Монгол Улсын хууль
Гүйцэтгэх Ажлын Тухай
Хүчин төгөлдөрГүйцэтгэх Ажлын Тухай
1997-12-19, Улаанбаатар97-H-27
Энэ хуулийн зорилт нь гүйцэтгэх ажил, түүнийг эрхлэх төрийн байгууллага /цаашид "гүйцэтгэх байгууллага" гэх/, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлж тэдгээрт тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхимд болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх хамгаалалтын техникийн үзлэг гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Гүйцэтгэх ажилд үндэсний болон нийгэм, төр, иргэний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, тасралтгүй байх, нууц хамгаалах зарчмыг удирдлага болгоно.
Хувь хүний иргэний харьяалал, яс үндэс, хүйс, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, ажил, албан тушаалын байдал нь түүний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад саад болохгүй.
"гадаад тагнуулын үйл ажиллагаа", "сөрөх тагнуулын үйл ажиллагаа", “гадаадын тусгай алба”, "нууц арга, хэрэгсэл", "халхавчлах", "нууц гүйцэтгэх ажилтан", "туслагч", "туслах ажилтан" гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно.
"Эрэн сурвалжлах ажил" гэж Тагнуулын байгууллага цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагааг хэлнэ.
“Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.
Энэ хэсгийн “... илрүүлэх ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны 41 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн
Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хувь хүн, хуулийн этгээд зохих дээд шатны байгууллага, албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй.
Гүйцэтгэх байгууллага, түүний ажилтан нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглаж хууль бусаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан байгууллага, албан тушаалтан болон шүүх зөрчигдсөн эрхийг нь сэргээж, учирсан хохирлыг арилгах арга хэмжээг тус тусын чиг үүрэг, хууль тогтоомжид заасны дагуу авна.
Энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтан, хувь хүн гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах, аливаа техник хэрэгслийг гүйцэтгэх ажлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.
Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг ажиллуулахдаа хуулиар өөрт нь зөвшөөрөгдөөгүй эрх эдлүүлэх буюу харьяалуулснаас өөр асуудал шалгуулах, түүнчлэн хууль тогтоомжоор хориглосон техник хэрэгсэл ашиглуулж болохгүй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч нь нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтан байж болохгүй.
Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, шүүгч, прокурор, өмгөөлөгчийн болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн үнэмлэхийг халхавчийн баримт бичиг болгон ашиглахыг хориглоно.
Нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулах, хуульд зааснаас бусад зорилго, үндэслэлээр ажиллуулах болон хууль бус үйлдэлд татан оролцуулахыг хориглоно.
Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно.
Хуулиар эрх олгоогүй хувь хүн, байгууллага, албан тушаалтан гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.
Дараахь байгууллага дор дурдсан зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй:
тагнуулын байгууллага нь гадаад тагнуул, хилийн тагнуул, сөрөх тагнуулын чиглэлээр гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий бусад мэдээ олох, дэмжлэг үзүүлэх, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй гадаад, дотоод эрсдэл, аюул, занал, хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
цэргийн тагнуулын байгууллага- олон улсын болон бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал, үүсч болзошгүй цэргийн аюул заналыг судалж, түүнээс Монгол Улсад учирч болох хор аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн дээд болон зэвсэгт хүчний удирдлагыг энэ чиглэлийн мэдээллээр хангах;
цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, олон нийтийн аюулгүй байдал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон прокурор, шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олох;
шүүхийн шийдвэр биелүүлэх газрын гүйцэтгэх алба хоригдол оргох, үймээн гаргах, бусдыг барьцаанд авах, хорлон сүйтгэх зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдгээрийн урьд үйлдсэн болон хорих анги дотор гарсан хэргийг илрүүлэх, түүнчлэн оргосон хоригдлыг баривчлах түүнчлэн энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.6-д заасан байгууллагын гүйцэтгэх ажилд дэмжлэг үзүүлэх.
Хилийн тагнуулын алба нь хил зөрчих, хилийн бүс, зурваст үүсч болох зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, зэвсэгт халдлага болон хилийн дэглэм зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэм буруутай этгээдийг олж тогтоох, улсын хил хамгаалахад шаардлагатай мэдээллээр хил хамгаалах байгууллага, түүний харьяа анги, салбарын удирдлагыг хангах.
Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гэм буруутай этгээдийг олж тогтоох, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах.
тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, шүүх, шүүгч, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх.
цэргийн тагнуулын байгууллага нь олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдлыг судалж, Монгол Улсад учирч болзошгүй аюул, заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдлагыг хангах.
