Монгол Улсын хууль
Дээд Боловсролын Тухай
Хүчин төгөлдөрДээд Боловсролын Тухай
1995-06-19, Улаанбаатар95-H-26
Энэ хуулийн зорилт нь иргэдийн дээд боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дээд боловсролын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэдэд дээд боловсрол эзэмшихэд, үйлчлэхэд оршино.
Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчдад шинжлэх ухаан, техник, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дор дурдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид зайлшгүй мэдвэл зохих тодорхой шинжлэх ухааны үндсийг эзэмших;
мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, техник, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар, дадал, шинжлэх ухааны үзэл бодол төлөвших;
мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчид авьяас сонирхол, нийгмийн болон захиалагчийн хэрэгцээнд нийцүүлэн тухайн мэргэжлээр сонгон мэргэших.
Дээд боловсролын зэрэг нь кредит цагаар хэмжигдэх, дипломын, бакалаврын, магистрын, доктор /Ph. D/-ын гэсэн шатлалтай байна.
Дээд боловсролын агуулгын кредит цагийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон мэргэжлийн байгууллага тогтооно.
Дээд боловсролын тодорхой шатны агуулгыг эзэмшигчдэд түүнийг нь гэрчлэн нотолсон үнэмлэх, дипломыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллага олгоно.
Гадаад оронтой боловсролын баримт бичиг харилцан зөвшөөрөлцөх асуудлыг магадлан-итгэмжлэх байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
Дээд боловсролын байгууллага нь их сургууль, коллеж гэсэн ангилалтай байна.
Их сургууль нь бакалаврын, магистрын, докторын зэрэг олгох дээд боловсролын байгууллага мөн.
—
Коллеж нь дипломын, бакалаврын болон магистрын зэрэг олгох дээд боловсролын байгууллага мөн. Боловсролын зэрэг олгох эрхийг аккредитацийн байгууллагын шийдвэрийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Дээд боловсролын байгууллагын ангилал, зэрэглэлийг магадлан- итгэмжлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Дээд боловсролын байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна. Дээд боловсролын байгууллага нь эрдэм шинжилгээний хүрээлэн, дадлагын газар, номын сантай байхаас гадна факультет, салбар, соёл-спортын төв, туршилт-дадлагын газар, судалгааны төв, хэвлэл-мэдээллийн алба зэрэг нэгжтэй байж болно.
Их сургууль нь бүрэлдэхүүндээ буюу харьяалалдаа эрдэм шинжилгээний хүрээлэн, сургууль, мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх төв, коллеж, техникийн болон мэргэжлийн сургууль, эрдэм шинжилгээ-сургалтын төв,гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль буюу анги, бүлэгтэй байж болно. Ерөнхий боловсролын дунд сургууль буюу анги, бүлэг байгуулахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч элсэлтийг үйлчлэх хүрээндээ зохион байгуулна.
Коллеж нь бүрэлдэхүүндээ буюу харьяалалдаа сургалт-эрдэм шинжилгээний төв, техникийн болон мэргэжлийн сургуультай байх бөгөөд зарим мэргэжлээр шаталсан сургалт зохион байгуулж болно.
Их сургууль, коллежид харьяалагдах боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.
Дээд боловсролын байгууллага нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор эдгээр нэгжүүдийн нэгдэл хэлбэрээр зохион байгуулагдаж болно.
Дээд боловсролын байгууллага нь сургалт-эрдэм шинжилгээний зориулалт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж, туслах аж ахуйтай байж болно.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр тодорхой аж ахуйн нэгж, байгууллагыг суралцагчдын сургалт-эрдэм шинжилгээ, дадлагын бааз болгож болно.
Дээд боловсролын байгууллагыг Боловсролын тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна.
Цэргийн дээд боловсрол эзэмшүүлэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
Төрийн өмчийн их сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
Төрийн бус өмчийн хэлбэрт үндэслэсэн их сургууль, коллежийг татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн суралцагчдын эрх ашгийг хохироохгүйгээр үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээд шийдвэрлэнэ.
