Монгол Улсын хууль
Монгол Улсын Их Хурлын Гишүүний Эрх Зүйн Байдлын Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Гишүүний Эрх Зүйн Байдлын Тухай
1997-02-06, Улаанбаатар97-H-07
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн /цаашид "Улсын Их Хурлын гишүүн" гэх/-ний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний бүрэн эрхийн баталгааг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, сонгоно.
Улсын Их Хурлын гишүүн төрийн сүлдэндээ "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" гэж тангараг өргөнө.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.
Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох, улс төрийн нам болон төрийн бус байгууллагад сонгуульт ажил, албан тушаал эрхлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн ажил, албан тушаал хавсран эрхлэх нь Улсын Их Хурлын гишүүнийхээ үүрэгт ажлаа биелүүлэхэд нь саад болох үндэслэл болохгүй.
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохгүй бөгөөд өмнө нь хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж, тэдгээрийн нэгтгэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол уг ажлаа өөрийнхөө итгэмжилсэн хүнд шилжүүлэн хөтлүүлнэ.
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлд сонгогдон ажиллаж болохгүй бөгөөд өмнө нь эдгээр ажил, албан тушаал эрхэлж байсан бол уг сонгуульт ажлаас гарах, гишүүнчлэлээ түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Улсын Их Хурлын гишүүн хуулиар хориглосон хавсарч үл болох ажил, албан тушаал эрхлэх асуудлыг гишүүний бүрэн эрхээ эхлэхээс өмнө шийдвэрлэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь үндсэн эрхтэй:
хууль санаачлах, тодорхой асуудал хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд саналаа өргөн мэдүүлэх;
санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслөө өөрийн саналаар эгүүлэн авах;
асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд нэгдсэн хуралдаан, өөрөө гишүүн нь байгаа Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын болон бусад хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;
Байнгын болон бусад хороонд саналаараа гишүүнээр орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох саналаа намын бүлгийн дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд шууд оруулах, аль нэгэн нам, эвслийн бүлэгт харьяалалгүй гишүүн Байнгын хороонд хуваарилагдах саналаа Улсын Их Хурлын даргад гаргах;
Улсын Их Хурлаас болон Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;
хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асуух, хариулт авах, санал, дүгнэлт гаргах;
зарчмын зөрүүтэй саналаа чуулганы хуралдаанд оруулах;
Улсын Их Хурлаас байгуулсан байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, мөн сонгох, томилох албан тушаалтны талаар санал гаргах, дүгнэлт хийх;
Улсын Их Хурлаас томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцэх тухай болон тэдэнд үл итгэхээ илэрхийлж эгүүлэн татах, огцруулах тухай санал оруулах;
бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүйгээр уулзах, хуульд заасан хугацааны дотор хариуг нь авах;
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилсон албан тушаалтанд асуулга, асуулт тавьж, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэр гаргуулах санал оруулах;
Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;
хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах.
Улсын Их Хурлын гишүүн үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцна.
Улсын Их Хурлын гишүүн дараахь үндсэн үүрэгтэй:
үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;
Байнгын хороонд заавал ажиллах;
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, харьяалагдах Байнгын болон бусад хороодын хуралдаанд тогтмол оролцож, олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг хүндэтгэн сахих;
Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын онцгой чуулганд дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
сонгогчдоо төлөөлөх, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллах;
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын болон бусад хорооны хуралдааны дэгийг сахих;
хууль болон Улсын Их Хурлын гишүүний нэр төрд харш зүйл хийхгүй байх;
Улсын Их Хурлын гишүүний хувьд үг хэлэх, санал гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоотой, хариуцлагатай хандах;
төрийн зүтгэлтний нийтлэг болон Улсын Их Хурлын гишүүний хувьд тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн нууц хадгалах;
эрхэлж байсан аж ахуй, өөрийн өмч, эзэмшилтэй нь холбоотойгоор орж ирсэн болон аливаа бусад орлогыг тогтоосон журмын дагуу үнэн зөв мэдүүлэх;
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах.
Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно. Ийнхүү Засгийн газрын гишүүний үүргийг хавсарч байгаа Улсын Их Хурлын гишүүн өөрийнх нь эрхэлсэн ажлын хүрээнд хяналт тавих үүрэг бүхий Байнгын болон дэд хорооны гишүүн байх, Байнгын болон дэд хорооны даргаар сонгогдохыг хориглоно.
Улсын Их Хурлын гишүүн дотоод, гадаадын хөндлөнгийн этгээдээс албан үйл ажиллагаатай нь холбогдуулан өөрт нь өгсөн бэлгийн талаар бүр Төрийн байгуулалтын байнгын хороонд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
Улсын Их Хурлын гишүүн өөрт нь өгсөн нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг Улсын Их Хурлын Тамгын газарт өгөх бөгөөд тухайн зүйлсийн үнийн нэг сарын цалингийнхаа хэмжээнээс дээш төгрөгийн зөрүүг Улсын Их Хурлын төсөвт төлөх замаар өөртөө шилжүүлэн авч болно. Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их Хурлын гишүүдийн тушаасан бэлгийн зүйлийг Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан журмын дагуу зарцуулна.
Улсын Их Хурлын гишүүний орлогын мэдүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцан хадгална.
