Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1998 › Хэвлэл Мэдээллийн Эрх Чөлөөний Тухай

Монгол Улсын хууль

Хэвлэл Мэдээллийн Эрх Чөлөөний Тухай

Хүчин төгөлдөр

Хэвлэл Мэдээллийн Эрх Чөлөөний Тухай

1998-08-28, Улаанбаатар98-H-23

1 дугаар зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.

2 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

3 дугаар зүйл.Мэдээлэлд хяналт тавихыг хориглох
3.1.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.

3.2.

Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

4 дугаар зүйл.Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох

Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.