Сургууль татан буугдсан нөхцөлд оюутны мэдлэг, чадварыг шалган тогтоох замаар адил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг татан буугдсан сургууль, дээд боловсролын бусад байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Өөр сургуульд шилжин суралцах оюутан анги ухарч суралцах нөхцөлд гарах зардлыг татан буугдсан сургууль хариуцна.
Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Их, сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой хүмүүсийг элсүүлнэ.
Мэргэжилтний хэрэгцээ, захиалга, сургуулийн багшлах боловсон хүчин, материаллаг бааз, хүчин чадлыг харгалзан элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Сургуулийн хүчин чадлыг тодорхойлох үндэслэл нь түүний дүрмийн сангийн хэмжээ байна.
Их сургууль, коллежид оюутан, магистрант, докторант элсүүлэх үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Их сургууль, коллежид суралцагчдыг элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга зарчимд үндэслэнэ. /Энэ зүйлд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон/
Их сургууль, коллежийн сургалт нь өдөр, орой, эчнээ, зайнаас сургах болон экстернат хэлбэртэй байж болно.
Их сургууль, коллежийн өдөр, оройн сургалтын хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.
Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлд хичээлийн жилийн эхлэх хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрчилж болно.
Их сургууль, коллежийн сургалт нь мэргэжил бүрээр боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн сургуулийн захирал батална.
Их сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт, үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, дүрмийг сургуулийн удирдах зөвлөл батална. Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 кредит цагаас доошгүй байх бөгөөд өмнөх сургалтын кредит цагийг оролцуулан тооцон бакалаврын сургалт 120 кредит цагаас, магистрын сургалт 150 кредит цагаас, докторын сургалт 210 кредит цагаас тус тус доошгүй байна.
Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна.
Их сургууль, коллежид суралцагчдын мэдлэг, чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тооцсон журмын дагуу үнэлж дүгнэнэ.
Дээд боловсролын хэргийг удирдах үүргийг улсын хэмжээнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
дээд боловсролыг хөгжүүлэх асуудлаар хөтөлбөр, дүрэм, журам, төлөвлөгөө боловсруулж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж, дэмжих, тэднийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах;
төрийн захиргааны бусад төв байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах.
Их сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
Төрийн өмчийн их сургууль, коллежийг тэдгээрийн удирдах зөвлөлөөс томилж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батламжилсан захирал удирдана.
Төрийн бус өмчийн их сургууль, коллежийг тэдгээрийн удирдах зөвлөлөөс томилж, үүсгэн байгуулагчийн батламжилсан захирал удирдана. Үүсгэн байгуулагч захирлаар томилогдсон тохиолдолд захирлыг батламжлах асуудал үүнд хамаарахгүй.
Захирал нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон байгууллагын өмнө ажлаа тайлагнана.
Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, коллежид эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөл ажиллана. Эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байна.
Захирал нь тэнхим, лаборатори, эрдэм шинжилгээний нэгжийн саналыг үндэслэн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн,ажиллах журмыг батална.
—
—
—
—
—
Захирлын дэргэд захиргааны зөвлөл ажиллаж болно.
Дээд боловсролын байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулийг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
сургалтын агуулга, арга хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжүүлэх;
эрдэм шинжилгээ, судалгааны төсөлд оролцох;
боловсролын байгууллагын багш, ажиллагчдын цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод дүрэм боловсруулах;
тогтоосон журмын дагуу сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, харьяа нэгж, байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах тэдгээрийн тайланг сонсож үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
суралцагчдыг элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх;
багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний болон төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх;
багшид боловсролын зэрэг, цол олгох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу шийдвэрлэх;
бүс нутгийн болон олон улсын чанартай уулзалт, хурал, семинар зохион байгуулах;
үйл ажиллагаандаа нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага болон бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хорших, хамтран ажиллах зорилгоор нийгэмлэг, холбоо, зөвлөл байгуулах, гишүүнээр элсэх.
