Монгол Улсын хууль
Төрийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
1995-01-12, Улаанбаатар95-H-02
Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан нэмэгдэл баталгаа 2000 он дуусталх хугацаанд үл хамаарна.
2000 он дуусталх хугацаанд төрийн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3-т заасан албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар олгоно.
Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно.
Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.
Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.