Улсын Их Хурлын гишүүнд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
Улсын Их Хурлын гишүүний зардлын төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;
хуулийн төсөл, бусад асуудал боловсруулах, хэлэлцүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
ашиг хонжоо олох зорилгоор төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг ашиглах;
ашиг хонжоо олох зорилготой аливаа үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүний нэр, эрхийг ашиглах;
Улсын Их Хурлын гишүүний нэрээ буюу эрх мэдлээ ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах.
Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын Тамгын газраас мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, техник, зохион байгуулалтын бүх талын нөхцөлөөр хангана.
Улсын Их Хурлын гишүүн бусдыг доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.
Улсын Их Хурлын гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, ямба, дархан эрх эдэлнэ.
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас, “Монгол Улсын Их Хурлын гишүүн” гэсэн тэмдэг, нэрийн хуудас хэрэглэнэ. Тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурлын даргын захирамжаар батална.
Улсын Их Хурлын гишүүний харилцуур утас болон бусад холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь нэгжлэг хийхийг хориглоно.
Улсын Их Хурлын гишүүний албан тушаалд ажилласан хугацааг мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан, Улсын Их Хурлын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасныг Улсын Их Хурал дэмжсэн тохиолдолд түүнийг гишүүнээр сонгогдохоос өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Улсын Их Хурлын гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж мөн хугацаанд олгоно. Хэрэв Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоос өмнө оршин сууж байсан газраа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто хөсгийн тарифаар тооцож олгоно.
Улсын Их Хурлын онцгой чуулган зарласан тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Монгол Улсын Ерөнхийлөгч хангаж, шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж, даатгалын хураамжийг улсын төсвөөс төлнө.
Улсын Их Хурлын гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх буцалтгүй тусламжийг гэр бүлд нь өгнө.
Улсын Их Хурлын гишүүний төсөвт түүний төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин, унаа, албан томилолт, бичиг хэрэг, гэрийн болон үүрэн телефон, утасны зардлын хэсэг, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн сан, бичиг хэргийн зардал болон бусад зардал багтана.
Улсын Их Хурлын гишүүний төсвийн хэмжээг түүний сонгогдсон тойргийн онцлогийг нь харгалзан Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно. Улсын Их Хурлын гишүүн сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын норм, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
Улсын Их Хурлын гишүүний цалин, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.
Улсын Их Хурлын гишүүн тойргийнхоо сонгогчиддоо үйл ажиллагааныхаа талаар мэдээлэх, сурталчлах зардал болон хэвлэлийн захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс гаргана.
Улсын Их Хурлын гишүүний төсвийг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу Тамгын газар тухайн гишүүний зөвшөөрөлтэйгээр зарцуулна. Улсын Их Хурлын гишүүний төсвийн зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.
Улсын Их Хурлын гишүүний төсвийн цалингийн сангаас бусад зүйлийг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.
Улсын Их Хурлын гишүүн нь төсвийн зарцуулалтын тухай мэдээллээ Улсын Их Хурлын Тамгын газраас хүссэн цагтаа авах эрхтэй.
Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол тухайн хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлсэн өдрөөс эхлэн түүний цалин, унаа, албан томилолтын зардлын хангамжийг түр зогсооно. Улсын Их Хурлын гишүүнд холбогдсон хэргийн талаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн түүний туслах, бие төлөөлөгч-туслахын цалин, гишүүний бусад хангамжийг түр зогсооно. Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан бол түүнд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн заалт үл хамаарна.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээсэн тохиолдолд түүний цалин, бусад хангамжийг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн нэгэн адил сэргээнэ.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээсэн тохиолдолд түүний туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн хангамжийг гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлсэн өдрөөс эхлэн нэгэн адил сэргээнэ.
Улсын Их Хурлын гишүүн өөрийн төсөвтөө багтаан гэрээний үндсэн дээр туслах, бие төлөөлөгч-туслах авч ажилуулж болно. Улсын Их Хурлын гишүүн өөрийн туслах, бие төлөөлөгч-туслахтай байгуулах гэрээний үлгэрчилсэн нөхцөл, журмыг Улсын Их Хурлын дарга батална.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх, түүнийг чөлөөлөх, эгүүлэн татах эсэх асуудлыг зөвхөн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ. Ингэхдээ Улсын Их Хурлаас уг асуудлаар ажлын хэсэг байгуулахгүй бөгөөд хяналтын үйл ажиллагаа явуулахгүй.
Дараахь тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ:
энэ хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан;
эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн.
Дараахь тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлнө:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсэж гишүүн өөрөө өргөдөл гаргасан.
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурал тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоосон бол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.
Чуулганы чөлөө цагт Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүнийг баривчилсан тухай мэдээлэл авсан буюу гишүүнийг цагдан хорих зөвшөөрөл авах тухай хүсэлт хүлээн авснаас хойш 48 цагийн дотор тухайн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг санаачлан хуралдуулна.
Шүүх Улсын Их Хурлын гишүүнтэй холбогдсон хэргийн талаар гаргасан шийдвэрээ нэн даруй Улсын Их Хуралд илгээнэ.
Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнд дараахь хариуцлага хүлээлгэнэ:
тухайн чуулганы хугацаанд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг 3-аас дээш удаа тасалсан гишүүний талаар хуралдаан даргалагч тухай бүр нийтэд мэдээлнэ;
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг дураар орхиж гарвал Улсын Их Хурлын дарга хуралдаанд оролцохыг шаардана.