Монгол Улсын хууль
Гадаадын Цэргийн Хүчнийг Байрлуулах, Дамжин Өнгөрүүлэх Тухай
Хүчин төгөлдөрГадаадын Цэргийн Хүчнийг Байрлуулах, Дамжин Өнгөрүүлэх Тухай
1998-01-08, Улаанбаатар98-H-07
Энэ хуулийн зорилт нь гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх /цаашид "гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх" гэнэ/-тэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
"Гадаадын цэргийн хүчин" гэж орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник хэрэгслээр хангагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад улсын зэвсэгт хүчний харьяалал бүхий цэргийн зохион байгуулалттай бүлэг, салбар, анги, нэгтгэл, байгууллагыг хэлнэ.
"Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах" гэж энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчнийг оруулан байрлуулж, тодорхой үүрэг гүйцэтгүүлэхийг хэлнэ.
"Гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлэх" гэж энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тэднийг улсын хил нэвтрүүлэн өөрийн нутаг дэвсгэр, агаарын зайгаар өнгөрүүлж гаргахыг хэлнэ.
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэхдээ дараахь зүйлийг үндэслэл болгоно:
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчнийг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр;
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ;
Монгол Улсад бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр;
гадаад улсын Засгийн газраас өөрийн цэргийн хүчнээ Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх тухай тавьсан хүсэлтийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлаагүй гэж үзэж гаргасан Засгийн газрын шийдвэр.
Дайсагнагч талууд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулаагүй бол тэдгээрийн аль нэгний цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно.
Гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн төслийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Засгийн газарт оруулна.
Монгол Улсын Засгийн газар уг асуудлаар хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн хууль гаргана.
Энэ хууль, гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлаас тухайн үед батлан гаргасан Монгол Улсын хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх талаар олон улсын гэрээ байгуулна.
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх олон улсын гэрээнд цэргийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх үндэслэл, тодорхой асуудлаар Талуудын эрх, үүрэг, хэлцэл хийх субъектууд болон бусад асуудлыг тусгасан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах гадаадын цэргийн хүчний үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулна.
Гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах тухай Засгийн газар хоорондын гэрээнд дараахь асуудлыг тусгана:
гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах болсон нөхцөл;
гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулах зорилго;
гадаадын цэргийн хүчний гүйцэтгэх үүрэг;
гадаадын цэргийн хүчний байрлах хугацаа, журам;
тодорхой асуудлаар Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг;
гадаадын цэргийн хүчний тоо, хэмжээ;
гадаадын цэргийн хүчний ар тал, санхүүгийн хангалтын журам;
гадаадын цэргийн хүчний цэргийн албан хаагчдын болон тэдний гэр бүлийнхний эрх зүйн байдал;
цэргийн удирдлага, харилцан ажиллагааг зохион байгуулах журам;
гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдолтой бусад асуудлууд.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан гадаадын цэргийн хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын хууль тогтоомж, тухайн улстай байгуулсан олон улсын гэрээний үүргийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Гадаад улсын Засгийн газар цэргийн хүчнээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газарт цэргийн хүчин дамжин өнгөрөхөөс өмнө нь тавьж, хариу авсны үндсэн дээр гэрээ байгуулна.
Гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээнд дараахь асуудлыг тусгана:
гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх нөхцөл;
гадаадын цэргийн хүчний нутаг дэвсгэртээ дамжин өнгөрүүлэх зорилго;
дамжин өнгөрүүлэх цэргийн хүчний бүрэлдэхүүн, тээвэрлэх арга;
цэргийн цуваа дамжин өнгөрүүлэхийг хүссэн захиалгаа ирүүлэх журам, захиалгад тусгагдах зүйл;
Монгол Улсын хилээр гадаадын цэргийн хүчний бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник, материал хэрэгслийг нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх журам;
гадаадын цэргийн хүчний цувааны харуул хамгаалалт, харуулын бие бүрэлдэхүүн зэвсэг авч явах, хэрэглэх журам;
гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлсний төлбөр, түүнийг барагдуулах журам;
дамжин өнгөрч байгаа цэргийн хүчний бие бүрэлдэхүүнээс Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, дамжин өнгөрөхдөө учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх журам;
гэрээг хэрэгжүүлэх явцад үүссэн бусад асуудлыг зохицуулах журам.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа гадаадын цэргийн хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын хууль тогтоомж, тухайн улстай байгуулсан олон улсын гэрээний үүргийг сахин биелүүлнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа гадаадын цэргийн хүчний бие бүрэлдэхүүнд гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль үйлчлэхгүй.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчний албан хаагчдаас Монгол Улсын хууль зөрчиж гэмт хэрэг үйлдвэл гэм буруутай этгээдэд хууль, олон улсын гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчин байрлах, дамжин өнгөрөхдөө олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг зөрчвөл Монгол Улс Олон улсын шүүхэд хандана.