Монгол Улсын хууль
Хоршооны Тухай
Хүчин төгөлдөрХоршооны Тухай
1995-05-16, Улаанбаатар95-H-16
Энэ хууль нь хоршооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь дуусгавар болгох, удирдлагын зохион байгуулалт, гишүүний эрх, үүрэг болон хоршооны санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Хоршооны тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хуулийн этгээд байгуулахгүйгээр иргэд, хуулийн этгээдүүд хамтран ажиллах асуудал энэ хуулиар зохицуулагдахгүй.
Хоршоо нь гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, тэдний эдийн засгийн нийтлэг ашиг сонирхол, хэрэгцээг хангах зорилготой байна.
Хоршоо нь дараахь зарчмаар зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулна:
хоршоог сайн дурын үндсэн дээр байгуулж, гишүүнээр элсэх, гишүүнээс гарах нь чөлөөтэй байх;
хоршооны үйл ажиллагааны удирдлага, хяналтад гишүүн бүр тэгш эрхтэй оролцох, хоршоо нь гишүүдээрээ удирдуулсан өөрөө удирдах ёсны зарчмаар ажиллах;
гишүүн хөдөлмөр, эд хөрөнгөө нэгтгэх замаар хоршооны үйл ажиллагаанд оролцох;
орлогоо гишүүдэд шударгаар хуваарилах;
хоршоо нь хуулийн хүрээнд бүх асуудлаа бие даан шийдвэрлэж байх;
хоршоог удирдах, аж ахуйг эрхлэн хөтлөх талаархи гишүүдийнхээ мэргэшил, боловсролыг байнга дээшлүүлэх.
Хоршоо нь үйлдвэрлэлийн, үйлчилгээний, хэрэглэгчдийн гэсэн үндсэн төрөлтэй байна.
Хоршоо нь үйл ажиллагааныхаа чиглэлээр хөдөө аж ахуйн ханган борлуулах, мал аж ахуйн, түүхий эд боловсруулах, газар тариалангийн, эд хэрэглэгчдийн, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн, ахуйн үйлчилгээний, гар урчуудын, ажиллах хүчний, мөнгөн хадгаламж, зээлийн, даатгалын, орон сууцны, тээврийн, эрчим хүчний, барилгын, соёл, боловсрол, эмнэлэг, эрүүл ахуйн үйлчилгээний зэрэг болон эдгээрийн хосолмол хэлбэртэй байж болно.
Хоршоог иргэн, хуулийн этгээдүүд санаачилж 3-аас доошгүй гишүүнтэйгээр байгуулж болно.
Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.
Үүсгэн байгуулагчид бүх гишүүдийн хурал хийж, дүрмээ батална.
Дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:
хоршооны оноосон нэр, орших газар;
үүсгэн байгуулагчдын нэр, хаяг;
хоршооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, хоршооны төрөл, хэлбэр;
хоршооны эд хөрөнгийн хэмжээ, түүнийг бүрдүүлэх хугацаа, хэлбэр;
хоршоонд гишүүнээс нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, түүнийг бүртгэх журам болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
хоршооны орлогыг тооцох, бүртгэх, түүнийг гишүүдэд болон хоршооны эд хөрөнгөд хуваарилах журам;
хоршооны эд хөрөнгийг ашиглах журам;
гишүүнээр элсэх, гишүүнээс гарах, хасах нөхцөл, гишүүний эрх, үүрэг, сахилгын хариуцлага;
хоршооны эд хөрөнгийн хариуцлага, түүнд гишүүдийн нөхөх хариуцлага;
гишүүнд үйлчлэх хэлбэр;
санал хураах, санал тэнцсэн үед шийдвэр гаргах журам;
хоршоог өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг дуусгавар болгох, эцсийн тооцоо хийх журам.
хоршооны удирдлага, түүний бүрэн эрх;
хоршоо салбар, төлөөлөгчийн газартай байх эсэх, түүний эрх, үүрэг;
хуульд заасан бусад зүйл.
Хоршоог үүсгэн байгуулагчид дүрмээ баталснаас хойш 30 хоногийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх өргөдөл гаргана. Өргөдөлд дүрмийг хавсаргана.
Бүртгэх байгууллага өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
Дүрмийг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл бүртгэх байгууллага зохих үндэслэлийг зааж бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргана. Энэ шийдвэрийг үүсгэн байгуулагчид эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
Хоршоо улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулна.
Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 14-т заасан асуудлаар хоршооны дүрэмд өөрчлөлт орвол энэ тухайгаа 14 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ. Бүртгэх байгууллага энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмаар энэ өөрчлөлтийг бүртгэнэ.
Хоршооны эд хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө;
дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар;
хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны эд хөрөнгөд үлдээхээр хуваарилсан хөрөнгө;
хандив, тусламж.
Хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байх бөгөөд түүнийг гишүүн тус бүрийн нэр дээр хуваарилан дараахь байдлаар давхар бүртгэнэ:
гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийг үнийн дүнгээр болон биет байдлаар;
хоршооны эд хөрөнгөд үлдээхээр хуваарилсан хөрөнгийг гишүүдэд орлого хуваарилах журмаар тооцсон үнийн дүнгээр;
хандив, тусламжийг гишүүдэд тэнцүү хуваасан үнийн дүнгээр.
Хоршооны эд хөрөнгөөс хөрөнгө оруулалт хийж болно.
Хоршооны эд хөрөнгийг бүх гишүүдийн хурлаар тогтоосон зориулалтаас өөрөөр зарцуулах, зээлдүүлэхийг хориглоно.
Хоршооны эд хөрөнгө нь гишүүд дундаа хэсгээр өмчлөх өмчийн хэлбэртэй байна.
Хоршооны үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Хоршоо орлогоо дүрмээр тогтоосон журмын дагуу бүх гишүүдийн хурлын шийдвэрээр гишүүдэд хуваарилна. Орлогоос хоршооны эд хөрөнгөд үлдээх эсэхийг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
Хоршоо орлогоо гишүүдэд хуваарилах шийдвэр гаргахдаа хөдөлмөрөөрөө хоршооны үйл ажиллагаанд оролцсон оролцоо, хоршоогоор үйлчлүүлсэн байдал, нийлүүлсэн хувь хөрөнгийн хэмжээг харгалзан үзнэ.
Хоршоо үйл ажиллагаатайгаа холбогдон үүсэх үүргийг эд хөрөнгөөрөө хариуцна.
Хоршооны эд хөрөнгө тухайн үүргийг хариуцахад хүрэлцэхгүй бол гишүүд өөрийн эд хөрөнгөөр бүрэн нөхөж хариуцна. Гишүүн бүрт ногдох нөхөх хариуцлагын хэмжээг гишүүдэд орлого хуваарилах зарчмыг харгалзан тогтооно.
Хоршоо нь эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцож болно.
Хоршоонд ажиллаж байгаа хоршооны гишүүн иргэний хөдөлмөрийн харилцаа нь энэ хууль болон хоршооны дүрмээр зохицуулагдана.
Хоршоонд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гишүүн бус иргэний хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.
Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
Хоршоонд ажиллаж байгаа хоршооны гишүүн иргэн нь нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдана.
Хоршоонд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэн хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалд заавал хамрагдана.
Хоршоо хууль тогтоомжийн дагуу хоршооны эд хөрөнгө, түүний эх үүсвэр болон үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний санхүүгийн үр дүн, мөнгөн хөрөнгийн хөдлөлийн талаар нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан тэнцэл гаргана.
Дор дурдсан тохиолдолд хоршооны гишүүнээр элссэнд тооцно:
хоршоог үүсгэн байгуулагчид бүртгэх байгууллагад бүртгүүлсэн;
хоршоонд гишүүнээр элссэн тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарсан;
хуульд заасан бусад үндэслэл.
Хоршоонд гишүүнээр элсэх асуудлыг бүх гишүүдийн хурал буюу удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
Хоршоо бүх гишүүдийн бүртгэлтэй байна. Бүртгэлд гишүүн бүрийн овог, нэр, оршин сууж байгаа байнгын хаяг, гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгө, түүний төлөгдсөн байдал, хоршооны орлогоос болон бусад эд хөрөнгөөс хуваарилсан хэмжээг бүртгэнэ.
Хоршооны гишүүн дараахь эрх эдэлнэ:
хоршооны орлогоос энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хуваарилан авах;
хоршооны ажил хэргийг удирдахад биечлэн оролцох;
хоршооны үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэл авах;
хоршооны гүйцэтгэх байгууллага болон хяналтын зөвлөлд сонгох, сонгогдох;
хоршооноос гарах;
хууль тогтоомжид заасан бусад эрх.
Хоршооны гишүүн дараахь үүрэг хүлээнэ:
хоршооны дүрмийг дагаж мөрдөх;
хоршооны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх;
хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
Гишүүн сайн дураар хоршооноос гарч болно. Энэ тухайгаа хоршоонд нэг сарын өмнө мэдэгдэж, хүсэлтээ бичгээр гаргана.
Гишүүн хоршооноос гарах тохиолдолд түүний гарсан өдрөөр тасалбар болгон холбогдох төлбөр, тооцоог хийж, гишүүний анх нийлүүлсэн хувь хөрөнгө, ногдох бусад эд хөрөнгийг тооцож, санхүүгийн тайлан батлагдсанаас хойш 3 сарын дотор олгоно.
