Монгол Улсын хууль
Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай
Хүчин төгөлдөрАхмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай
1995-12-18, Улаанбаатар95-H-40
Энэ хуулийн зорилт нь ахмад настанд хамрагдах хүрээ, ахмад настны нийгмийн хамгаалалтын талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны гүйцэтгэх үүргийг тодорхойлж, ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний нөхцөл,хамрах хүрээ, хэмжээг тогтооход оршино.
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Эрэгтэй нь 60 ба түүнээс дээш настай, эмэгтэй нь 55 ба түүнээс дээш настай Монгол Улсын иргэн болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг, тус улсаас тэтгэвэр авдаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн ахмад настанд хамрагдана.
Нийгмийн хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ахмад настны нийгмийн хамгаалалтын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлуулах, улсын төсвөөс болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмад настны нийгмийн хамгаалалтыг сайжруулах, энэ талаархи тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авна.
Бүх шатны Засаг дарга ахмад настны нийгмийн хамгаалалтын талаар тус тусын эрх хэмжээний дагуу дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
баг, хорооны Засаг дарга ахмад настанг судлан бүртгэж, хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж олгуулах, хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авах, зохих тодорхойлолт гаргах, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх;
сум, хороо, дүүргийн Засаг дарга ахмад настны нийгмийн хамгаалалтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг эрхлэн зохион байгуулах, ахмад настанг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргах буюу энэ талаар дээд шатны байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настанг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг нь хамгаалах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан, өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг нийгмийн хамгаалалтын арга хэмжээнд хамруулах, хот, суурин газарт амьдарч байгаа ахмад настанд зайлшгүй хэрэгцээтэй хүнсний зүйл худалдаалах үйлчилгээний цэгийг бий болгох, зарим ахмад настанд гэрээр нь үйлчлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах;
аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хэмжээнд ахмад настны нийгмийн хамгаалалтын талаар авах арга хэмжээний тухай санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, ахмад настны нийгмийн хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах, ахмад настанг нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэр гаргах.
Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан ахмад настанг байнга анхааран халамжилж, шаардлагатай бол түлш болон нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцтай болоход нь туслах арга хэмжээ авна.
Ахмад настны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх үүргийг шилжүүлэн авсан аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлнэ.
Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газрын захиргаа ахмад настанд үйлчлэх дотоодын тусгай журам тогтоож мөрдөнө.
Ахмад настны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Засгийн газрын бус байгууллага /цаашид "ахмад настны байгууллага" гэх/-ыг үүсгэн байгуулж болно.
Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах ахмад настны төв байгууллагыг улсын төсвөөс,орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
Ахмад настны талаархи төрийн бодлогын тодорхой асуудлыг боловсруулах, улс, нутаг дэвсгэрийн хэмжээний зохион байгуулалттай ажилд ахмад настанг татан оролцуулахтай холбогдсон төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг ахмад настны байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг төсвөөс санхүүжүүлж болно.
Нийт ажиллагсдын 70-аас доошгүй хувийг ахмад настан эзэлдэг, ахмадуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагад зайлшгүй шаардлагатай бол Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэг үзүүлж болно.
Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас дор дурдсан ахмад настанд дараахь нөхцөл, хэмжээгээр хөнгөлөлт үзүүлнэ:
гавьяат цолтон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настан болон амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой ахмад настны эзэмшиж байгаа орон сууцны байрны /талбай, халаалт, цэвэр, бохир усны/ хөлсний 50 хувь, гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд 1 удаа 4 шоо метр түлээ, 4 тонн нүүрсний үнэ /тээврийн хөлсийг оруулж тооцсон/-ийн 50 хувийг тус тус нөхөн олгоно;
1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон түүнд амь үрэгдсэн дайчны эхнэр, нөхөрт амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг улиралд 1 удаа, гавъяат цолтон ахмад настанд жилд 1 удаа олгоно;
Гавьяат цолтон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр рашаан сувилалд сувилуулах шаардлагатай болсон амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой ахмад настанд эх орны рашаан сувилалд явах унааны нэг талын зардал , зар бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно;
нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно;
ахмад настанд шаардагдах хөл, гар, шүд /үнэт металлаар хийхээс бусад/, сонсох, харах эрхтэний дотоодын протез хийлгэх нэг удаагийн зардлыг олгоно.
Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь ахмад настны гүйцэтгэж байсан ажлын нөхцөл, онцлог, байгуулсан гавьяа, зүтгэлийг харгалзан түүнд нэмэгдэл хөнгөлөлт тогтоон олгох эрхтэй.
Ахмад настанд орон сууцны нөхцөлөө сайжруулах, орон сууц барихад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгож болно.
Бүтэн буюу хагас өнчин хүүхдийн асран хамгаалагч ахмад настан нь тэтгэвэр, тэтгэмжээс өөр орлогогүй бөгөөд уг хүүхэд дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуульд зохих журмын дагуу тэнцсэн бол түүний сургалтын зардлыг төрийн боловсролын сангаас гаргана.
Энэ зүйлд заасан хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, төрийн боловсролын сангаас сургалтын зардал гаргах журмыг Засгийн газар тогтооно.
Ардын хувьсгалын партизан, Монгол Улсын баатар , хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настанд энэ хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 4, 5-д болон мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан хөнгөлөлтөөс гадна дор дурдсан нэмэлт хөнгөлөлт үзүүлнэ:
эзэмшиж байгаа орон сууцны байр /талбай, халаалт, цэвэр, бохир ус/-ны хөлсийг, гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд хэрэглэх түлээ, нүүрсний үнийг тус тус 100 хувь нөхөн олгоно;
амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг улиралд нэг удаа олгоно;
жилд нэг удаа эх орны рашаан сувилалд явах замын зардал /ирэх, буцах/, зар бичгийн үнийг олгоно;
нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгоно.
Энэ зүйлд заасан нэмэлт хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргана.
Энэ зүйлд заасан нэмэлт хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно.
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу ахмад настныг нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамруулна.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлчилгээнд ахмад настан төлбөртэйгээр хамрагдахыг хүссэн тохиолдолд нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний байгууллага шаардлагатай үйлчилгээ үзүүлж тусална. Төлбөртэй үйлчилгээний журмыг нийгмийн хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож мөрдүүлнэ.
Ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй, худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газраар эхний ээлжинд тус тус үйлчлүүлнэ.
Билгийн улирлын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага урьд ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулж байна.
Билгийн улирлын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 100 ба түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулна.
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Ахмад настан төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг эзэмших, ашиглах эрхээ хуульд заасны дагуу өв залгамжлуулан шилжүүлж болно.
Ахмад настан нас барсан тохиолдолд түүний ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь хүндэтгэл үзүүлж ,оршуулгын ажилд тусална.
Асран хамгаалагч, тэжээн тэтгэгчгүй ганц бие ахмад настан нас барвал оршуулгын ажлыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга зохион байгуулж, зардлыг орон нутгийн төсвөөс гаргана.
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй ахмад настан нас барсан бол түүний оршуулгын зардлын зохих хэсгийг тухайн орон нутгийн төсвөөс гаргана. Төсвөөс олгох зардлын хэмжээг Засгийн газар тогтооно.
Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан оршуулгын ажлыг зохион байгуулах болон оршуулгын зардлыг олгох журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож мөрдүүлнэ.
Энэ хуулийг 1996 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.