуралдаан дээр гэрч, шинжээчийн тайлбарыг сонсож, хэрэгт авагдсан бичмэл болон эд мөрийн баримтыг нэгбүрчлэн шинжлэн судална.
Хэргийн оролцогчид нь хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр гэрч, шинжээчид асуулт тавьж болно.
Нотлох баримтыг шинжлэн судалсны дараа хуралдаан даргалагч нь нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогчдоос асууна.
Нэхэмжлэгч, түүний талд оролцож байгаа гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шаардлага, түүний үндэслэлээ гаргаж нотлох бөгөөд хариуцагч, түүний талд оролцож байгаа гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч татгалзал, түүнийг үндэслэж байгаа нотлох баримтаа гаргаж, харилцан асуулт тавьж, тайлбар авч болно.
Ийнхүү харилцан асуулт тавьж, тайлбар авч байх үед хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн хэдийд нь ч асуулт тавьж тодруулж болно.
Хэргийн талаар авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судалж, хэргийн оролцогчдын шаардлага, тайлбарыг сонссоны дараа хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн тусгайлан зөвлөлдөж шийдвэр гарган, түүний агуулгыг сонсгож, хуралдаан хаасныг мэдэгдэнэ.
Арбитраас хэрэг хянан хэлэлцээд шийдвэр гаргана.
Арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй байна.
Арбитрын шийдвэр нь хэрэгт байгаа болон хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарсан, хууль ёсны үндэслэл бүхий байна.
Хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн арбитрын шийдвэрийг олонхийн саналаар бичгээр гаргаж, гарын үсгээ зурна.
Арбитрын шийдвэрт дараахь зүйлийг заана:
арбитрын нэр, шийдвэр гаргасан газар, хугацаа
шийдвэр гаргасан үндэслэл;
нэхэмжлэлийн шаардлагыг хэрхсэн тухай;
талуудын хариуцах арбитрын зардлын хэмжээ.
Арбитр хэргийг хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах;
нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох;
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.
Шийдвэр гарсан өдрөөс хойш 60 хоногийн дотор арбитр өөрийн санаачилгаар буюу талуудын хүсэлтээр дараахь тохиолдолд нэмэлт шийдвэр гаргаж болно:
нэхэмжлэлийн ямар нэг шаардлагын талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан;
нэхэмжлэгчийн шаардаж авах мөнгө, эд хөрөнгийн хэмжээ буюу хариуцагч нь ямар ажиллагаа гүйцэтгэхийг заагаагүй;
арбитрын зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлүүлээгүй;
шийдвэрийг тайлбарлах болон тооцооны алдааг залруулах шаардлагатай;
хэргийн оролцогчид эрхийн чадамжгүй болох нь илэрсэн;
энэ хуульд заасан харьяаллын бус маргаан шийдвэрлэсэн.
Арбитрын шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар нэмэлт шийдвэр гаргахыг аль ч тал арбитрт хүсэж болно. Арбитрт хүсэлт гаргасан тал энэ тухайгаа нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй.
Арбитр шийдвэр гаргаснаас хойш 30 хоногийн дотор өөрийн санаачилгаар, эсхүл талуудын тавьсан хүсэлт үндэслэлтэй гэж үзвэл энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т заасан үндэслэлээр шийдвэрээ залруулах, өөрчлөх, тайлбарлах байдлаар, 5,6-д заасан үндэслэлээр шийдвэрээ хүчингүй болгох байдлаар нэмэлт шийдвэр гаргана. Шийдвэрээ залруулах, өөрчлөх, тайлбарлах байдлаар гаргасан нэмэлт шийдвэр нь урьдах шийдвэрийн нэгэн адил хүчинтэй бөгөөд түүний бүрэлдэхүүн хэсэг нь болно. Урьдах шийдвэрээ хүчингүй болгосон бол нэмэлт шийдвэр хүчинтэй байна.
Арбитр шаардлагатай бол нэмэлт шийдвэр гаргах хугацааг сунгаж болно.
Арбитрын шийдвэр нь гарсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
Арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэргийн оролцогчид буюу тэдгээрийн эрх залгамжлагчид арбитраар нэгэнт шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр арбитрт болон шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй.
Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 3, 4, 18 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 4, 30 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 42, 45, 47 дугаар зүйлд заасан тохиолдолд арбитрын тогтоол гаргана. Арбитрын тогтоолыг хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн, тэдгээр нь томилогдоогүй бол арбитрын дарга бичгээр гаргана.
Талууд арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Талууд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүсэлт гаргана. Уг хүсэлтэд арбитрын шийдвэр болон арбитрын тухай гэрээ, хэлэлцээрийн эх буюу түүний зохих ёсоор гэрчилсэн хуулбарыг хавсаргана.
Арбитрын шийдвэрийг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арванзургадугаар бүлэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.
Арбитрын шийдвэрийг гадаад улсад биелүүлэх тухай асуудлыг олон улсын гэрээ, конвенцид зааснаар зохицуулна.
Энэ хуулийг 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр ажиллагаанд байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуулийг буцааж хэрэглэхгүй.