Монгол Улсын хууль
Дайчилгааны Тухай
Хүчин төгөлдөрДайчилгааны Тухай
1998-05-15, Улаанбаатар98-H-20
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дайчилгааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль
Монгол Улсын батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 36 дугаарт нийтлэгдсэн.
, Зэвсэгт хүчний тухай хуульЗэвсэгт хүчний тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 36 дугаарт нийтлэгдсэн.
, Дайны байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Дайчилгааны тухай хуулийн заалт Үндсэн хуулиас бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн тохиолдолд энэ хуулийг дагаж мөрдөнө.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Энэ хуульд дурдсан нэр томъёог дараахь утгаар ойлгоно:
"Бүх нийтийн дайчилгаа" гэж Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхийг;
"Хэсэгчилсэн дайчилгаа" гэж нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайчилгаа явуулах буюу хязгаарлагдмал зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөний зөвхөн зарим арга хэмжээг хэрэгжүүлэхийг;
"Дайчилгааны сургалт" гэж төрийн удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийг:
“Дайчилгаатай сургууль” гэж оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтэн, техник хэрэгслийг цэргийн хээрийн сургуульд татан оролцуулахыг;
“Дайчилгааны даалгавар” гэж улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор энэ хуулийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хүлээлгэсэн үүргийг;
“Дайчилгааны нөөц” гэж дайчилгаа зарласан тохиолдолд дайчлан татахаар төлөвлөсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник, эд хөрөнгийг;
"Дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүн" гэж зэвсэгт хүчний нэгтгэл,ангийг дайчилгааны даалгаврын дагуу нөхөн хангасны дараа үлдэх цэргийн бэлтгэл үүрэгтэн иргэдийг;
"Эд хөрөнгө" гэж зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хүнс, хувцас, шатахуун, тосолгооны материал, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, ороох боох материал, техникийн сэлбэг, бусад эд хогшлыг;
"Баталгаат албан тушаал" гэж улс орны удирдлага, эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын тогтвортой ажиллагааг хангахын тулд цэргийн дайчилгаанаас чөлөөлж байхаар Засгийн газраас тогтоосон албан тушаалыг;
"Цугларах байр" гэж дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулахаар сонгож авсан байр, байршил, газрыг;
"Шилжүүлэх байр" гэж техник, хэрэгслийг дайчлан татах ажлыг зохион байгуулахаар сонгож авсан байр, байршил, газрыг;
"Улсын захиалга-даалгавар" гэж батлан хамгаалах хэрэгцээг хангахын тулд Засгийн газраас байгууллага, аж ахуйн нэгжид тогтоож өгөх заавал биелүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөөг;
“Дайчилгааны төлөвлөгөө” гэж дайчилгааны бэлэн байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээг цаг хугацаа, байр, үүрэг, хариуцах эзэн, арга хэлбэр, багтаамжаар нь уялдуулан зохицуулж боловсруулсан баримт бичгийн цогцыг;
“Дайчилгаа” гэж улс орны эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулахын тулд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээг;
“Дайчилгааны бэлтгэл” гэж улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах бэлэн байдлыг хангах арга хэмжээг тайван цагт хэрэгжүүлэхийг.
Улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах замаар улсын дайчилгааг явуулна.
Дайчилгаа нь бүх нийтийн болон хэсэгчилсэн байна.
Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор цэргийн дайчилгаа явуулах бөгөөд энэ нь улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байна.
Улсын дайчилгааны бэлтгэлийг хангах дараах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дайчилгаа явуулах нөхцөлийг тодорхойлох;
улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах;
төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчилгааны даалгаврыг тогтоох, дайчилгааны төлөвлөгөө боловсруулах;
улсын дайчилгааны нөөцийг бүрдүүлэх;
дайчилгааны сургалт, дайчилгаатай сургууль зохион байгуулж явуулах;
баталгаат албан тушаалын жагсаалт гаргах;
зэвсэгт хүчнийг байлдааны цагийн орон тоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах;
дайчилгааны бэлтгэлийг үнэлж, дүгнэх.
