Монгол Улсын хууль
Нийгмийн Халамжийн Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай
1998-11-12, Улаанбаатар98-H-25
Энэ хуулийн зорилт нь нийгмийн халамжийн төрөл, хамрах хүрээг тогтоож, нийгмийн халамжийн санг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн үндэс, нийгмийн халамжийн үйл ажиллагааг эрхлэх байгууллага, албан тушаалтны чиг үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
"нийгмийн халамж" гэж хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх /эцэг/ болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээг;
"нийгмийн эмзэг хэсэг" гэж бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие ахмад настан, тахир дутуу хүн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон нэн ядуу амьдралтай ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй эх /эцэг/, нэн ядуу амьдралтай хүнийг;
"нэн ядуу хүн" гэж тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүнийг;
"ахмад настан" гэж Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг;
"тахир дутуу хүн" гэж Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг;
"нийгмийн асрамжийн үйлчилгээ" гэж ахмад настан, тахир дутуу хүн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг асрамжийн газарт байрлуулан, хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээгээр хангах, ерөнхий боловсрол, мэргэжил эзэмшүүлэх хэлбэрээр төрөөс байнга асрамжлах үйлчилгээг;
"нийгмийн халамжийн үйлчилгээ" гэж иргэнийг түр хугацаагаар хооллох, эсхүл түүнд наад захын хувцас, хүнс болон ахуй, соёлын зарим зүйл олгох, хөнгөлөлт үзүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг.
Хууль тогтоомжид заасан нөхцөл, болзлыг хангасан Монгол Улсын иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамрагдана.
Хууль тогтоомжид заасан нөхцөл, болзлын дагуу нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн /дайн, байлдаан, зэвсэгт тулгаралтад оролцсоноос бусад/ нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, мөн сангаас санхүүжигдэх нийгмийн халамжийн үйлчилгээнд үл хамрагдана.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
Нийгмийн халамжийн сан нь мөнгөн хөрөнгийн сан байна.
Нийгмийн халамжийн сан дор дурдсан төрөлтэй байна:
нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан;
нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан.
Нийгмийн халамжийн сангийн дүрмийг Засгийн газар батална.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан улсын төсвөөс санхүүжигдэнэ.
Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
нийгмийн халамжийн санд улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
олон улсын байгууллага, гадаад улс, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийгмийн халамжийн санд шууд зориулалттайгаар олгосон хандив, тусламж;
бусад эх үүсвэр.
Нийгмийн халамжийн сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж, зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:
нийгмийн халамжийн тэтгэвэр;
жирэмсний болон амаржсаны, хүүхэд асарсны, нярай хүүхдийн арчилгааны, ихэр хүүхдийн, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний хүүхдийн мөнгөн тэтгэмж;
хүүхэд асран хүмүүжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагаас хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгохтой холбогдон гаргасан зарим зардал;
хууль тогтоомжид заасан бусад зардал.
Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:
ахмад настанд үзүүлэх халамж, асрамжийн үйлчилгээний зардал;
тахир дутуу хүнд үзүүлэх халамж, асрамжийн үйлчилгээний зардал;
гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл төрөөс асрамжлан өсгөж хүмүүжүүлэх зардал;
нэн ядуу иргэний халамжийн үйлчилгээний зардал;
нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зардал;
хүнд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлсэн иргэнд үзүүлэх урамшууллын зардал;
хууль тогтоомжид заасан бусад зардал;
Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
Нийгмийн халамжийн нэг төрлийн сангийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн хөрөнгө дутагдалтай нийгмийн халамжийн өөр төрлийн санд 6 сараас дээшгүй хугацаагаар шилжүүлэн ашиглаж болно.
Нийгмийн халамжийн санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн жил бүрийн Төсвийн тухай хуулиар тогтооно.
Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний санд орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвт тусгайлан зааж батална.
Нийгмийн халамжийн сан тус бүрийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж тайлагнана:
улирлын тайланг аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн халамжийн байгууллага тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор нийгмийн халамжийн төв байгууллагад гаргаж ирүүлнэ.