Гишүүн хоршооноос гарахдаа биет байдлаар нийлүүлсэн хувь хөрөнгөө буцаан авах эрхтэй. Тухайн эд хөрөнгийг биет байдлаар буцаан олгох боломжгүй, эсхүл ийнхүү олгох нь хоршооны үйл ажиллагааг шууд зогсооход хүргэх тохиолдолд түүний зөвшөөрснөөр тухайн үеийн үнээр тооцож олгоно. Хэрэв зөвшөөрөхгүй бол маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
Хоршооны гишүүнийг дүрэмд заасан үндэслэлээр бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хасаж болно. Гишүүнийг хоршооноос хасах тохиолдолд түүнд анх нийлүүлсэн хувь хөрөнгийг энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар олгоно. Түүнд ногдох бусад эд хөрөнгийг олгох эсэхийг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
Хоршооны дүрмийг зөрчсөн гишүүнд дүрэмд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хоршооны гишүүнээс хоршоонд учруулсан эд хөрөнгийн хохирлыг дүрэм болон хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
Хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал мөн.
Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ.
Дор дурдсан асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ:
хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
хоршооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, хоршооны даргыг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх;
хоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах талаархи хоршооны даргын эрх хэмжээг тогтоох;
гишүүн элсүүлэх, гишүүнээс гарах, хасах;
хоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах зориулалтыг тогтоох;
гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгийг буцааж олгох;
хоршооны тайлан тэнцлийг баталж, орлогыг хуваарилах;
дундын хоршоо байгуулах, холбоонд эвлэлдэн нэгдэх;
хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох;
удирдах зөвлөл байгуулаагүй бол энэ хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2, 4-т заасан асуудал;
дүрэмд заасан бусад асуудал.
Гишүүдийн дийлэнх олонхи оролцож байвал бүх гишүүдийн хурлыг хүчинтэйд тооцно.
Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл (хянан шалгагч/ -ийн, удирдах зөвлөл байгуулаагүй тохиолдолд хоршооны даргын санаачилга, түүнчлэн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн шаардлагаар хуралдуулна.
Бүх гишүүдийн хуралд хэлэлцэх асуудлыг гишүүдэд хурал эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.
Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн бүх гишүүн хуралд оролцож байгаа тохиолдолд тэдний олонхийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.
Бүх гишүүдийн хурлаас удирдах болон хяналтын зөвлөл, хоршооны даргыг сонгох, чөлөөлөх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох тухай асуудлыг дийлэнх олонхийн саналаар, дүрэмд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг тухайн хоршооны гүйцэтгэх байгууллага, хяналтын зөвлөл, гишүүн бүр биелүүлэх үүрэгтэй.
Бүх гишүүдийн хурлын шийдвэрийн бүртгэлийг хоршооны дарга хөтөлнө.
Бүх гишүүдийн хуралд гишүүн бүр нийлүүлсэн хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамааран нэг саналын эрх эдэлнэ.
Хоршооны гүйцэтгэх эрх мэдлийг бүх гишүүдийн хурлаас сонгосон удирдах зөвлөл болон хоршооны дарга хэрэгжүүлнэ.
Удирдах зөвлөл дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
хоршооны эдийн засаг, технологийн бодлого,хэтийн төлөв, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох;
хоршооны удирдлагын аппаратын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалин, урамшууллын журмыг батлах;
бүх гишүүдийн хурлаас баталсан зориулалтын дагуу хөрөнгийг захиран зарцуулах;
хоршооны боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх;
Хоршооны дарга дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, удирдах зөвлөлд танилцуулах;
бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хязгаарласнаас бусад асуудлаар хоршоог төлөөлөх, итгэмжлэл олгох;
хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчидтай хоршоог төлөөлөн гэрээ байгуулах;
хоршооноос гарсан мэдээ, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;
дүрэмд заасан бусад эрх, үүрэг.
Хоршооны үйл ажиллагааны цар хүрээ, онцлог болон гишүүдийн тооноос хамаарч удирдах зөвлөл байгуулахгүйгээр зөвхөн хоршооны даргыг сонгож болно.
Удирдах зөвлөл байгуулаагүй тохиолдолд энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан бүрэн эрхийг хоршооны дарга хэрэгжүүлнэ.
Хоршооны гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрх бүхий хяналтын зөвлөлийг хоршооны гишүүний тоо, үйл ажиллагааны хүрээ, онцлогийг харгалзан 3-аас доошгүй гишүүнтэйгээр бүх гишүүдийн хурлаас сонгоно.
Хоршооны удирдах албан тушаалтан (хоршооны дарга, удирдах зөвлөлийн гишүүд/ , түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгохгүй.
Хяналтын зөвлөл жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд хэдийд ч хуралдаж болно.
Хяналтын зөвлөл илэрсэн дутагдлыг тухай бүр нь удирдах болон гүйцэтгэх байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахыг шаардах эрхтэй.
Удирдах зөвлөлийн хуралд хяналтын зөвлөлийн гишүүд зөвлөх эрхтэй оролцоно.