Улсын дайчилгаа явуулахад дараах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
дайчилгаа явуулах шийдвэр гаргах;
дайчилгааны зарлан мэдээллийг явуулах;
зэвсэгт хүчнийг байлдааны цагийн орон тоогоор өргөтгөн зохион байгуулах;
төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг дайчилгаа зохион байгуулах горимд шилжүүлэх;
улсын санхүүгийн нөөцийг дахин хуваарилах;
зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд шилжүүлэх, түүний ажиллагааг дэмжих дайчилгааны даалгавартай нэгжийг байгуулах;
тээврийн байгууллагын үйл ажиллагааг дайчилгааны горимд шилжүүлэх;
хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах;
хүн амыг амьжиргааны зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнээр хуваарилан хангахад бэлтгэх;
дайчилгааны даалгаврын дагуу хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг шаардлагатай нөхцөлд нүүлгэн шилжүүлэх.
Дайчилгаа дараахь зарчимд тулгуурлана:
төвлөрүүлэн удирдах;
урьдчилан төлөвлөгдсөн байх;
цаг үеэ олсон байх;
байнга зохицуулагдаж байх.
Дайчилгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлана.
Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт дараахь асуудлыг тусгана:
дайчилгаа зарлахад хүргэсэн цэрэг-улс төрийн нөхцөл, байдал;
дайчилгаа явуулах нутаг дэвсгэр;
дайчлах хүний тоо, насны хязгаар, цэргийн мэргэжлийн ангилал;
дайчлах эд хөрөнгийн төрөл, тоо хэмжээ;
дайчилгаа эхлэх хугацаа /он, сар, өдөр, цаг/, явуулах дараалал;
дайчилгаа зохион байгуулж явуулах журам;
хуульд нийцсэн шаардлагатай бусад заалт.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайчилгаа зарласан зарлигийг хүчин төгөлдөр болсон даруй хэрэгжүүлж эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайчилгаа зарласан зарлиг гарснаас хойш Улсын Их Хурал түүнийг нэн даруй чуулганаараа хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно.
Дайчилгаа зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал хүчингүй болгосон тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага болон бүх шатны Засаг дарга нар дайчилгааг нэн даруй зогсоох арга хэмжээ авч, гүйцэтгэлд нь хяналт тавина.
Дайчилгааны зарлан мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штаб зохион байгуулна.
Дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог тайван цагт бүрдүүлж, байнгын бэлэн байдалд байлгана.
Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журмыг Засгийн газар тогтооно.
Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дайчилгааны даалгавартай байна.
Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг Засгийн газар, сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэний дайчилгааны даалгаврыг сум, дүүргийн Засаг дарга тогтооно.
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг байлдааны цагийн орон тооны дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах даалгаврыг Зэвсэгт хүчний Жанжин штаб тогтооно.
Монгол Улс улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөтэй байна.
Дайчилгааны даалгавар бүхий төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүрэг болон дайчилгааны даалгавар бүхий байгууллага, аж ахуйн нэгж тус бүр дайчилгааны төлөвлөгөөтэй байна.
улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг Засгийн газар; сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус батална.
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална.
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нь цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанд тэнцэх насны иргэдээс бүрдэнэ.
Нисэх онгоц, нисдэг тэрэг, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, автомашин, мотоцикл, өөрөө явагч машин механизм болон Зэвсэгт хүчний хэрэгцээнд шилжүүлэхээр дайчилгааны төлөвлөгөөнд тусгагдсан эд хөрөнгийг өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр дайчилгааны нөөцөд бүртгэнэ.
Монгол Улсын Их Хурал тайван цагт дайчилгааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Монгол Улсын зэвсэгт хүчний дайчилгааны бэлэн байдал, нөөцийн бүрдүүлэлтийн дүнгийн талаар Засгийн газрын илтгэлийг жил тутам сонсож дүгнэлт гаргах;
дайчилгааны бэлтгэлийг хангах, нөөцийг бүрдүүлэх хөрөнгийг улсын төсөвт тусган баталж, зарцуулалтад хяналт тавих.
Монгол Улсын Их Хурал дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
дайчилгаа зарлах буюу дайчилгаа зарласан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй авч хэлэлцэн батлах буюу хүчингүй болгох шийдвэр гаргах;
Монгол Улсын хууль тогтоомжид дайчилгаа зарласан нөхцөл байдалтай зохицуулан нэмэлт, өөрчлөлт оруулах;
дайчилгааны явцад хяналт тавих.
Монгол Улсын Их Хурал хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч тайван цагт дайчилгааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Зэвсэгт хүчний Жанжин штабын дайчилгааны төлөвлөгөөг батлах;
зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавих, энэ талаар Засгийн газарт чиглэл өгөх;
төрийн байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний бүртгэл, давтан бэлтгэл, сургалтын байдалд хяналт тавих.