шаардлагатай гэж үзвэл шинээр элсэгчдэд зориулан бэлтгэл сургалт зохион байгуулах.
Их сургууль, коллежид үндсэн мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заана.
Багшийн мэргэжил эзэмшээгүй их сургууль коллежийн орон тооны багш нь сурган хүмүүжүүлэх боловсрол эзэмшсэн байна.
Их сургууль, коллежийн багш нь багш, ахлах багш, ассистент профессор, дэд профессор, профессор гэсэн шатлалтай байж болно.
Багш нь Боловсролын тухай хуульд заасан эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:
төрийн захиргааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах;
бүтээлийн чөлөө авах;
хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, боловсролын зэрэг, цолын нэмэгдэл авах, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх. /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт орсон/
Багш нь Боловсролын тухай хуульд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах;
мэргэжлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажилд туслах.
Их сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэж тус тус нэрлэнэ.
Боловсролын тухай хуульд заасан эрхээс гадна суралцагч нь дараахь эрх эдэлнэ:
их сургууль, коллеж, түүний салбар нэгжийн хичээлийн байр, номын сан, сургалт-эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах;
зарим хичээлийг бусад сургуульд биелүүлсэн кредит цагийн хэмжээгээр тооцуулах, бие даан судалж дүгнүүлэх.
эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;
бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх;
сургуулийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох;
оюутанд мэргэжлийн зөвлөлгөө өгөх, тэдний судалгааны болон дадлагын ажлыг удирдах, туслах;
—
докторант нь хичээл заах, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдах.
Суралцагч нь Боловсролын тухай хуульд заасан үүрэг хүлээнэ.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээд боловсролыг хөгжүүлэх, их сургууль, коллеж нь сургуулиа хөгжүүлэх талаар ойрын болон хэтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.
Их сургууль, коллежийг мэргэжлийн хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлын төслөөр санхүүжүүлэхээр төлөвлөнө.
Их сургууль, коллеж нь статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгнө.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын судалгаа, арга зүйн байгууллага нь их сургууль, коллежийг холбогдох мэдээллээр хангана.
Төрийн өмчийн их сургууль, коллежийг санхүүжүүлэх эх үүсвэр дараахь зүйлээс бүрдэнэ:
улсын төсвийн хөрөнгө;
эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт;
суралцагчдын төлбөр;
өөрийн аж ахуйн үйл ажиллагааны орлого;
аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив;
зээл, тусламж;
бусад эх үүсвэр.
Төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллагад материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрөөс зохих дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Боловсролын байгууллагад хандивласан хөрөнгийг тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана.
Зайлшгүй шаардлагатай зарим мэргэжлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардлыг жил бүрийн улсын төсвөөс санхүүжүүлж болох бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн хэрэгцээг үндэслэн төрөөс суралцагчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуваарилан зохицуулна.
Ашгийн төлөө бус дээд боловсролын байгууллага нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж дүнг нийтэд ил тод байлгана.
Оршин суугаа газраасаа сургуульдаа тогтмол явах боломжгүй суралцагчдад Боловсролын тухай хуульд заасны дагуу дотуур байраар үйлчилнэ.
Өнчин, тахир дутуу болон амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагчдад тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрт зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоно.
Сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчдад нэрэмжит стипенди олгох, сургалтын төлбөрийн зарим хэсгийг хөнгөлөх буюу бусад хэлбэрээр хөхүүлэн дэмжинэ.
Суралцагчдад хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох журмыг Засгийн газар тогтооно.
Орой, эчнээ хэлбэрээр суралцагчдад Засгийн газраас тогтоосон журмын дагуу холбогдох байгууллага хөнгөлөлт, туслалцаа үзүүлнэ.
Дээд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчдөд Боловсролын тухай хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг 1995 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.