Гүйцэтгэх ажилд хууль тогтоомжийг чанд сахиулах, нууцыг хангуулах зорилгоор Тагнуулын байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас гадна дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, энэ талаарх холбогдох журмыг баталж мөрдүүлэх;
гүйцэтгэх ажилд дагаж мөрдөх журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих;
гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл зохион бүтээх, олж авах, ашиглах талаар нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
нууцлалыг задруулахгүй байх бүх талын арга хэмжээ авсны үндсэн дээр гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг цагдаа, авлигатай тэмцэх болон хорих ял эдлүүлэх байгууллага дээр хянан шалгах, тэдгээрт байгаа гүйцэтгэх ажлын хэрэгтэй танилцах, шаардлагатай мэдээ баримтыг гаргуулж авах.
Гүйцэтгэх ажлыг хуульд заасан тус тусын чиглэлээр бие даан буюу харилцан ажиллах, хувь хүн, хуулийн этгээдийн туслалцаа авах замаар хэрэгжүүлнэ.
Гүйцэтгэх ажил явуулахдаа холбоо, мэдээллийн систем, гэрэл зураг, кино, дүрс, дууны болон бусад бичлэг хийх, хүний амь бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюулгүй бусад техник хэрэгсэл ашиглана.
Халхавчийн баримт бичиг болон бусад зүйлд гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны ажиллагаа, байр, эд хөрөнгө, тээврийн хэрэгслийг далдлах баримт бичиг, нэр хаяг, дүрэмт хувцас орно.
Халхавчийн баримт бичиг, бусад зүйлийг халхавчилж байгаа байгууллагын даргын шийдвэрээр олгоно.
Гадаад тагнуул, сөрөх тагнуул, эдийн засгийн тагнуул, цэргийн тагнуул, хилийн тагнуулын үйл ажиллагааг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна.
Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажлыг дор дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал гүйцэтгэнэ:
хуулиар харьяалуулсан гэмт хэргийг далд аргаар үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээллийг ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй;
хуулиар харьяалуулсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өөр арга, хэрэгслээр олж тогтоох боломжгүй;
эрүүгийн хэргийн нотолгоог бүрэн гүйцэд шалгах зорилгоор шүүх, прокурор, мөрдөн байцаагчаас даалгавар ирүүлсэн;
барьцаанд байгаа хүнийг суллах, сураггүй алга болсон хүнийг эрж олох талаар байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлт буюу өөрт байгаа баримтыг үндэслэн;
энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан баримт бичиг, эд зүйлийг эрж олох талаар байгууллага, иргэдээс хүсэлт ирүүлсэн;
эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Монгол Улстай байгуулсан гадаад улс, олон улсын байгууллагаас хүсэлт ирүүлсэн.
Тагнуулын байгууллага өөрт нь хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийн тухай мэдээлэл, эрүү үүсгэсэн хэргийг шалгахдаа энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 5, 6-д заасан үндэслэлээр эрэн сурвалжлах ажил явуулах эрхтэй.
Хорих ял эдлүүлэх байгууллага энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоригдлын дунд, түүнчлэн оргосон ялтныг баривчлах зорилгоор эрэн сурвалжлах ажил явуулна.
Гүйцэтгэх ажилтан, туслах ажилтнаар ажиллуулах хүнийг шилж сонгох, төрийн нууц хариуцах ажилтныг судалж шалгах, Харьяатын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үүднээс дүгнэлт гаргах зорилгоор гүйцэтгэх ажил явуулж болно.
Хилийн тагнуулын алба хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 5, 6-д заасан үндэслэлээр эрэн сурвалжлах ажил явуулах эрхтэй.
Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг болон хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт энэ хуулийн 11.2.1-11.2.3, 11.2.5-11.2.6-д заасан үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.
Тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.
Гүйцэтгэх ажил дараахь хүрээгээр хязгаарлагдана:
гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бусад мэдээ олох гадаад тагнуулын үйл ажиллагаа;
Монгол Улсын эсрэг гадаадын улс, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн зүгээс явуулж байгаа тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа болон тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн сөрөх тагнуулын үйл ажиллагаа;
олон улс, бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн байдал, үүсэж болзошгүй цэргийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбоотой мэдээллээр зэвсэгт хүчний удирдлагыг хангахад чиглэсэн хилийн чанадад явуулах цэргийн тагнуулын ажиллагаа;
энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаас бусад гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход чиглэсэн эрэн сурвалжлах ажил;
оргон зайлсан гэмт этгээдийг баривчлах, барьцаанд байгаа хүнийг суллах, сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүнийг эрж олох ажил;
алдагдсан нууц бичиг баримт, эд зүйл, галт хэрэгсэл, зэвсэг, тэсрэх болон хүчтэй хордуулах, цацраг идэвхт, мансууруулах бодис, түүх, соёлын дурсгалт зүйл, нуугдмал эд хөрөнгийг эрж олох;
хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд шаардлагатай нотлох баримтын эх сурвалжийг олж тогтоох.