Монгол Улсын Ерөнхийлөгч дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
бүх нийтийн буюу хэсэгчилсэн дайчилгаа зарлах тухай шийдвэр гаргах; Монгол Улсын Ерөнхийлөгч дайчилгаа зарласан тухай зарлигаа Улсын Их Хурлын даргад нэн даруй өргөн мэдүүлнэ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, холбогдох бусад албан тушаалтны илтгэлийг сонсож, чиглэл, үүрэг даалгавар өгөх;
цэргийн албанд татах бэлтгэл офицер, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний насны дээд, доод хязгаарыг шинэчлэн тогтоох, байлдагч түрүүчийн цэргийн алба хаах хугацааг сунгах тухай шийдвэр гаргах.
Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газар тайван цагт дайчилгааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг хянан батлах;
төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг тогтоох;
төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, холбогдох албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсох;
дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам, тэдгээрийн хэмжээ, байршлыг тогтоох;
дайчилгаа зарласан үед үүрэг зориулалтыг нь өөрчлөн цэргийн зориулалтаар ашиглах байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг батлах;
үйлдвэр, аж ахуйн нэгжид ногдуулах улсын захиалга-даалгаврыг тогтоох;
баталгаат албан тушаалын жагсаалт батлах;
хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журмыг тогтоох.
энэ хуулийн 4.4-т заасан улсын дайчилгааны бэлтгэлийг хангах үндсэн арга хэмжээг зохион байгуулах.
Монгол Улсын Засгийн газар дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
дайчилгаа зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад хэрэгжүүлж байгаа дайчилгааны арга хэмжээ нь хууль тогтоомж, дайчилгааны төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
улсын төсөвт зохицуулалт хийж, дайчилгааны арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
гадаад, дотоод худалдаанд онцгой байдал тогтоож, материаллаг хэрэглэлийн хуваарилалтын нормчлолыг батлах;
улсын нөөцийг захиран зарцуулах, цэргийн дайчилгааны нөөцийг захиран зарцуулах эрхийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгох.
Монгол Улсын Засгийн газар хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тайван цагт дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах журам тогтоож, удирдамж гаргах;
аймаг, сум, нийслэл, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны бэлэн байдлыг шалгах, холбогдох мэдээ, судалгааг гаргуулан авах;
дайчилгааны бэлтгэлийг хангах төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
дайчилгаа зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт тавих;
цэргийн дайчилгааны нөөцийг захиран зарцуулах;
дайчилгааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газарт мэдээлэх;
дайчилгааны явцад бий болсон урьдчилан төлөвлөгдөөгүй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлүүлэх, биелэлтэд хяналт тавих.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Цэргийн дайчилгаа зарласан үеэс эхлэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн орлогчийн албан тушаалд орж, түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайван цагт дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө болон төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврын төслийг боловсруулж Засгийн газарт оруулах;
дайчилгааны арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
Монгол Улсын дайчилгааны нөөцийн талаархи нэгдсэн тооцоог хөтлөх;
зэвсэгт хүчнийг зэвсэг, цэргийн техник, бусад материал, хэрэгслээр хангах, нөхөн хангах санал төлөвлөж Засгийн газарт оруулах;
төрийн захиргааны төв байгууллагын дайчилгааны төлөвлөгөөний төслийг хянаж, дүгнэлт гаргах;
төрийн удирдах албан тушаалтны дайчилгааны сургалтыг зохион байгуулах;
энэ хууль, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрийн гүйцэтгэлийг зохион байгуулах.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгаа зарласан үед дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
дайчилгаа зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
дайчилгааны явцыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, байгууллага, аж ахуйн нэгжид шалгаж туслах;
дайчилгааны явцын талаархи нэгдсэн мэдээ гаргаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газарт илтгэх.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Төрийн захиргааны бусад төв байгууллага тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:
дайчилгааны даалгаврыг үндэслэн өөрийн үндсэн үүргийн хүрээн дэх дайчилгааны төлөвлөгөөний төслийг боловсруулан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тусган Засгийн газарт оруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
харъяа байгууллага,салбарын дайчилгааны даалгаврыг тогтоох, тэдний дайчилгааны төлөвлөгөөг батлах, биелэлтэд хяналт тавих;
дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;
үндсэн чиг үүргийнхээ дагуу дайчилгааны бэлтгэл сургалтыг зохион байгуулж явуулах;
харъяа байгууллага, салбарын дайчилгааны бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
цэргийн дайчилгааны бэлэн байдлын мэдээг жил тутам гаргаж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;
аймаг,нийслэлийн дайчилгааны бэлтгэлийг хангахад шаардагдах төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих.