нийгмийн халамжийн төв байгууллага нийгмийн халамжийн сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 20-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор тус тус гаргаж Сангийн яаманд ирүүлнэ.
Нийгмийн халамжийн төв байгууллага жилийн болон жилийн эцсийн тайлан тэнцлийг хянан хэлэлцэж, зохих дүгнэлт гаргана.
Нийгмийн халамжийн сангийн бүртгэл, тайлангийн маягтын загварыг сангийн болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн хамтран батална.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж дараахь төрөлтэй байна;
нийгмийн халамжийн тэтгэвэр;
жирэмсний болон амаржсаны тэтгэмж;
хүүхэд асарсны тэтгэмж;
Хүүхдийн мөнгөн тэтгэмж;
нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж;
ихэр хүүхдийн тэтгэмж;
бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж.
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дор дурдсан иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй:
бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь ахмад настан, тахир дутуу бөгөөд дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоогүй нь тогтоогдсон, нэн ядуу амьдралтай 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй;
хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тахир дутуу хүн;
арван зургаан насанд хүрсэн төрөлхийн тахир дутуу болон 16 насанд хүрээгүй байхдаа тахир дутуу болсон /хөдөлмөрлөх чадвар нь 50 буюу түүнээс дээш хувиар алдагдсан/ хүн;
тэжээгч нь нас барсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
бүрэн хараагүй, хэлгүй, дүлий болон одой хүн;
хүний амь аврах, гоц аюулт халдварт өвчний голомтод ажиллах буюу байгалийн гамшиг, осолтой тэмцэж иргэний журамт үүргээ биелүүлж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон хүн;
энэ хуулийн 12.1.6-д зааснаар журамт үүргээ биелүүлж яваад нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
нэн ядуу амьдралтай, өрх толгойлсон, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 45 насанд хүрсэн эх /50 насанд хүрсэн эцэг/.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг тухайн үеийн амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.
Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эх хүүхдээ төрүүлэхийн өмнө болон амаржсаны дараа нийт 4 сарын хугацаанд тэтгэмж авах эрхтэй.
Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.
Энэ хуулийн 15.1.-д заасны дагуу хүүхдээ асарч байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
Жирэмсний болон амаржсны нэг сарын тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.
Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 1 нас /ихэр бол 3 нас/ хүртэл асарч байгаа эх /эцэг, асран хамгаалагч/ амаржсаны тэтгэмжээ авсны дараа хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
Их, дээд сургууль, коллежийн оюутан эх хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа хүүхэд дахин төрүүлсэн болон үрчлэн авсан эхийн түрүүчийн хүүхэд асарсны тэтгэмжийг зогсоож, дараагийн хүүхдээ асрахад нь зориулан түүнд хүүхэд асарсны тэтгэмж олгоно. Уг тэтгэмж нь эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлтийн хугацаанд хамаарна.
Хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.
Хүүхэд асарч байгаа эхэд аж ахуйн нэгж, байгууллага нь нэмэгдэл тэтгэмж олгож болно.
Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, 1-ээс 18 хүртэл насны хүүхэдтэй өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ сар тутам тэтгэмж авах эрхтэй.
Энэ хуулийн 16.1-д заасан нэг хүүхдэд ногдох тэтгэмжийн хэмжээ сар бүр 3000 төгрөг байна. Тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.
Нэн ядуу өрхийн эх хүүхдээ төрүүлснээс хойш 3 сарын дотор нэг удаа нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эрхтэй.
Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.
Хоёр ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа эхийн төрснөөс хойш 3 сарын дараа хүүхэд тус бүрд 20000 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгоно.
Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар асрамжлан өсгөөгүй бол энэ хуулийн 18.1-д заасан тэтгэмжийг хүүхэд тус бүрд олгоно.
Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж байгаа эх /эцэг/ үрчлэн авсан хүүхдээ 16 нас хүртэл нь тэтгэмж авах эрхтэй.
Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсөн бол хүүхэд тус бүрт улирал тутам олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.
Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ дор дурдсан төрөлтэй байна:
ахмад настныг байнга асрамжлах үйлчилгээ;
тахир дутуу хүнийг байнга асрамжлах үйлчилгээ;
өнчин хүүхдийг байнга асрамжлах үйлчилгээ;
нэн ядуу амьдралтай иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ;
гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь төрийн зардлаар асрамжлан өсгөж, хүмүүжүүлэх үйлчилгээ;
амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-д үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ;
ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ;
тахир дутуу хүнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ.
Нэн ядуу амьдралтай иргэн, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/ нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдана.
Нийгмийн асрамжийн үйлчилгээнд дор дурдсан иргэн хамрагдана:
бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие, эсхүл тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоогүй нь тогтоогдсон ахмад настан, тахир дутуу хүн;
хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бүтэн өнчин хүүхэд;
төрийн зардлаар асрамжлан өсгөхийг эцэг, эх нь зөвшөөрсөн гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд;
байнгын асрамжид байдаг төрөлхийн тахир дутуу 16 хүртэлх насны хүүхэд.
Иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулах тухай тодорхойлолтыг сум, хорооны Засаг дарга, асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг аймаг, дүүргийн Засаг дарга тус тус гаргана.
Улсын нийгмийн халамжийн газрын саналыг үндэслэн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, журмыг тогтоон мөрдүүлнэ:
нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоол хүнс, хувцас, эм, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн нэг хүнд ногдох зардлын норматив, хувцас, хичээлийн хэрэглэлийн эдэлгээний хугацаа;
нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаад нас барсан иргэнийг оршуулах зардлын норматив;
нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ үзүүлэх журам, нэг хүнд өдөрт ноогдох хоолны болон бусад үйлчилгээний зардлын норматив.
Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар өсгөж хүмүүжүүлэх журам, зардлын нормативыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан, татан буугдсан болон өөр орон нутгаас шилжиж ирсэн, харъяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй нэн ядуу амьдралтай ахмад настныг нийгмийн халамжийн байгууллага билгийн улирлын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулж хүлээн авч хүндэтгэл үзүүлэн бэлэг дурсгалын зүйл гардуулж байна.
Эмнэлгийн дүгнэлтээр рашаан сувилалд сувилуулах шаардлагатай нэн ядуу амьдралтай ахмад настанд эх орны рашаан сувилалд явах унааны 1 талын зардал, зар бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно.
Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас дор дурдсан тахир дутуу хүнд дараахь нөхцөл, хэмжээгээр нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлнэ:
хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүнтэй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн хөлслөн эзэмшиж байгаа орон сууцны байрны талбайн хөлсийг хөнгөлөх болон гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрхөд түлээ, нүүрс олгох үйлчилгээг нийгмийн халамжийн байгууллага гүйцэтгэнэ;
нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай өрхийн тахир дутуу гишүүн өвчний улмаас аймгийн мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд 1 удаа нөхөн олгоно;
нэн ядуу амьдралтай өрхийн 16 /суралцаж байгаа бол 19/ хүртэлх насны тахир дутуу хүүхэд болон нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай тахир дутуу хүний дотоодын протез, ортопедийн хэрэгслийн үнийг нэг удаа 100 хувь нөхөн олгоно;
нэн ядуу амьдралтай өрхийн 16 /суралцаж байгаа бол 19/ хүртэлх насны тахир дутуу хүүхдэд зориулалтын тэргэнцрийг нэг удаа үнэ төлбөргүй олгоно;
байнгын асрамжид байдаг /16 хүртэл насны/ тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн, асран хамгаалагч /нэг хүн/-д амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг хүүхдээ асрахад нь зориулж сар бүр олгоно;