Гүйцэтгэх байгууллага өөрийн орон тооны ажилтан /цаашид "гүйцэтгэх ажилтан" гэх/, түүнчлэн нууц гүйцэтгэх ажилтан, туслах ажилтан, туслагч /цаашид "туслах ажилтан" гэх/-аар дамжуулан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Гүйцэтгэх байгууллага, ажилтан дараахь эрх эдэлнэ:
хуулиар харьяалуулсан болон энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу гүйцэтгэх ажил явуулах;
шаардлагатай бол байгууллага, иргэдийн байр, орон сууц, тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслийг зохих хөлстэйгээр ашиглах;
сэжигтэн, яллагдагч, ялтан болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх прокурорын байгууллагад шалгагдаж байгаа оргосон этгээд нуугдаж байна гэж үзэх үндэслэл байвал байгууллага, иргэдийн байр, орон сууцанд саадгүй орох, иргэний баримт бичгийг шалгах;
өөрийн болон гүйцэтгэх, туслах ажилтан, тэдгээрийн үйл ажиллагааг далдлах зорилгоор халхавчийн баримт бичиг, бусад зүйл ашиглах, халхавчийн байгууллага байгуулах;
гүйцэтгэх ажилд хууль тогтоомжоор хориглоогүй техник хэрэгсэл ашиглах, тэдгээрийг зохион бүтээх.
ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зэвсэг, тусгай хэрэгслийг тогтоосон журмын дагуу биедээ авч явах, хэрэглэх.
Гүйцэтгэх байгууллага, ажилтан дор дурдсан үүрэгтэй:
хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж завдаж байгаа тухай, түүнчлэн улс, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл авмагц гарч болох аюул хохирлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус тусын чиг үүргийн дагуу шуурхай авах;
өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн болон нууц арга хэрэглэж зохиосон ажлын тоо бүртгэл хөтөлж, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллуулах, гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлэх;
өөрийн болон гүйцэтгэх, туслах ажилтны аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж тэдгээрт учирч болох халдлагаас урьдчилан сэргийлэх;
шалгаж төгс шийдвэрлээгүй мэдээ баримтыг задруулахгүй байх, гүйцэтгэх ажлын явцад мэдсэн буюу илэрхий болсон мэдээ баримтыг хууль бусаар хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх;
гүйцэтгэх ажлын холбогдолтой төрийн болон албаны нууцыг чанд хамгаалах, нууцлалыг сахих;
шаардлагатай бол гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагатай мэдээлэл солилцох, хамтарч харилцан ажиллах;
гүйцэтгэх ажлын хэргийн шалгалтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, хэргийн мэдээ, баримтыг хууль тогтоомжид заасан үндэслэл журмыг зөрчиж устгахгүй байх, архивыг зохих журмын дагуу хөтлөх;
гүйцэтгэх ажлын зориулалтаар төсвөөс олгосон хөрөнгийг зохих зориулалт, журмын дагуу зарцуулж тайланг тогтоосон хугацаанд гаргах;
хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
Гүйцэтгэх байгууллага, ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас саад учруулахыг хориглоно.
Гүйцэтгэх ажилтны албан тушаалд иргэнийг судлах, сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулахтай холбогдох харилцааг Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-т заасан журмаар зохицуулна.
Гүйцэтгэх байгууллага нь эрх зүйн чадамжтай энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад хүнийг өөрийн нь зөвшөөрснөөр иргэний харьяалал, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан туслагч, туслах ажилтнаар ажиллуулж болно.
Шаардлагатай тохиолдолд туслагч, туслах ажилтантай бичгээр гэрээ байгуулах бөгөөд гэрээнд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана.
Туслагч, туслах ажилтныг зөвхөн гэрээ байгуулсан байгууллагад хуулиар харьяалуулсан асуудлыг шалгахад оролцуулах бөгөөд гэрээнд гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана.
Туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулахыг хориглоно.
Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, түүний эрх бүхий ажилтнаас энэ хуулийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлнэ. Өгсөн үүрэг нь тухайн байгууллагын харьяалалд хамаарахгүй, энэ хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзвэл туслагч, туслах ажилтан уг үүргийг биелүүлэхээс татгалзаж болно.
Туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Гүйцэтгэх ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Гүйцэтгэх ажлын зайлшгүй шаардлагаар зохих хууль тогтоомжийн дагуу байгуулсан халхавчийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны орлогыг гүйцэтгэх ажлын зардалд ашиглаж болно.
Гүйцэтгэх ажлын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг Төрийн аудитын тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан шалгана.
Гүйцэтгэх ажлын зардлыг салбар нэгжид хуваарилах, зарцуулалтад тавих хяналтыг тухайн гүйцэтгэх байгууллагын дарга хариуцна.
Гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих салбар, нэгжийн үйл ажиллагааны төсвийг төлөвлөх, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг нь тайлагнахад баримтлах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тагнуулын төв байгууллагын даргатай хамтран батална.
Гүйцэтгэх ажлын зориулалттай эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрлэх, эргэлтийн хөрөнгөд бүртгэх, захиран зарцуулах, шилжүүлэх, устгахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг баримтална.
Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтан албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж амь бие, эрүүл мэнд, нэр төр, түүний гэр бүл, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.
Хуулийн хүрээнд явуулсан гүйцэтгэх ажлын улмаас хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна.
Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу туслагч, туслах ажилтнаар ажиллаж байгаа буюу ажиллаж байсан тухай мэдээ төрийн нууцад хамаарна.
Гүйцэтгэх байгууллага нь туслагчийг ажлын үр дүнгээр урамшуулж, туслах ажилтанд зохих хөлс олгоно.
Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, ажилтнаас өгсөн үүргийг биелүүлэх үедээ амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон бол гүйцэтгэх ажилтанд тухайн тохиолдолд олгодогтой ижил хэмжээний нэг удаагийн буцалтгүй болон бусад тусламж авах эрхтэй бөгөөд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу олгоно.
Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад иргэн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.
Гүйцэтгэх байгууллага нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуглуулсан, эсхүл иргэн, хуулийн этгээдээс холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мэдээ, мэдээллийг судалж шалган шийдвэрлэнэ.
Мэдээ, мэдээлэл нь тухайн гүйцэтгэх байгууллагын харьяаллын асуудал биш байвал харьяалах гүйцэтгэх байгууллагад нэн даруй шилжүүлж, энэ тухай мэдээ, мэдээлэл ирүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэнэ.
Гүйцэтгэх ажлын явцад авагдсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоог зөвхөн дараахь зорилгоор ашиглана:
үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн төрийн бодлого боловсруулах, тухайн байгууллагад хууль тогтоомжоор оногдуулсан үүргийг шийдвэрлэх;
гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтоох;
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудад танилцуулах.
Гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт сэлтийг хүлээн авсан, танилцсан байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл, мэдээллийн эх сурвалжийг задруулахгүй байх үүрэгтэй.
Дараах тохиолдолд тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт сэлтийг тагнуулын төв байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг хориглоно:
гүйцэтгэх ажлын арга хэмжээнд оролцогчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй;
гүйцэтгэх ажлын хүч хэрэгсэл, арга, ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл задрах бодит нөхцөл байдал үүсч болзошгүй.
Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн судалгаа, шалгалтаар дараахь байдал тогтоогдвол гүйцэтгэх ажлын хэрэг нээнэ:
үндэсний болон улс орны аюулгүй байдалд хор уршиг учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэлтэй сэжиг тогтоогдсон;
энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон.
Гүйцэтгэх ажлын хэрэг нээх тогтоолд тухайн гүйцэтгэх байгууллагын дарга гарын үсэг зурснаар хүчинтэй болох бөгөөд үүнийг цаашид шалгах үүргийг эрх бүхий ажилтанд хариуцуулна.
Хэрэг нээн шалгах явцад авагдсан мэдээ, мэдээллийг үрэгдүүлж, устгаж болохгүй.
Дор дурдсан тохиолдолд гүйцэтгэх ажлын хэрэг шалгах ажиллагааг дуусгавар болгож, хэргийг хаана:
шалгасан үндэслэл батлагдан эрүүгийн хэрэг үүсгэсэн, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан;
оргосон этгээд баривчлагдсан, барьцаанд авагдсан хүн суллагдсан, сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүн, эсхүл алдагдсан эд зүйл олдсон;
гүйцэтгэх ажлын үр дүнг энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаар ашигласан;
хэргийн холбогдогч нас барсан буюу Монгол Улсын нутгаас бүрмөсөн гарсан нь тогтоогдсон.
Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, баримт бичигтэй Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу танилцана.
Төрийн болон албаны нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийг итгэмжлэн хариуцсан гүйцэтгэх ажилтан, албан тушаалтан нь уг ажил, албан тушаалд томилогдох буюу халагдахдаа нууц хадгалах баталгааг бичгээр гаргана.
Гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээлэл, баримт бичигтэй танилцах эрх олгогдсон албан тушаалтан, тэдгээртэй танилцахдаа нууц хадгалах баталгаа гаргана.
Туслагч, туслах ажилтантай гэрээ байгуулах үедээ нууц хадгалах баталгааг бичгээр гаргуулна.
Энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан баталгаа гаргасан этгээд нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийн нууцыг хуульд заасны дагуу ил болгох хүртэл хадгалах үүрэгтэй.
Нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийг ил болгоогүй байхад задруулбал эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийн 17, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу авагдсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг, шалгалтын материалыг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцлах хугацаа дуустал архивт хадгална.
Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан хугацаа дуусмагц гүйцэтгэх ажлын материалыг зохих журмын дагуу устгах бөгөөд түүх, судалгааны ач холбогдол бүхий мэдээ, баримт бичиг, хэргийг гүйцэтгэх байгууллагын архивт үргэлжлүүлэн хадгална.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай танилцана.
Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай гэж үзвэл өөрийн бүтэц дэх зохих нэгж, албан тушаалтнаар дамжуулан гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.
Гүйцэтгэх байгууллагын дарга нь гүйцэтгэх ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.
Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын хяналтыг Улсын Ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор хэрэгжүүлнэ.
Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэлд прокурор хяналт тавина.
Гүйцэтгэх байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд дор дурдсан ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл өгнө.
харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих;
шуудан харилцааг хянах;
орон байр, барилга байгууламж, газар, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, эд зүйлд нууц үзлэг хийх;
нууцаар ажиглалт явуулах;
хяналтын худалдан авалт;
нууцаар сонсох, харах тусгай техник хэрэгсэл ашиглах.
Хойшлуулшгүй тохиолдолд тухайн гүйцэтгэх байгууллагын даргын шийдвэрээр энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг 24 цагийн дотор прокуророос авна.
Прокурор гүйцэтгэх ажлын явцад авагдаж, эрүүгийн хэргийн нотлох баримт болгосон баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулсан эсэхэд хяналт тавина.
Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах зөвшөөрөл олгосон прокурор нь уг ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх, шаардлагатай бол эдгээр ажиллагааны үр дүн болон гүйцэтгэх ажлын холбогдох материалтай танилцаж болно.
Прокурорын зөвшөөрөл нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах тухай гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг батламжлах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шийдвэрт дараахь зүйлийг тодорхой тусгасан байна:
зохиох арга хэмжээ, түүний үндэслэл, зорилго, холбогдох хүний тухай мэдээ, хянах утасны дугаар, шуудан харилцааны төрөл буюу үзлэг хийх орон байрны хаяг, шаардагдах хугацаа, ашиглах тусгай техник хэрэгсэл;
тухайн үйлдэл, үйл ажиллагааг бусад аргаар илрүүлэх, баримтжуулах боломжгүй буюу бэрхшээлтэй болох тухай үндэслэл бүхий тайлбар;
уг арга хэмжээг тухайн хүнд холбогдуулж урьд зохиож байсан эсэх тухай лавлагаа.
Зохиосон арга хэмжээ дуусмагц гүйцэтгэх байгууллага зөвшөөрөл олгосон прокурорт энэ тухайгаа мэдэгдэнэ.
Албан тушаалтан гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараах хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:
энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг зөрчсөн, 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсан этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг удаа дараа зөрчсөн, эсхүл 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсны улмаас мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хориглосон хэм хэмжээ зөрчигдөх нөхцөл бүрдсэн бол гэм буруутай этгээдийг албан тушаал бууруулах, огцруулах, төрийн албанаас халах.
Энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд тухайн албан тушаалтан холбогдох албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэж, энэ тухай 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад мэдэгдэнэ.
Энэ хуулийн 24.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллага түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
Энэ хуулийг зөрчсөн бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.