энэ хуулийн 4.4-т заасан улсын дайчилгааны бэлтгэлийг хангах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх.
Төрийн захиргааны бусад төв байгууллага дайчилгаа зарласан үед дараахь үүргийг хүлээнэ:
дайчилгааны төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны нөөцийг дайчлан татаж зэвсэгт хүчинд шилжүүлэх;
харъяа байгууллага, салбарын үйл ажиллагааг дайчилгаа зарласан нөхцөл байдалд шилжүүлэх;
дайчилгааны нөөцийг нөхөн бүрдүүлж, түүний бэлэн байдлыг хангах.
энэ хуулийн 4.5-д заасан улсын дайчилгаа явуулах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх.
Төрийн захиргааны бусад төв байгууллагууд хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь үүрэг хүлээнэ:
аймаг, сум, нийслэл, дүүргийн дайчилгааны даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар Засаг даргын мэдээлэл сонсож, чиглэл өгөх;
дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг хуваарилж, зарцуулалтад хяналт тавих.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бусад үүргийг хүлээнэ.
Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:
дайчилгааны даалгаврыг үндэслэн аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг Засгийн газраар; зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг бие бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах дайчилгааны төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар тус тус батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
сум, дүүргийн дайчилгааны даалгаврыг тогтоож, тэдний дайчилгааны төлөвлөгөөг батлах;
дайчилгааны бэлтгэлийг хангах төсвийн төслийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;
дайчилгааны даалгавраар тогтоогдсон материал, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;
нутаг дэвсгэртээ дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журмыг тогтоож бэлэн байдлыг хангах;
дайчилгаа зарласан үед дайчилгааны даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэх;
дайчилгааны арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
цугларах, шилжүүлэх байрыг тогтоох.
нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны даалгаврын биелэлтэд хяналт тавих.
Аймаг, нийслэлийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.
Сум, дүүрэг /баг, хороо/-ийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:
нутаг дэвсгэртээ дайчилгааны зарлан мэдээлэлт явуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангах;
сум, дүүрэг /баг, хороо/-ийн дайчилгааны төлөвлөгөөний төслийг боловсруулан аймаг, нийслэлийн Засаг даргаар батлуулан мөрдөн ажиллах;
нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчилгааны даалгаврын биелэлтэд хяналт тавих;”
дайчилгаа зарласан үед дайчилгааны даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэх.
Сум, дүүрэг /баг, хороо/-ийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ.
Байгууллага, аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ:
дайчилгааны даалгаврыг биелүүлэх;
дайчилгааны эд хөрөнгийн нөөцийг тогтоосон хугацаанд нийлүүлэх, бэлэн байдлыг хангах;
улсын захиалга-даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлэх.
дайчилгааны даалгаврыг үндэслэн дайчилгааны төлөвлөгөө боловсруулах.
Байгууллага, аж ахуйн нэгж хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.
Монгол Улсын иргэн дараахь үүрэг хүлээнэ:
дайчлан татах үед тогтоосон хугацаанд, заасан газарт ирэх;
хуульд заасны дагуу дайчилгааны сургалт, дайчилгаатай сургуульд оролцох;
дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийг нийлүүлэх.
Монгол Улсын иргэнд дайчилгааны бусад үүргийг хуулиар хүлээлгэж болно.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж зэвсэглэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайчилгаа явуулна.
Дайчилгаатай сургуульд оролцуулахын тулд түр хугацаагаар дайчилгааны нөөцийн зарим хэсгийг ашиглуулж болно.
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно.
Дайчилгаагаар эхний ээлжинд дайчлагдах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоо, тэдгээрт цэрэгт бүртгэгдсэн мэргэжлийн дугаарыг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тогтооно.
Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь дайчилгаа зарламагц зарлан дуудах мэдэгдэлд заасан хугацаанд цугларах байранд ирэх үүрэгтэй.
Цэргийн бэлтгэл үүрэгтэн тогтоосон хугацаанд цугларах байранд ирээгүй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар түүнийг дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүнээс нөхөн солино. Тогтоосон хугацаанд цугларах байранд ирээгүй цэргийн бэлтгэл үүрэгтэнд энэ хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэнэ.
Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч дайчилгаа зарласан үед дайчлагдан татагдах цэргийн бэлтгэл үүрэгтэнг ажил сургуулиас чөлөөлөх, албан томилолт, амралттай явсан бол яаралтай дуудаж тогтоосон хугацаанд нь цугларах байранд ирүүлэх үүрэгтэй.
Цэргийн бэлтгэл үүрэгтэнг дайчлан алба хаах цэргийн анги болон үүрэг гүйцэтгэх газарт нь хүргэхэд шаардагдах тээвэр, хүнс, байрны зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага хариуцна.
Гадаадад оршин суугаа цэргийн бэлтгэл үүрэгтэнг дайчлах ажлыг батлан хамгаалах болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран гүйцэтгэнэ.
Төрийн болон төрийн өмч давамгайлсан агаарын тээврийн байгууллагыг цэргийн зохион байгуулалтад оруулж, зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд шилжүүлнэ.
Хувийн өмчийн агаарын тээврийн байгууллагын нисэх хэрэгсэл, аэродром, техникийн хангалтын тоног төхөөрөмжийг төрөөс нөхөх олговортойгоор дайчилна.
Төмөр зам, усан замын тээврийн байгууллагыг цэрэгжүүлсэн зохион байгуулалтад оруулж, хөдлөх бүрэлдэхүүн, зам ашиглалтын төвлөрсөн удирдлагыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.
Төрийн өмчийн авто тээврийн хэрэгсэл, механизмыг зэвсэгт хүчний байлдааны цагийн орон тооны нөхөн хангалтад дайчлан шилжүүлнэ.
Хувийн өмчийн автомашин, мотоцикл, өөрөө явагч машин, механизм зэрэг тээврийн хэрэгслийг нөхөн олговортойгоор зэвсэгт хүчний нөхөн хангалтад шилжүүлнэ.
Хувийн өмчийн агт морь, бусад ажлын мал, ердийн хөсгийн тоног хэрэглэлийг дайчилгааны даалгаврын дагуу нөхөх олговортойгоор дайчилна. Жишиг үнийг тухайн үеийн ханшийг харгалзаж Засгийн газар тогтооно.
Дайчлагдсан тээврийн хэрэгслийг цэргийн анги, ашиглах газарт нь хүргэхэд шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага хариуцна.
Зэвсэгт хүчний хэрэгцээт эд хөрөнгийг дайчилгааны даалгаврын дагуу төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд оногдуулан дайчилна.
Төрийн өмч давамгайлсан байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх дайчилгаа зарласан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гармагц төр, түүний эрх бүхий байгууллагад төвлөрнө.
Төрийн бус байгууллага, хувийн өмчийн эд хөрөнгийг нөхөх олговортойгоор дайчилна.
Эд хөрөнгийг дайчлах, цэргийн ангид тээвэрлэж хүргэхэд шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага хариуцна.
Дайчилгаа зарламагц төрийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглах, захиран зарцуулах эрхийг төр, түүний эрх бүхий байгууллагын мэдэлд төвлөрүүлнэ.
Хувийн өмчийн газар, барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зэвсэгт хүчний зайлшгүй хэрэгцээнд дараахь журмаар дайчилна:
нөхөн олговортойгоор зэвсэгт хүчний хэрэгцээнд бүрмөсөн шилжүүлэх;
өмчлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр ашиглалтын хөлсийг төлж ашиглах.
Хувийн өмчийн аж ахуйн нэгжийн зориулалтыг өөрчилж болно.
Улсын захиалга-даалгавар хүлээсэн хувийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгж түүнийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Хувийн өмчид байгаа бүх төрлийн галт зэвсэг, галт хэрэглэлийг цэргийн дайчилгааны даалгаврын дагуу аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага дайчилна.
Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл нь дараахь тогтолцооноос бүрдэнэ:
яамны төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалт 4 жилд нэг удаа 7 хоног;
сум, дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалт 2 жилд нэг удаа 3 хоног;
баг, хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт жилд нэг удаа 3 хоног:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр улс төрийн албан тушаалтнуудыг цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамааруулна.
Тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн захирал, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах ажилтан нарын цэргийн бэлтгэл сургалтын хугацаа, үечлэл, оролцуулах бүрэлдэхүүнийг Засгийн газар тогтооно.
Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11.5, 11.6-д заасан сургалтыг энэ хуулийн 28.1.1-д заасан сургалттай хамтатган зохион байгуулж болно.
Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтын зардлыг улсын төсвөөс, энэ хуулийн 28.3-т зааснаас бусад цэргийн бэлтгэл сургалтын зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.