10-аас доошгүй жил хөдөлмөр эрхэлсэн бүрэн хараагүй хүнд магнитофоныг нэг удаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, мөн хугацаанд хөдөлмөр эрхэлсэн сонсгол султай хүнд мэргэжлийн эмч нарын магадлагааг үндэслэн сонсголын аппаратыг эхний удаа үнэгүй, 2 дахь удаад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тус тус олгоно;
тусгай сургуульд орон нутгаас ирж суралцдаг хараагүй, хэлгүй, дүлий сурагчийн анх ирэх болон амралтаараа орон нутагтаа буцах, ирэх, сургуулиа төгсөөд буцах унааны зардлыг олгоно;
нийслэл болон аймгийн төвийн суманд байнга оршин суудаг, хөдөлмөрийн насанд хүрсэн бүрэн хараагүй хүний гэрт өөрийн нь зардлаар телефон утас тавина. Хэрвээ уг иргэн тухайн үеийн амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой бол телефон утасны сар бүрийн хөлсний 50 хувийг хөнгөлнө;
нөхөр, эхнэр хоёулаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу, хараагүй буюу өрхийн дотор бүрэн хараагүй, дүлий 2 ба түүнээс дээш хүн амьдардаг бол тухайн өрхийн хөлслөн эзэмшиж байгаа орон сууцны байрны хөлсийг хөнгөлөх болон гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрхөд түлээ, нүүрс олгох үйлчилгээг нийгмийн халамжийн байгууллага гүйцэтгэнэ;
нийт 10-аас доошгүй жил хөдөлмөр эрхэлсэн бүрэн хараагүй, дүлий хүнийг эх орны рашаан сувилалд сувилуулахад жилд нэг удаа /зөвхөн аймгийн төв хүртэлх/ унааны болон зар бичгийн үнийн 50 хувийг хөнгөлнө.
Тахир дутуу хүн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн /таксинаас бусад/ хэрэгслээр үнэ төлбөргүй зорчино.
Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, өрхийн дотор хөдөлмөрийн чадвартай гишүүн байхгүй бол хараагүй хүний төлөх радио цэгийн хураамжийг нийгмийн халамжийн сангаас төлнө.
Хөдөлмөрийн чадвартай гишүүнгүй өрхийн хараагүй, хэлгүй, дүлий хүний 4 хүртэлх насны хүүхдийг нийгмийн халамжийн цэцэрлэг, яслид үнэ төлбөргүй асарч хүмүүжүүлнэ.
Энэ зүйлд заасан тахир дутуу иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний журмыг Засгийн газар тогтооно.
Өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, ганц бие ахмад настан, тахир дутуу хүн гэрээр үйлчлүүлэх хүсэлт гаргавал нийгмийн халамж үйлчилгээний төвөөс тэдэнд гэрээр үйлчилж болно.
Нийгмийн халамжийн гэрийн үйлчилгээг үзүүлэхдээ төрийн бус байгууллага, сайн дурын туслагч, сурагч, оюутныг өөрийнх нь хүсэлтээр гэрээгээр ажиллуулж болно.
Нийгмийн халамжийн гэрийн үйлчилгээний журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний бодлого, арга зүйн асуудлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон асуудлыг нийгмийн халамжийн байгууллага тус тус эрхэлнэ.
Нийгмийн асрамжийн үйлчилгээг улс, орон нутгийн асрамжийн газар, нийгмийн халамжийн үйлчилгээг аймаг, нийслэлийн дүүргийн халамж үйлчилгээний төв, сумын халамжийн ажилтан тус тус үзүүлнэ.
Сум, нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт биеэ даасан асрамжийн газартай бол түүнд тухайн сум, нийслэлийн дүүргийн халамжийн үйлчилгээг нэгтгэн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний төв байгуулан ажиллуулна.
Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний байгууллагын үлгэрчилсэн дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага өөрийн зардлаар ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, тахир дутуу хүнийг халамжлан асрахыг төр дэмжих ба шаардлагатай гэж үзвэл түүнд шаардагдах зардлын тодорхой хэсгийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас гэрээний үндсэн дээр санхүүжүүлж болно.
Иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад энэ хуулийн 27.5-д заасан чиглэлээр ажиллах зөвшөөрөл олгох буюу асруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироосон бол тухайн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг нийгмийн халамжийн төв байгууллага гаргана.
Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох иргэн өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж, сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага /ажилтан/-д өгнө:
нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгох иргэн уг тэтгэврийг тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа;
жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эх жирэмсний болон амаржсаны амралт эхэлсний дараа 4 долоо хоногийн дотор;
хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ уг тэтгэмжийг тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа.
дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа нэг удаагийн тэтгэмж авах эх /эцэг/ 4 дэх хүүхдээ төрүүлснээс хойш 6 сар өнгөрсний дараа 4 долоо хоногийн дотор;
хүүхэд асарсны тэтгэмж авах эх жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлсний дараа хүссэн хугацаандаа;
нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эх хүүхдээ төрүүлснээс хойш 2 сар өнгөрсний дараа 4 долоо хоногийн дотор;
ихэр хүүхдийн тэтгэмж авах эх хүүхдээ төрүүлснээс хойш 3 сар өнгөрсний дараа 4 долоо хоногийн дотор;
бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж авах эх /эцэг/хүүхдээ үрчлэн авснаас хойш 4 долоо хоногийн дотор.
Тэтгэвэр тогтоолгох өргөдлийг сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага /ажилтан/ хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор, тэтгэмж авах өргөдлийг 21 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.
Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
энэ хуулийн 12.1.1, 12.1.8-д заасан насанд хүрсэн тухай болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай болох тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ;
энэ хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.5, 12.1.6-д заасан иргэний тахир дутуу болсныг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
энэ хуулийн 12.1.4, 12.1.7-д заасан хөдөлмөрийн чадваргүй гишүүний төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг эхийн өргөдөл, эмнэлгийн хуудсыг үндэслэн олгоно.
Хүүхэд асарсны тэтгэмж олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
хүүхэд эсэн мэнд өсөж байгаа тухай өрхийн эмч, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
хөдөлмөр эрхэлдэг эхэд хүүхдээ асрахад зориулж аж ахуйн нэгж, байгууллагаас чөлөө олгосон тухай шийдвэр;
суралцаж байгаа тухай их, дээд сургууль, коллежийн тодорхойлолт;
хүүхдийн төрсний гэрчилгээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход энэ хуулийн 16.2-т заасан журмын дагуу баримт бичгийг бүрдүүлнэ.
Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
хүүхэд эсэн мэнд өсөж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт;
нэн ядуу амьдралтай өрх, иргэнд тооцогддог тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
хүүхдийн төрсний гэрчилгээ.
Ихэр хүүхдийн тэтгэмжийг олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
ихэр хүүхдийн төрсний гэрчилгээ;
.ихэр хүүхэд эсэн мэнд өсөж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт;
гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар асрамжлан өсгөөгүй тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмж олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
бүтэн өнчин хүүхдийн төрсний гэрчилгээ;
бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх /эцэг/-ийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг;
бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж байгаа тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
Нийгмийн халамжийн байгууллага нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг хууль ёсны итгэмжлэгдсэн хүнд нь, эсхүл нийгмийн халамжийн байгууллага гэрт нь хүргэж өгч үйлчилнэ.
16-гаас доош насны хүүхдэд тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийг тэдний эцэг эхэд, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
Нийгмийн халамжийн байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тэтгэвэр, тэтгэмж авагчийн хүсэлтээр хадгаламжид шилжүүлэх буюу биет хэлбэрээр олгож болно.
Хүүхэд асарсны, нярай хүүхдийн арчилгааны, ихэр хүүхдийн, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмжийг сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага /ажилтан/ тухайн иргэний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан олгож, зохих тооцоог хийж байна.
Олон хүүхэдтэйн жил тутам олгох тэтгэмжийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор багтаан банкны байгууллагаар дамжуулан олгоно.
Дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа эх /эцэг/-д олгох нэг удаагийн тэтгэмжийг хүүхдээ төрүүлснээс хойш 6 сар өнгөрсний дараа 6 долоо хоногийн дотор багтаан банкны байгууллагаар дамжуулан олгоно.
Энэ хуулийн 30.5-д заасан тэтгэмжийг хөдөлмөр эрхэлдэггүй иргэнд сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагаас олгоно.
Хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг зогсооно.
Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс буюу өөрийн нь буруугаас үндэслэлгүй илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн, эсхүл нийгмийн халамжийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн суутгал хийж болно.