Хяналтын зөвлөл хоршооноос санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон аливаа мэдээ, материалыг саадгүй гаргуулан авах, холбогдох мэргэжлийн хүнийг хяналтын үйл ажиллагаанд татан оролцуулах эрхтэй.
Хяналтын зөвлөл тухайн жилийн санхүүгийн тайлан, орлого, алдагдлыг хуваарилах саналын талаар дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлнэ.
Хоршооны гишүүдийн тоо цөөхнөөс шалтгаалан хяналтын зөвлөл байгуулахгүйгээр 1 хянан шалгагчийг сонгон ажиллуулж болно.
Хоршоог өөрчлөн байгуулах (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах/ тохиолдолд бүртгэх байгууллагад мэдэгдэж, хоршооны дүрэм, бүртгэлд зохих өөрчлөлт хийлгэнэ.
Хоршоог өөрчлөн байгуулах үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий өөрчлөн байгуулах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилно.
Хоршоог өөрчлөн байгуулах комисс энэ хуулийн 25 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
Хоршоог дор дурдсан тохиолдолд татан буулгана:
үйл ажиллагаа явуулахаар тогтоосон хугацаа дууссан, эсхүл байгуулагдсан зорилгодоо хүрсэн учраас цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн бүх гишүүдийн хурлын шийдвэр гарсан;
дампуурлыг зарласан, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөнөөс татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.
Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгаж байгаа бол тухайн хурлаас татан буулгах комисс томилно.
Татан буулгах комисс хоршоо татан буугдсан тухай нийтэд мэдээлж, татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
Татан буулгах комисс хоршооны эд хөрөнгийг үнэлж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан дарааллаар харилцагчдын нэхэмжлэл хангах ажиллагааг гүйцэтгэн, дуусгалтын тайлан тэнцлийг гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлнэ.
Татан буулгах комисс эцсийн тооцоо хийж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг энэ хууль болон хоршооны дүрэмд заасан нөхцөл, журмаар хоршооны гишүүдэд хуваана.
Хоршооны үйл ажиллагааг өөрчлөн байгуулсан болон хоршоог татан буугдсан тухай улсын бүртгэлд бүртгэснээр тухайн хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдоно.
Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний хоршоонд бүх гишүүн хөдөлмөрөө хоршин, шаардлагатай бол эд хөрөнгөө нэгтгэж, биечлэн хөдөлмөрлөх замаар оролцоно.
Хэрэглэгчдийн хоршоонд гишүүд хөрөнгөө нэгтгэж, хөдөлмөрөө хоршин, гишүүдийнхээ хэрэгцээг хангахыг гол зорилго болгоно. Дүрэмд заасан бол гишүүн биш этгээдэд үйлчилж орлогоо нэмэгдүүлж болно.
Хэрэглэгчдийн хоршоонд эд хөрөнгөө нэгтгэсэн гишүүн тухайн хоршоонд биечлэн хөдөлмөрлөхгүй байж болно.
Хоршоод аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран явуулах, харилцан туслах зорилгоор дундын хоршоо байгуулж болно.
Дундын хоршооны эд хөрөнгө нь гишүүн хоршооноос дундын хоршооны эд хөрөнгөд нийлүүлсэн хувь хөрөнгөтэй хувь тэнцүүгээр хоршоодод хуваагдана. Энэ тухай гишүүн хоршооны бүртгэлд бүртгэнэ.
Дундын хоршооны эд хөрөнгө нь хоршоод дундаа хэсгээр өмчлөх өмчийн хэлбэртэй байна.
Үйл ажиллагааны чиглэл, нутаг дэвсгэрийн буюу бусад шинжийг үндэслэн үйл ажиллагаагаа зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллага, түүнчлэн олон улсын байгууллагад төлөөлүүлэх зорилгоор хоршоод нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эвлэлдэн нэгдэж холбоо байгуулж болно. Энэ нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хэлбэртэй байна. Энэхүү хуулийн этгээдийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.
Хоршооны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх журмыг зөрчсөн албан тушаалтныг бүртгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан 2000-20000 төгрөгөөр торгох;
дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол шүүгч олсон орлогыг хурааж,хоршоог 100000-250000 төгрөгөөр торгох.
энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн албан тушаалтныг шүүгч 30000-50000 төгрөгөөр торгох;
энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, өөрчлөн байгуулах буюу татан буулгах комисс томилоогүй бол хоршоог шүүгч 50000-150000 төгрөгөөр торгох;
өөрчлөн байгуулах буюу татан буулгах комисс нь энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн бол комиссын дарга, гишүүдийг шүүгч 30000-50000 төгрөгөөр торгох;
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан заалтыг удаа дараа зөрчсөн бол хоршоог татан буулгахаар шүүх шийдвэрлэж болно.