Дайчилгаатай сургууль явуулах журам, хугацаа, түүнд оролцуулах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоог Засгийн газар тогтооно.
Дайчилгаатай сургууль явуулах зардлыг батлан хамгаалах арга хэмжээний төсвөөс санхүүжүүлнэ.
Дайчилгаатай сургуульд оролцуулах цэргийн бэлтгэл үүрэгтний тоог Зэвсэгт хүчний Жанжин штаб цэрэгт бүртгэгдсэн мэргэжлийн дугаараар нь гаргаж уг цугларалт, сургууль явуулахаас нэг жилийн өмнө аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.
Дайчилгаатай сургуульд оролцох иргэнд аймаг, нийслэлийн Засаг дарга сургууль эхлэхээс нэг сарын өмнө зарлан дуудах мэдэгдэл гардуулна.
Дайчилгааны бэлэн байдлыг шалгах зорилгоор цэргийн нэгтгэл, ангийн байлдааны цагийн орон тоонд оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтнийг зарлан дуудах мэдэгдэл урьдчилан гардуулахгүйгээр дайчилгааны дохиогоор цуглуулан сургуульд оролцуулж болно.
Цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчилгаатай сургууль оролцох хугацаанд түүний эрхэлж байсан ажлын байрыг үндсэн байгууллага нь хэвээр хадгалж, сүүлийн 3 сарын дунджаар тооцон цалин хөлсийг олгоно. Цэргийн бэлтгэл үүрэгтэн тэтгэвэр авдаг бол түүнийг хэвээр олгоно. Бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд цалин олгох хэмжээ, журмыг Засгийн газар тогтооно.
Дайчилгаатай сургуульд оролцогчийг байлдагч, түрүүчийн хүнс, хувцасны хээрийн нормоор хангаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ.
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны сургалт, сургуульд оролцсон тухай цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийнэ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөвлөгөөгөөр нисэх онгоц, нисдэг тэрэг, тээврийн болон тусгай зориулалтын авто техник, мотоцикл, өөрөө явагч механизм, бусад техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд оролцуулж болно.
Нисэх онгоц, нисдэг тэрэг, тээврийн болон тусгай зориулалтын авто техник, мотоцикл, өөрөө явагч механизм, бусад техник хэрэгслийг хариуцсан хүнд нь эзэмшүүлэн дайчилна.
Хэрэв хариуцсан эзэмшигч нь өндөр настай буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаантай бол эзэмшигч өмчлөгчтэй нь зөвшөөрөлцсөний үндсэн дээр бусдад эзэмшүүлэн дайчилгаатай сургуульд оролцуулж болно.
Дайчилгаатай сургуульд татан оролцуулж байгаа нисэх онгоц, нисдэг тэрэг, тээврийн болон тусгай зориулалтын автотехник, мотоцикл, өөрөө явагч механизм, бусад техник хэрэгслийг сургуульд оролцох хугацаанд шатахуун, тосолгооны материалаар хангах, тэдгээрийн ашиглалтын зардлыг тогтоосон журмаар төлөх асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцна.
Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд оролцуулсаны хөлсийг төлөх журмыг Засгийн газар тогтооно.
Дайчлан татсан техник хэрэгсэл сургуулийн явцад гэмтэж, эвдэрсэн нь эзэмшигчийн буруу биш бол хохирлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб төлнө.
Сургалт, дайчилгаатай сургуулийн үед дайчлан татсан техник хэрэгслийг цэргийн анги, үүрэг гүйцэтгэх газарт хүргэх зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, буцаах зардлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцна.
Дайчилгааны даалгавартай байгууллага, аж ахуйн нэгжийн бэлэн байдлыг шалгах, дайчилгааны даалгавар хэрэгжүүлэх дадлагыг эзэмшүүлэх зорилгоор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөвлөгөөгөөр дайчилгааны сургууль явуулна.
Байгууллага, аж ахуйн нэгжтэй явуулах дайчилгаатай сургуулийн зардлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
Дайчилгааны зорилго, цар хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр нь төрийн нууцад хамаарна.
Дайчилгааны нууцын зэрэглэлийг хууль тогтоомжоор тогтооно.
Зарлан мэдээлэхээс бусад дайчилгаатай холбогдсон мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах, сурталчлахыг хориглоно.
Дайчилгааны арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
Дайчилгааны арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүгийн нөөцийг төр, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нөхөх олговортойгоор дайчилж болно.
Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журмыг Засгийн газар тогтооно.
Энэ хуулийн 6.5-д заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.