Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1995 › Байгалийн Ургамлын Тухай

Монгол Улсын хууль

Байгалийн Ургамлын Тухай

Хүчин төгөлдөр

Байгалийн Ургамлын Тухай

1995-04-11, Улаанбаатар95-H-09

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамал /цаашид "ургамал" гэх/-ыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж
1.

Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2¹ дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
1.

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/

“байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;

2/

“байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг;

3/

“байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгаа” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдэж байгаа судалгааг;

4/

“байгалийн ургамлыг тарималжуулах” гэж байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор тарьж ургуулах, үржүүлэх ажиллагааг;

5/

“ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг;

6/

“харь ургамал” гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгаа зүйл ургамлыг.

3 дугаар зүйл.Ургамлын сан, түүний ангилал
1.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ.

2.

Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараахь байдлаар ангилна:

1/

нэн ховор;

2/

ховор;

3/

элбэг.

3.

Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна.

4.

Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.

5.

Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.

4 дугаар зүйл.Ургамлыг хамгаалах үйл ажиллагааны удирдлага

Ургамлыг хамгаалах үйл ажиллагааны удирдлагыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

5 дугаар зүйл.Ургамлын нөөцийн мэдээллийн сан
1.

Ургамлын нөөцийн мэдээллийн сан дараахь үзүүлэлтээс бүрдэнэ:

1/

ургамлын тархац, нөөцийн хэмжээ, түүний үнэлгээ;

2/

ургамлын хатаамал, бэлдмэл, үрийн цуглуулга;

3/

ургамлын судалгааны тайлан, мэдээ баримт;

4/

ургамлын хяналт-шинжилгээний ажиглалт, хэмжилтийн мэдээ баримт;

5/

ургамал хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээ.

2.

Ургамлын мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл.Ургамал ашигласны төлбөр
1.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглахдаа хууль тогтоомжид заасны дагуу төлбөр төлнө.

2.

Ургамал ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг хуулиар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГУРГАМЛЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ
7 дугаар зүйл.Ургамлыг хамгаалах
1.

Ургамлыг гал түймэр, хөнөөлт организм болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

2.

Нэн ховор, унаган буюу үлдвэр ургамлын удмын санг хамгаалах зорилгоор ургамлыг тарималжуулах, нутагшуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

3.

Ургамлыг хөнөөлт организм, хими, биологийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тогтоох ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.

4.

Ургамлыг хөнөөлт организмаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно.

5.

Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно.

6.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр харь ургамлыг байгальд тарималжуулна.

7.

Харь ургамлыг байгальд тарималжуулахад зориулалтын хязгаарлаж битүүмжилсэн талбайг ашиглана.

8.

Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

9.

Ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, тэмцэх, устгахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

7¹ дугаар зүйл.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох
1.

Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын тархац, нөөцийн судалгааг 5 жил тутамд төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллагатай хамтран явуулна.

2.

Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.

Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ хийх зардлыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

4.

Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын зүйлийн нэр, түүхий эдийн хэмжээ, хугацаа, газрыг орон нутгийн санал, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр тогтооно.

8 дугаар зүйл.Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох газар
1.

Байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий дараахь газар нутагт ургамлыг нөөцийнх нь хэмжээг үл харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно:

1/

хот, тосгон, бусад суурины ногоон бүс;

2/

гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2 километрийн доторхи газар;

3/

нэн ховор амьтны байршил газар;

4/

баянбүрд;

5/

ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар;

6/

элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар;

7/

хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар.

2.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 6, 7-д заасан газар, түүний заагийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоож, хэрэгжилтийг хянана.

3.

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т заасан газар мал бэлчээж болно.

9 дугаар зүйл.Ургамлыг нөхөн сэргээх

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан газраа зохих журмын дагуу өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлсний дараа сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГУРГАМЛЫГ АШИГЛАХ
10 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зориулалт

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.

2.

Харь ургамлыг байгальд тарималжуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.

11 дугаар зүйл.Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах
1.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно.

2.

Судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.

3.

Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний тайлангаа Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй.

12 дугаар зүйл.Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах
1.

Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.

2.

Ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.

13 дугаар зүйл.Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах
1.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага элбэг ургамлыг хүнсний, техникийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зориулалтаар ашиглаж болно.

2.

Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулан ашиглаж болно.

3.

Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.25-д заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 7¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.

4.

Ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны 50 ба түүнээс дээш хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байна.

5.

Ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.16-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.

14 дугаар зүйл.Бэлчээр, хадлангийн ургамлыг мал тэжээх зориулалтаар ашиглах
1.

Бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүргийн газар нутагт мал бэлчээх, хадлан авах зэргээр бэлчээр, хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлийг баримтална.

2.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нэн ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2 хүртэл жилийн хугацаагаар хориглож болно.

3.

Ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах зорилгоор бэлчээр, хадлангийн газрыг хуваарьтай, даацад нь тохируулж ашиглуулах асуудлыг сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

15 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам
1.

Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэнэ.

2.

Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ.

3.

Ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно.

4.

Эрхийн бичигт ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг заана.

5.

Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгөх бөгөөд холбогдох эрхийн бичгийн мэдээллийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй.

6.

Ургамлыг ашиглах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаатай олгож, нэг удаа анх олгосон хугацаагаар сунгана.

7.

Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчингүй болгоно.

16 дугаар зүйл.Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа
1.

Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацааг баримтлан түүж бэлтгэнэ.

2.

Ургамлыг түүж бэлтгэх, улсын хилээр нэвтрүүлэх журам, хэмжээ, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.

Уламжлалт эмийн түүхий эд болох элбэг ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацаа, жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

17 дугаар зүйл.Ургамлыг гадаад улсад гаргах
1.

Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.19-д заасан төрийн захиргааны төв байгууллага олгоно.

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгож, хүчингүй болгоно.

3.

Ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцууг үндэс болон үрийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргахыг хориглоно.

4.

Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.

18 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зорилгоор газар эзэмшүүлэх, ашиглуулах
1.

Сум, дүүргийн Засаг дарга ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зорилгоор түүний тархац газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тодорхой хугацаатайгаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулан эзэмшүүлж, ашиглуулж болно.

2.

Ургамал ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшиж, ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

1/

тухайн газарт ашиглах ургамлын нэр, ашиглах хэмжээ;

2/

ургамлыг ашиглах нөхцөл, болзол;

3/

гэрээ байгуулагч талуудын тухайн ургамлыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон эрх, үүрэг, хариуцлага.

3.

Ургамлыг ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшигч, ашиглагч нь тухайн ургамлыг болон түүний ургах орчинг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээхээс гадна Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

4.

Ургамлыг нь ашиглахаас өөр зориулалтаар газрыг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, ашиглалтын газар дахь ургамлыг зохих журмын дагуу зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн зориулалтаар бол төлбөртэйгээр, ахуйн зориулалтаар бол төлбөргүйгээр ашиглана.

19 дугаар зүйл.Ургамал ашиглагчийн үүрэг

Ургамал ашиглагч нь дараахь үүрэгтэй байна:

1/

ургамлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх;

2/

ургамлыг түүж бэлтгэх, нөхөн сэргээх журмыг баримтлах;

3/

журам, зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанд ургамлыг түүж бэлтгэх;

4/

нэг наст ургамлыг түүний үр боловсросны дараа түүж бэлтгэх;

5/

ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөөцийн хэмжээг өөрийн зардлаар тогтоолгон, ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх;

6/

ургамлыг нь ашиглах зорилгоор газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх.

7.

Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГБусад зүйл
20 дугаар зүйл.Мансууруулах бодис бүхий ургамал
1.

Мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

2.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.6-д заасан мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгож, зөвшөөрлийг тусгай бүртгэлд бүртгэнэ.

3.

Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

4.

Иргэн, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах бодис бүхий ургамлыг түүх, ашиглах, тарихыг хориглоно.

5.

Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

6.

Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэргэжлийн байгууллага зөвшөөрөл хүсэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох дүгнэлтийг гаргаж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

21 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.