Нийгмийн халамжийн байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.
Нэг удаагийн суутгалын хэмжээ нь сарын тэтгэвэр, тэтгэмжийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.
Амьжиргааны доод түвшингийн хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр нийгмийн халамжийн тэтгэвэр болон хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар өөрчлөн тогтооно.
Нийгмийн халамжийн асуудлыг улсын хэмжээнд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга дараахь чиг үүргийн дагуу эрхлэн хэрэгжүүлнэ:
нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 9-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ;
бүх шатны Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ;
хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн төв байгууллага /Улсын нийгмийн халамжийн газар/, аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний төв, сумын халамжийн байцаагчаас бүрдэнэ.
Нийгмийн халамжийн төв байгууллага нь хэрэгжүүлэгч агентлагийн статустай байна.
Нийгмийн халамжийн төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, орон нутгийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийгмийн халамжийн төв байгууллага томилно.
Нийгмийн халамжийн төв байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
нийгмийн халамжийн санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
нийгмийн халамжийн сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулах;
улсын нийгмийн халамжийн тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
нийгмийн халамжийн үйл ажиллагааг явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
хүнд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлсэн иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах, асран хүмүүжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээг цуцлах;
доод шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, таниулах;
олон улсын болон гадаад улсын нийгмийн халамжийн байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллах.
Нийгмийн халамжийн сангаас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг аймаг, нийслэлийн дүүргийн халамж үйлчилгээний төв, сумын байцаагч гүйцэтгэнэ.
Нийгмийн халамжийн төв байгууллага дараахь эрх эдэлнэ:
нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх санал боловсруулж, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн халамжийн сангийн зарцуулагдаагүй үлдэгдлийг зайлшгүй шаардлагатай тохиолдолд төвлөрүүлэн авч, нэгдсэн журмаар хуваарилан зарцуулах;
нийгмийн халамжийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
нийгмийн халамж үйлчилгээний төвийн албан тушаалтны гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;
нийгмийн халамжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг үнэ төлбөргүй гаргуулан авах;
нийгмийн халамжийн байгууллагын ажилтнуудын ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүнг харгалзан хууль тогтоомжид заасны дагуу шагнаж урамшуулах.
Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага, нийгмийн халамжийн улсын байцаагч хэрэгжүүлнэ.
Нийгмийн халамжийн улсын байцаагчийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн томилно.
Нийгмийн халамжийн хяналтын байгууллага, улсын нийгмийн халамжийн улсын байцаагч дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:
нийгмийн халамжийн холбогдолтой хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголт, асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах;
нийгмийн халамжийн сан болон халамжийн үйл ажиллагаанд олгосон хөрөнгө, зээл, тусламж, хандивын орлогын зарцуулалтад хяналт, шалгалт хийх;
нийгмийн халамж, үйлчилгээний төв, орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг шалгаж, мэргэжлийн зөвлөгөө, удирдамж, чиглэл өгөх, мэдээллээр хангах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн гомдол, мэдээллийг шалгаж дүгнэлт гаргах.
Нийгмийн халамжийн хяналтын байгууллага, улсын байцаагч дараахь эрх эдэлнэ:
нийгмийн халамжийн хөрөнгийн зарцуулалт, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
нийгмийн халамжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, судалгаа болон холбогдох баримт бичгийг тухайн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийг нийгмийн халамжийн талаар зохих мэдлэгтэй болгох арга хэмжээ авах;
нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, халамжийн тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийж, санал боловсруулах;
нийгмийн халамжийн тухай хуулийг зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэнд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх.
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж зөрчсөн болон хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамрагдсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах, нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүй, хуурамч хийж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах, халамж, асрамжийн үйлчилгээнд хамрагдах бололцоог олгосон тухайн шатны Засаг даргыг нийгмийн халамжийн хяналтын байгууллага, улсын нийгмийн халамжийн байцаагч 10000-50000 төгрөгөөр торгоно.
Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, эрх мэдлээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн халамжийн ажилтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.